Түүхэн дэх хамгийн том мөнгө угаах хэргүүдийн нэгийг мөрдөн шалгах үеэр Сингапурын эрх баригчид хэдэн тэрбум ам.долларын үнэ бүхий хөрөнгө хураасан юм. Одоо тэдэнд нэг том асуудал тулгарчээ.

Хураасан автомашин, үл хөдлөх хөрөнгө болон олон мянган тансаг хэрэглээний барааг яах вэ? гэдэг асуулт!!!
Сингапурын цагдаагийн байгууллага 400 гаруй алба хаагчийг оролцуулан гэмт хэргийн сүлжээний эсрэг нэгэн зэрэг ажиллагаа явуулснаас хойш гурван жил өнгөрчээ. Тус сүлжээ нь залилан болон хууль бус мөрийтэй тоглоомоос ашиг олдог байсан аж.
Гэмт хэрэгтнүүдийн баривчлах үеэр хураагдсан эд хөрөнгийн нэг хэсгийн хувь заяа Сингапурын чинээлэг дүүрэгт, нисэх онгоцны буудлын ойролцоох нууцлаг, өндөр хамгаалалттай агуулахад шийдэгдэж байна.
Цонхгүй, бетон ханатай тэнхимл цуглуулагчид хураагдсан хэдэн зуун эд зүйлсийг үзэж сонирхох боломжтой болжээ.

Тэнд Cartier-ийн бөгж, Bulgari-гийн зүүлт, Hermès-ийн “Kelly” загварын цүнхнүүдийг мөн Chanel, Louis Vuitton зэрэг брэндийн эгнүүлэн байрлуулсан цүнх, аксессуаруудын хамт дэлгэн тавьжээ.
Эдгээр бараа бүтээгдэхүүн маш их хэмжээгээр хураагдсан тул зах зээлийг нэг дор хэт их бараагаар дүүргэхгүйн тулд дуудлага худалдааг 15 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Дуудлага худалдааг ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна.
Сингапурын Freeport дахь өндөр хамгаалалттай агуулахад энэ сард болох дуудлага худалдаанд оруулах цүнх, үнэт эдлэлүүдийг худалдан авагчдад үзүүлж эхэлжээ.
Энд байгаа тансаг цүнхний хэмжээ, үнэт эдлэлийн асар их тоо, тэр дундаа бүгд дээд зэрэглэлийн тансаг чанартай, дэлхийн шилдэг үнэт эдлэл бүтээгч орднуудын бүтээгдэхүүн байгаа нь бидний өдөр бүр хардаг зүйл огт биш.
гэж тухайн бараануудыг худалдах үүрэг хүлээсэн Hotlotz дуудлага худалдааны компанийн хамтран үүсгэн байгуулагч Кристофер Ланиган-О’Кифф хэлжээ.

Тэрээр CNN-ийн сурвалжлагчдад Сингапурын өндөр хамгаалалттай Freeport дахь үзүүлэнгийн өрөөг танилцуулахдаа:
Ийм хэмжээний бараанаас нэг дор нэг, хоёр ширхэгийг харах нь азтай хэрэг. Харин бүгдийг нь нэг дор харах нь үнэхээр ховор тохиолдол.
хэмээн ярьсан байна.
Хоёр жилийн турш мөрдөн шалгасны эцэст явуулсан улс даяарх цагдаагийн ажиллагааны үеэр 3 тэрбум гаруй сингапур долларын (2.4 тэрбум ам.доллар) хөрөнгө хураасан байна.
Үүнд бэлэн мөнгө, криптовалют, алтан гулдмайгаас гадна үл хөдлөх хөрөнгө, спорт автомашин, дарс, архи, цахилгаан бараа, тэр ч байтугай хэдэн зуун Bearbrick — зургаан оронтой үнэд хүрч борлогддог Японы цуглуулгын бяцхан баавгайн тоглоомууд ч багтжээ.

Уг хэрэгт БНХАУ-ын 10 иргэн мөнгө угаасан, хуурамч баримт бичиг үйлдсэн зэрэг хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн байна. Тэдний зарим нь Камбож, Турк зэрэг гадаад улсын паспорт эзэмшдэг байжээ.
Гэмт этгээдүүд Сингапурт бизнес эрхэлж, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байсан бөгөөд прокуроруудын мэдээлснээр гадаад улсад үйлдсэн гэмт хэргээс олсон мөнгөө Сингапураар дамжуулан эргэлдүүлж байсан аж.
Тэдэнд 13-17 сарын хорих ял оноосон ба бүгд ялаа эдэлж дуусаад суллагдан, Сингапураас албадан гаргагдсан байна.
Мөн мөрдөн шалгалтын хүрээнд хураасан зарим тансаг эд зүйлс нь одоо хүртэл гадаадад оргон зайлсан 17 сэжигтэнтэй холбоотой байгаа. Тэдний 15 нь Интерполын эрэн сурвалжлах мэдэгдлийг цуцалбал хариуд нь өөрсдийн хөрөнгийг Сингапурын талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.
Дуудлага худалдаанд орох зарим эд зүйл дээр тэдгээрийн хууль бус гарал үүслийг илтгэх ул мөр ч бий. Тухайлбал, 18 каратын алтан бөгж дээр “SHJ” гэсэн үсэг сийлсэн байдаг. Энэ нь хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн нэг болох Сү Хайжиний нэрийн эхний үсгүүдтэй таарч байна.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Гэхдээ ихэнх эд зүйлс маш сайн, зарим нь бүр цоо шинэ мэт нөхцөлд байгаа бөгөөд ердийн дахин борлуулалтын зах зээл дээрх ижил төрлийн бараанаас ялгагдахааргүй аж.
Hotlotz эдгээр барааг зах зээлийн жишигт нийцүүлэн үнэлсэн байна.
Дуудлага худалдааны эхний хоёр худалдаа энэ сарын сүүл хүртэл цахимаар явагдах бөгөөд нийтдээ 3.9 сая сингапур доллар буюу 3.1 сая ам.доллар хүртэл орлого олох төлөвтэй байна. Борлуулалтаас олсон мөнгө шууд Сингапурын улсын төсөвт төвлөрнө.
Гэхдээ эдгээр эд зүйл гэмт хэргийн гаралтай байсан нь эцсийн үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж Ланиган-О’Кифф үзэж байна.
Тэрээр
Худалдан авагч, цуглуулагч бүр энэ талаар өөр өөрийн байр суурьтай байна. Зарим хүнд энэ нь чухал байж болох ч зарим хүмүүсийн хувьд эдгээрийн зарим нь олдоц багатай, ховор бараа учраас гарал үүсэл нь тийм ч чухал биш байж болно.
гэж хэлжээ.
Эдгээр эд хөрөнгийг худалдах ажил жил гаруйн өмнөөс бэлтгэлээ хангажээ. 2025 оны долдугаар сард Сингапурын эрх баригчид хураасан бэлэн мөнгөнөөс бусад хөрөнгийг худалдаж, мөнгөжүүлэх ажлыг Deloitte компанид даалгажээ.
Үүний дараа тус компани SRI, Knight Frank, Edmund Tie & Company, List International Realty гэсэн дөрвөн үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтран 80 гаруй үл хөдлөх хөрөнгийг дуудлагаар худалдах буюу борлуулах ажлыг эхлүүлсэн байна.
Тэдгээрийн дунд алдарт архитектор Норман Фостерын зураг төслөөр баригдсан South Beach цогцолбор дахь дөрвөн унтлагын өрөөтэй пентхаус ч бий. Тус байр энэ сарын сүүлээр 25.3 сая сингапур доллар буюу 20 сая ам.доллар гарангийн үнээр зарагдах төлөвтэй байна.
Харин тансаг хэрэглээний бараанаас аль болох их хэмжээний орлого олох үүргийг Hotlotz компанид өгчээ. Дуудлага худалдааны компани сүүлийн дөрвөн сарын турш эдгээр барааг нэг бүрчлэн жинхэнэ эсэхийг шалгаж, үнэ цэнийг нь тогтоосон байна.
Ланиган-О’Киффийн хэлснээр эдгээр бараа нь Нью-Йорк, Лондон, Парис, Хонконгийн хамгийн нэр хүндтэй дуудлага худалдаануудын аль нэгэнд тавихад тохирохуйц чанартай аж.
Ийм өндөр зэрэглэлийн барааг нэг цуврал дуудлага худалдаагаар санал болгох боломж бүрдсэн нь үнэхээр урьд өмнө байгаагүй.
гэж тэр хэлжээ.
Хамгийн өндөр үнэлгээтэй бараа нь 15 каратын шар алмазан бөгж бөгөөд Hotlotz тус бөгжийг 300,000 сингапур доллар буюу 237,000 ам.доллар хүртэл үнэд хүрнэ гэж тооцоолж байна.
Мөн Hermès болон Их Британийн үнэт эдлэлийн Graff брэндийн бөгжнүүд зургаан оронтой буюу 100,000-аас дээш дүнгээр үнэлэгдэх төлөвтэй байна.
Харин Louis Vuitton болон талийгаач Японы алдарт уран бүтээлч Яёи Кусама нарын хамтарсан цуглуулгад багтдаг хулуу хэлбэрийн гар цүнхний үнэ аль хэдийн анхны үнэлгээнээсээ давжээ.

Мэдээ нийтлэгдэх үед уг цүнхний хамгийн өндөр санал 39'000 сингапур доллар буюу 31'000 ам.доллар хүрсэн байв.
Мөн алмазаар чимэглэсэн бүс, үсний хавчаар, хүүхдийн үнэт эдлэл зэрэг олон төрлийн бараа дуудлага худалдаанд орох аж.
Тэдгээрийн дотор хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн эзэмшиж байсан цэвэр алтаар хийсэн хүүхдийн шагайвч, бөгж, бугуйвч хүртэл бий. Харин цаашдын дуудлага худалдаануудаар тансаг зэрэглэлийн бугуйн цагнууд, мөн маш олон тооны Hermès цүнх худалдаанд гарах юм.
Hotlotz-ийн мэдээлснээр Hermès брэндийн 250 орчим цүнх байгаа бөгөөд эдгээрийг хоёр тусдаа дуудлага худалдаагаар борлуулах аж. Эхний дуудлага худалдааг арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
Hotlotz дуудлага худалдааг цахимаар явуулснаар зөвхөн Сингапураас бус дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагч татахыг зорьж байна. Үнийн санал 120 сингапур доллар буюу 95 ам.доллароос эхлэх бөгөөд жишээлбэл Miu Miu-ийн бөгж, Gucci-ийн үсний хавчаар зэрэг барааг энгийн худалдан авагчид ч авах боломжтой.
“Хамгийн үнэтэй зүйлс үргэлж хамгийн сонирхолтой байдаггүй”
гэж Ланиган-О’Кифф хэлжээ.









