



















АНУ-д тодорхой хоол хүнсийг хориглох шалтгаан нь амьтны эрх, эрүүл мэндийн асуудал, нийгмийн хэм хэмжээ гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тус улсад хориотой хүсний жагсаалтад та хэзээ ч олж авч чадахгүй, хатуу зохицуулалттай, мөн хэзээ ч харахыг хүсэхгүй байж магадгүй хоолнууд багтсан байна. АНУ-д хориотой хүнсэн дунд бидний идэх дуртай адууны мах, түүхий сүү багтаж байгааг хараад та гайхах болно. Ер нь Монгол Улсад идэх хориотой ямар ямар хүнс байдаг талаар та мэдэх үү? Бид энэ удаа АНУ-д хориотой хүнсийг танилцуулж байна. Цаашид Монгол Улсад хориотой хүнсийг танилцуулах болно.
Анхааруулга: Доор байгаа зарим хүнсний бүтээгдэхүүнүүд нь аймшигтай эсвэл сэтгэл түгшээхүйц аргаар бэлтгэгдсэн байж болзошгүй.
Түүхий сүү
Түүхий буюу пастеризаци хийгдээгүй сүүний худалдааг (Монгол Улс энэ тал дээр туйлын анхаарамжгүй ханддаг. Түүн дундаа хөдөө орон нутгийн малчид) АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (FDA) хориглодог, учир нь энэ нь өвчин үүсгэгч нян агуулж болзошгүй. Гэхдээ зарим мужид түүхий сүүг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Жишээлбэл, Пенсильвани мужид хүний хэрэглээнд зориулж худалдаалдаг бол бусад мужид зөвхөн амьтны тэжээл хэлбэрээр худалдаалдаг.
Тонка шош
Өмнөд Америкт ургадаг энэ үр сүүлийн жилүүдэд нарийн хоолны ертөнцөд ихээхэн алдаршсан. Ваниль, бүйлс, шанцайтай төстэй амттай энэ шошийг АНУ 1954 оноос хойш хориглосон. Учир нь энэ нь элэгний өвчин үүсгэгчээр тодорхойлогдсон "Кумарин" хэмээх бодис агуулдаг.
Гичний тос
Хойд Энэтхэгийн уламжлалт хүнсэнд өргөн хэрэглэгддэг гичний тосыг АНУ-д хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Учир нь энэ тосонд "Эрук"-ийн хүчил өндөр агуулагддаг бөгөөд энэ нь зүрхний өвчин үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. Иймээс АНУ-д худалдаалагдаж буй гичний тосны савлагаанд ихэвчлэн "Зөвхөн гадаад хэрэгцээнд ашиглана" гэсэн сануулга бичигдсэн байдаг.
Акулийн сэрвээ
Акулын (Аварга загас) сэрвээг хоол хүнсэнд хэрэглэх уламжлал хэдэн зуун жилийн түүхтэй ч үүнийг бэлтгэх арга нь туйлын хэрцгий. Загасчид акулыг барьж, зөвхөн сэрвээг нь тайраад буцааж далайд хаядаг. Энэ нь ихэнхи акулыг үхэлд хүргэдэг тул АНУ 2019 онд арилжааны зориулалтаар акулын сэрвээ борлуулахыг хориглосон.
"Киндер" Сюрприз өндөг
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) хүнсний бүтээгдэхүүний дотор хүнсний бус зүйл агуулахыг хориглодог тул Киндер Сюрприз (Монгол Улсад худалдаалагддаг энэхүү тоглоомтой шокладад хүүхдүүд шоколаданд нь гэхээсээ тоглоомонд нь илүү дуртай байдаг ) шоколадтай өндөгийг АНУ-д худалдаалахыг зөвшөөрдөггүй. Харин "Kinder Joy" нэртэй хувилбар нь АНУ-д зөвшөөрөгдсөн бөгөөд шоколад болон тоглоомыг тусад нь байрлуулдаг.
Ортолан
Энэхүү жижиг, ховор шувууг Францад амттан болгон хэрэглэдэг байсан ч 1999 онд тэдгээрийн тоо толгой хэт цөөрсөн тул ан хийх, идэхийг хориглосон. АНУ Францын энэ шийдвэрийг дэмжиж, ортоланыг импортлох, хэрэглэхийг мөн хориглосон байдаг.
Сассафрасын тос
Сассафрас модны үндэснээс гаргаж авдаг тосыг урьд нь рутбир ундааны гол найрлага болгон ашигладаг байсан. Гэвч сассафрасын тосонд агуулагдах "Сафрол" хэмээх бодис нь амьтанд хорт хавдар үүсгэж болзошгүй гэж үзэж, FDA хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон.
Адууны мах
АНУ-д адууны мах худалдаалах (Адууны махыг Монгол Улсад хоривол манай уяачид дайн хийх биз) тухай холбооны хууль байхгүй ч олон мужид үүнийг хориглодог. Гэсэн хэдий ч АНУ-д адууг өсгөж, махны зориулалтаар Канад, Мексик рүү экспортлох нь түгээмэл байдаг. Харин Испани, Словени зэрэг оронд адууны махыг амттай, тансаг хүнс гэж үздэг.
Фүгу загас
"Фүгу" буюу хорт загас нь дотор эрхтэндээ үхлийн аюултай хор агуулдаг тул түүнийг маш нарийн аргаар бэлтгэх шаардлагатай. АНУ зөвхөн Японы баталгаажсан үйлдвэрүүдээс хөлдөөж боловсруулсан фүгүг импортлохыг зөвшөөрдөг.
Хаггис
Хаггис бол Шотландын уламжлалт хиамтай төстэй хоол бөгөөд ихэвчлэн хонины уушги, элэг, зүрхийг гэдсэнд нь чихэж хийдэг. Гэвч АНУ-д уушгийг хүнсэнд хэрэглэхийг хориглодог тул уламжлалт хаггисыг Их Британиас импортлохыг зөвшөөрдөггүй. Харин АНУ-д уушгигүй хувилбарыг үйлдвэрлэж эхэлсэн.
Ака хэмээх жимс
Ака нь Ямайк болон Баруун Африкийн хоолны чухал найрлага боловч боловсроогүй үедээ "Гипоглицин" хэмээх хорт бодис агуулдаг. Энэ нь хүний цусан дахь сахарын хэмжээг хэт бууруулж, ухаан алдах, үхэлд хүргэх аюултай тул АНУ-д шинэхэн ака жимсийг импортлохыг хориглосон байдаг.
Казу Марцу
Сардинийн аралд үйлдвэрлэдэг энэ бяслаг нь шумуулын авгалдай (өттэй) бяслаг гэдгээрээ алдартай. Бяслагийг санаатайгаар өтөөр идүүлж, исэлдүүлдэг тул АНУ-д хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
Абсент
Абсент нэрмэл архи нь урьд өмнө "Хий үзэгдэл харуулах" үйлчилгээтэй гэж яригддаг байв. Үүний найрлагад ордог "Тужон" гэх бодисыг их хэмжээгээр хэрэглэхэд таталт өгөх, хий юм харах магадлалтай. 2007 оноос хойш АНУ-д зөвхөн багасгасан тужонтой абсент худалдаалахыг зөвшөөрсөн.
Далайн яст мэлхий
Далайн яст мэлхийг хүнсэнд хэрэглэх нь тэднийг устах аюулд оруулсан тул АНУ-д "Ховордсон амьтдыг хамгаалах хууль"-ийн хүрээнд яст мэлхийг агнах, хүнсэнд хэрэглэхийг хатуу хориглодог.
Фуа-гра
Фуа-гра бол галуу, нугасны элгийг хүчээр тэжээж өөхлүүлсэн бүтээгдэхүүн юм. Энэ аргыг харгис хэмээн үзэж, Калифорни, Нью-Йорк зэрэг хотууд фуа-граг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглосон.
Бушмит
Африкт агнасан зэрлэг ан амьтны мах (бушмит) нь зарим вирус, тэр дундаа "Эбола" өвчнийг дамжуулж болзошгүй тул АНУ-д бүрэн хориглогдсон.










