



















Барууныхан дэлхийд хамгийн их нөлөө үзүүлсэн, үзүүлсээр байгаа 3 эдийн засагчийг Адам Смит, Карл Маркс, Жон Мейнард Кэйнс гэж нэрлэсэн. Эдийн засгийн агуу оюунтнуудын боловсруулсан онолоор бид амьдардаг. Энэ хүрээнээс гарах боломж ч байхгүй. Аливаа нэг гэнэтийн сүйрэл хямралыг ч эдгээр хүмүүсийн онолын тусламжтайгаар даван гардаг. 2008 оны хямралыг Жон Мэйнард Кэйнсийн онолоор давж гарсан. Эдийн засагт төр оролцох нь зүйтэй гэж томьёолсноороо Кэйнсийн онол гэж нэрлэгдэх онолыг тэрээр боловсруулсан юм.
Бид эдийн засагчдаас хамгийн гайхамшигтай, хувь заяаныхаа эрхээр түүхэнд сүүлчийнх нь байж болох нэгэн эрхэмд тулж ирлээ. Түүний тухай английн жинхэн сурвалжтан, торгон мэдрэмжтэй, бүх л цаг хугацаа болон тэр чигтээ эргэсэн эдийн засагтай ард түмний эдийн засагч нь байж, хөгжлийн замыг нь арван жилийн (бүр зуун жилийн ч байж магадгүй) өмнө зааж өгсөн гэх мэт олон гуншинг зүүлгэж болох Жон Мейнард Кейнсийн тухай түүхийг эхэлье.
ХУВЬ ЗАЯАНЫ ТЭМДЭГ
Хувь заяаны болон ид шидийн тухай дооглон инээлддэг хамгийн цуутай үл итгэгчид хүртэл илэрхий нөхцөл байдлын өмнө заримдаа бодолд орж эхэлдэг. Английн суут физикч, онолын механикийн суурийг үргэлжлүүлэгч нь энэхүү барилгын суурийг тавигч Италийн иргэн суу билигт Галилейг нас барсан тэр жил төржээ. Харин манай баатрын хувьд 1883 онд төрсөн тэр жил Карл Маркс нас баржээ. Ямар нэгэн нууцлаг эрэгцүүллээр та бүхнийг чилээхгүйгээр нэг л зүйлийг хэлэхэд: аспирант ч бай нобелийн шагналтан ч бай дурын хэн нэгэн эдийн засагчаас бүхий л цаг үеийн хамгийн гарамгай арван эдийн засагчийг нэрлэхийг хүсвэл тэд шууд л эхний дугаарт Маркс ба Кейнсыг нэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөг хүртэл намжаагүй удаан жилийн маргааны дараа орчин үеийн шинжлэх ухаан, хүний чадварт удамшил шийдвэрлэх үүрэгтэй тухай ойлголтыг үгүйсгэхэд хүрсэн юм. Ийм хандлага зөв үү эсвэл буруу юу, ямар ч гэсэн манай баатрын намтар аль ч онолын хувьд гайхалтай таарна.
Түүний эцэг Жон Невилл Кейнс (1859-1949) хүү шигээ агуу эдийн засагч байгаагүй ч гэсэн гарамгай эдийн засагч байсан. Түүнийг “алдартны галерей”-д оруулсан эдийн засгийн ганцхан том хөдөлмөр байдаг. Том Кейнс-д гялалзсан их амжилт гаргах бүх боломж байсан юм. Альфред Маршал хэмээх өнгөрсөн зууны нэлээд нэртэй эдийн засагч түүнийг Оксфордын тэргүүлэх албанд нэрийг нь дэвшүүлж байжээ. Кейнс энэ албан тушаалаас үзэл бодлоосоо болж зайлсхийсэн үү эсвэл зүгээр л түүнд аз тохиогоогүй юу гэдэг нь тодорхой биш бөгөөд тэрээр энэ тушаалд дэвшээгүй. Илүү их амжилтууд түүний хүүд тохиожээ. Кейнсийн гэр бүлийн удамд маш олон алдартай хүмүүс байдаг. Кейнсийн ээж Флоренс Ада Браун тухайн үедээ хангалттай нэрд гарсан төдийгүй одоо ч мартагдаагүй зохиолч. Үеэл Полли Кейнс нь алдартай эдийн засагч түүний эцэг нь буюу Кейнсийн эгч Арчибальд Хиллийн нөхөр 1923 онд анагаах ухаан, физлогийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Кейнсийн гэр бүлийнхэн гаднаас ч гэсэн авъяасыг татах хүчтэй гэдэг нь харагдана.
ИТОН, КЕМБРИЖ, ЭНЭТХЭГ
4 настай залуухан Кейнс Итоны коллежид элссэн. Энэ сургууль нь 2040 онд 600 нас хүрнэ. Элитүүдийн хувьд байнга алдартай байсан сургууль юм. Маш хатуу дэглэмтэйгээрээ алдартай энэ коллеж Кейнсед яг л усан доторхи загас шиг санагддаг байжээ. Итоныг дүүргэсний дараа орсон Кембрижэд мөн л ийм байдалтай өнгөрсөн. Агуу эдийн засагч Маршалл, Пигу нар түүнтэй уулзаж харьцахдаа жинхэнэ оюуны таашаалыг авдаг, мэргэжлийн эдийн засагч болох хэрэгтэйг байнга сануулж байв. Гэвч Кейнсэд өөр хэд хэдэн төлөвлөгөө байжээ. Тэрээр өөрийн дураар амьдрахыг хүссэн, түүндээ зориулах багагүй мөнгө ч байж. Өөрийн эрэгтэй найздаа (сүүлдээ дурлал нь болсон-энэ нь түүний сул тал) бичсэн захидалдаа тэр төмөр замыг удирдах, трест байгуулах хүсэлтэйгээ бичсэн байсан.
Гэвч түүнд энэ бүхний оронд төрийн албанд орж, Энэтхэг рүү томилогдон, энэ улсын санхүүгийн бичиг цаасны асуудалтай зууралдах хувь заяа оногджээ. Кейнс өөрийн албан ажил үүргээсээ бараг бөөлжис нь хүрдэг байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Түүнийг эргээд оюуны (зөвхөн энэ ч бус) таашаал нь татаж түүгээр үл барам өөрийн анхны томоохон ажлаа эхлүүлсэн. Энэ нь магадлалын онолоор гаргасан шаштир байсан нь сонирхолтой. Иймэрхүү олон зүйлийг өөртөө даалгах нь хэцүү, гэхдээ Кейнс өөрийн гэсэн магадлалын онолыг үнэхээр бий болгож чадсан нь францын агуу их математикч Лаплас, Зөвлөлтийн эрдэмтэн Колмогоровын (энэ тухай дараа томъёолно) эсвэл нэрт эдийн засагч Людвиг фон Мизесийн ах австрийн математикч, физикч Рихард фон Мизесийн оролцоогоор тэр л үед гарч байсан онолоос огт хамааралгүй байсан ба улмаар эдийн засгийн сэтгүүлүүд дээр маш халуун оюуны маргаан дэгдэн түүнд Кейнс гялалзсан амжилтыг үзүүлжээ. Сонирхол татсан нэгэн зүйл гэвэл, төрийн албанд ороход Кейнс маш олон шалгалтуудыг давах шаардлагатай болсон байна. Ерөнхий шүүлгэн дээрээ тэр хоёрдугаарт орж, харин эдийн засгийн онол дээрээ таны аль хэдийн таамагласнаар хамгийн бага дүнг авчээ.
Бурхны замаар явахгүй байхыг алийг тэр гэхэв, жишээ нь, Антуан де Сент-Экзюпери нисгэгч болсон учир нь тэнгисийн цэргийн сургуулийн зохион бичлэгийн шалгалтанд унасан явдал гэдгийг тэр бүр мэдэхгүй. Ингээд Кейнс Кембрижэд буцаж ирээд дараа нь тун удалгүй Энэтхэг рүү буцжээ. 1913 онд түүний “Энэтхэг дэх мөнгөний хандлага ба санхүү” ном гарсан. Ном нь тэр даруйдаа мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээг авч, Энэтхэг дэх мөнгөний хандлагаар Королевийн комисс-д зохиогчийн эрхийг авсан байна. Ийнхүү конторын уйгагүй ажлаараа бус, харин өөрийн оюуны гайхалтай үзүүлэлтээр түүний төрийн хүний карьер эхэлсэн түүхтэй.
ДАЙН, БИРЖ, ОРОС БАЛЕТЧИН БҮСГҮЙ
Кейнс, тэр их авъяас билгээр ханасан эрин үед ховорхонд орох оюунтны нийгэмлэг Блумсберрийн дугуйланд буюу Блумсберрид маш удаан хугацааг өнгөрүүлсэн билээ.Тэнд бидний мэдэх Стрейчи, нэрт философич, математикч Бертран Рассел (хэтэрхий энгийн болохоор нь эдийн засгийн онолыг орхисон гэж хэлсэн хүн) нар ч бас орсон байж. Блумсберри дахь компаний гол зүрх нь Леонард Вулф, Виржиния Вулф гэх хосууд байсан юм. Итонд ч, тэр байтугай Кембрижид ч гэсэн тэдний оюуны дасгалд тавьж өгсөн агаар нь байсан хэдий ч Кейнс Блумсберрид байсан шиг сайхан байгаагүй гэдэг. Цаг хугацаа ямагт цаг хугацаа л байдагчлан хуучны сайхан Англи оронд дэлхийн дайны үүл зузаарсаар.
Кейнсийн үеийн суутнууд дайнд явахаар бүртгүүлж байсан бол тэр тэгсэнгүй. Тэр санхүүгийн яаманд нэлээд өндөр алба хашиж байсан нь гэртээ үлдэх шалтгаан болов. Албаны үүргийн дагуу Кейнс Францад голдуу байх болсон. Ажлын хажуугаар Кейнс урлагийн томоохон шүтэн бишрэгч байсны хувьд эндээс Делакруа, Мане, Энгр, Гоген гэх мэт алдартнуудын бүхэл бүтэн галерей болохоор цуглуулгатай болжээ. Зарим бүтээлүүдийг ажил үүргийн чиглэлээр английн музейд худалдаж авахдаа энэ бол Английн зүгээс Францад үзүүлж буй санхүүгийн тусламж хэмээн удирдлагад нь тайлбарлана. Харин Сезанны нэгэн зургийг өөртөө үлдээсэн тэр өдрүүдэд юун Сезанны зурагтай манатай немцийн их буунууд нийслэл хотыг бүхэлд нь арчихаар галлаж, Парисд тэдгээр зурагнууд үнэндээ хаягджээ.
Англид эргэж ирсний дараахан Кейнс ганц бие амьдралаа орхин гэрлэсэн юм. Балетчин Лидия Лопухова яг энэ үед Лондонд бүжиглэдэг байж. Тэд танилцаад, тун удалгүй юуг ч үл харгалзан хуримаа хийжээ. Хайр дурлал үргэлжилсэн хэвээр, харин дайн дуусах дөхөж Европын дайны дараахь бүтээн байгуулалтанд Англи сонирхлоо хамгаалах хэрэгтэй байсан. Мэдээж, энэ үүрэг (хэлэлцээрийн санхүүгийн хэсэг) Кейнсэд оногдож, тэр дахин Парис руу явж, түүний ойролцоохь Версалын ордонд энхийн гэрээнд оролцохоор бэлтгэж байв. Европын дайны дараахь санхүүгийн бүтээн байгуулалт 1944 онд дахин түүнд Английг төлөөлөн Бреттон-Вудсийн бага хуралд оролцох итгэл хүлээлгэсэн.
Версалийн гэрээ 1919 онд хийгдэж, харин Кейнс “Версалийн энхийн гэрээний эдийн засгийн үр дагавар” хэмээх шинэ номоо бичжээ. Түүндээ Кейнс, нэлээд холыг харсан, тухайн үед хэний ч ухаанд багтамгүй эсвэл хэн ч хэлж зүрхлэхээргүй “Дэлхий шинэ дайныг дуудаж байна. Талхилуулсан нөхцөл байдал, ялагдсан гүрний нэхэл зэрэг нь Европод тайван байдал тогтоох боломжгүй нь илэрхий байна” гэх мэт дүгнэлтүүдийг хийжээ. Албан ажлаа төвхнүүлсний дараагаар Кейнс өөрийнхөө хувийн эдийн засгийн асуудалдаа анхаарал тавин зүгээр л нэг сайхан амьдрах бус түүнээс илүү өргөн хөлтэй амьдрахаар шийдсэн байна. Энэ зорилгодоо хүрэх хамгийн энгийн зам бол бирж рүү орох явдал байлаа.
Богинохон хугацаанд тэр бараг л бүх хуримтлуулсан мөнгөө алдсан ч түүнд дэлхийн нэгдүгээр дайны үед танилцсан танил банкир нь тусалжээ. Тэрээр Кейнсид зээл өгч, түүгээр нь санхүүгийн зах зээл дээр хариу цохилт хийж улмаар тэр үедээ хэлэхэд ч итгэмээргүй маш их хэмжээний мөнгө болох 2 сая долларын эзэн болсон байна. Хамгийн сонирхолтой нь, Кейнс бирж дээр өөрийн язгууртны дадал зуршлаа гээгээгүй юм. Мөнгийг тэр тоглох мэт урнаар ямар нэгэн онцгой хүч заралгүй хийж чаддаг нэгэн билээ. Зах дээрхи төлөв байдлын тухай мэдээллийг өглөө эрт орондоо байхдаа л авч тэр дор нь захирамжаа гаргаж өгөөд түүнээс хойш тэр өдрийн турш дахин биржийн тухай дурсахгүйгээр өөр бусад ажлаа эрхэлнэ.
Тэр зөвхөн түүний хувьд бооцоо нь тийм ч их биш осолтой тоглоом биш л бол хөзрөөр тоглохдоо л мөрий тавьдаг, ихэвчлэн хожигддог, учир нь осолтой тоглож хожсоноос илүү сонирхолтой нүүдлээсээ таашаал авдаг байж. Кейнс хэзээ ч хувиа хичээгч байгаагүй юм. Өөрийн амжилтын нууцаасаа төрөлх Кембриджийн Королевын коллежийн сайн сайхны төлөө илгээдэг байснаар сургуулийн төсөв маш богино хугацаанд хэдэн арав дахин нэмэгдэж байжээ. Дэлхий дахиныг донсолгосон 1929 оны хямралыг Кейнс жинхэнэ жентльмен хүн шиг хүлээн авсан. Мэдээж, тэр бараг бүх хөрөнгөө алдсан хэдий ч удалгүй хохирлоо хэд дахин нөхөж олж чадсан байна. Яг энэ үед Уоллстрийтын трейдерүүд цонхоор үсэрч, америкийн цэргүүд улайрсан ажилгүйчүүдийн бүхэл бүтэн армийг буудаж байсан үе!
“АЛИВААГ ХИЙСЭН ШИГ ХИЙ. ҮРГЭЛЖ СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ”
Кейнс ямагт английн үнэнч сурвалжтан хэвээр байсан. Түүний уриа нь Итоноос бичсэн захидал дахь “Аливааг сэтгэлээсээ хий. Үргэлж хийсэн шиг хий” юм. Кейнс бүгдийг сэтгэлээсээ хийдэг. Тэр юуны өмнө эдийн засгийн асуудлаар ажилласан шиг ажиллаж, эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан ололт амжилтууд нь бидний энэхүү даруухан өгүүллээс давсан зүйл билээ. Кейнс өөрийнхөө сонирхдог зүйлүүдэд ч үндэслэгч нь байж чаддаг. Түүний сонирхдог зүйлүүд ихэвчлэн ер бусын байдгийг хэлэхэд тэр уран зургийн цуглуулгаас гадна балетийн бүжигчдийг дэмжиж хандив өгнө.
Хааяа бүр балетийн шинэхэн бүжигчдэд зориулан цомог зохиох нь ч бий! Кембрижийн театрт маш их хүч хөрөнгө хандивласны дүнд орон нутгийн театруудын дунд тэргүүнийх болсон юм. Өөр бас нэгэн сонирхол нь гар бичвэр цуглуулна, түүний цуглуулганд Исаак Ньютоны эртний гар бичвэр нэлээд их байдаг. Кейнсийн тэр их амжилттай гайхалтай амьдрал шиг тийм сайхан хувь заяа түүнд ногдсонгүй, тэр ахархан наслах нэгэн байсан. 1946 онд гэнэт нас барсан явдал нь түүний цоо шинэ эрч хүчээр Кембриж рүү орох гэж бэлдэж байсныг нь зогсоожээ.
Тэр өдөр Англи маш хүнд хохирлыг хүлээсэн гэхэд хэтрүүлэг болохгүй. “Таймс” сонинд гарсан эмгэнэлийн бичигт “ Түүний үхэл улс орныг агуу их англи хүнээс нь хагацаалаа” хэмээн товчхон бөгөөд гарцаагүй үнэнийг бичсэн. Кейнсийн оршуулганд маш олон төр засгийн зүтгэлтнүүд ирсэн, гэхдээ нэг л хүнийг онцлон хэлэх гэж байна. Тэр бол ерэн гурван настай Жон Невилл, түүнд хүүгээсээ хойш дахин гурван жил амьдрах хувь заяа оногджээ. Кейнс хэдийгээр үхсэн ч түүний үйл хэрэг амьдарсаар. Кейнсийг амьд сэрүүн байхад ч, одоо ч мөн адил түүний онол хэр зэрэг үндэслэлтэй талаар маш хатуу ширүүн маргаан өрнөж байсан, өрнөсөн хэвээр байна. Гэхдээ хэн ч нэг л асуудлаар огтхон ч маргадаггүй, энэ нь өөрийн амьдрал, хүч хөдөлмөрөөрөө Кейнс эдийн засгийн шинжлэх ухааны тухай болон жинхэнэ эдийн засагч хүн ямар байх тухай ойлголтыг ор үндсээр нь өөрчилж чадсан юм.
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?
Кейнс бүх ундааны дотроос шампанскийг илүүд үздэг, Итонд байхдаа л түүнд орсон байсан. Тэрээр бүр сүүлд нь өөрийнхөө амьдралын тухай тунгаан бодож байснаа хэтэрхий бага шампанск уусандаа харамсаж байгаагаа хэлж байжээ. Нэгэн удаа Кейнс суут физикч, квант физикийн эцэг, Нобелийн шагналт Максим Планктай өглөөний зоог барьж л дээ. Планк залуу байхдаа эдийн засгаар оролдох тухай нэлээд бодож байсан ч энэ нь түүнд хэтэрхий хэцүү санагдсан гэдгээ Кейнсид хэлжээ. Хэдэн өдрийн дараа Планкийн энэхүү мэдэгдэлд сэтгэл нь их л ханамжтай байсан төдийгүй энэ тухайгаа Кембрижийн найзуудынхаа нэгэнд ярьжээ. Хэдхэн хоногийн өмнө тэр найз нь гарамгай философич (хожим нь уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн), математикч, орчин үеийн математикийн зүй тогтлыг үндэслэгч Бертран Расселтай уулзаж ярилцсан байна. Рассел мөн л залуу байхдаа эдийн засгийн тухай бодож байсан бөгөөд Планкийн нэгэн адил үүнээс татгалзсан. Гэхдээ шалтгаан нь эсрэгээрээ “хэтэрхий амархан” байсанд гэжээ.
Орчуулсан: Баасандоржийн БҮРЭНЖАРГАЛ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









