Дэлхийг хэн удирдан захирч байна вэ гэсэн асуултад захын хүн АНУ гэх байх. Тэгвэл АНУ-ыг хэн удирддаг бэ гэвэл ерөнхийлөгч нь. Харин АНУ-ын эдийн засагт хамгийн хүчтэй дуу хоолойтой эрхэм чухам хэн бэ? Өнгөрсөн онуудад манай эдийн засагт хүчтэй нөлөөлсөн эдийн засгийн хямралын гол буруутан болоод байгаа эрхмүүдийн тоонд Билл Клинтон, Алан Гриспен нар бичигдсэн юм. Тэгвэл хямралаас өмнөх цаг үед Алан Гринспен гэх энэ хүний талаар бичсэн нэг нийтлэлийг танд сонин байх болов уу гэсний үндсэн дээр тавилаа.
АМЬД ДОМОГ
2006 оны хоёрдугаар сарын 1 хүртэл ХНС-ын (Холбооны нөөцийн сан) даргын үүрэг гүйцэтгэсэн Алан Гринспенийг, 1987 онд буюу “Хорон санааны тэнхлэг” нуран унаж “Дайсагналцал”-ын үе бий болж, орчин үеийн гар утасны үйлдэл хийх хэмжээний хүчин чадалтай компьютерийг автомашины үнээр зардаг байсан тэр л үед энэхүү албан тушаалд ерөнхийлөгч Роналд Рейган томилж байжээ. Ажлынх нь гараа хөрөнгийн зах зээлийн хүчтэй сүйрэлтэй давхцаж байсан нь Алан Гринспений хувьд ашигтай байв. Хэрэв сүйрэл болоогүй бол Гринспен энэ удаагийн болон дараачийн хямралын үед шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч чадах эсэх нь эргэлзээтэй байсан юм. Гаднаас нь харахад үл ойлгогдох царайтай, том нүдний шил зүүсэн тийм ч өндөр биш эдийн засагчийн үйлдэл нь түүнийг домог болгосон байна.
Бахархал, талархал хүлээж бүр хэт тахин шүтэгдсэн энэхүү эрхэм АНУ-ын түүхэнд маш удаан хугацааны турш мөнгөний бодлогыг удирдахын зэрэгцээ эдийн засгийн үзүүлэлтүүдийн өсөлтөнд өөрийн атаархмаар байр суурийг хадгалсан хэвээр байсан. Домогт Алан Гринспен 2006 оны гуравдугаар сарын зургааны өдөр 80 насныхаа ойг тэмдэглэнэ. Түүнд мэдээж америкийн агуу эдийн засагчид, хамт олон, найз нөхөд нь баяр хүргэх нь лавтай, гэхдээ өмнө нь төрийн түшмэл байсан нэгний төрсөн өдөр бүх үндэстний баяр болж, америкчуудыг хамгийн хүнд үед нь тусламжаа үзүүлсэн өөрсдийн аврагч домогт хүндээ ард түмэн нь чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлэх биз. Алан Гринспен ХНС-ын даргаар ажиллаж байхдаа маш олон янзын үнэлгээг авч байсан.
Түүнийг төв банкны агуу их удирдагч, орчин үеийн “Дельфийский оракул” (Эртний Герекийн домогт өгүүлдэг зөгнөл тааврыг сонсдог байсан газар)-тай адилтгадаг, Вашингтонд цөөхөн олдох улс төрийн янхан гэх мэтээр нэрлэж байжээ. Өөрийн үйл хэргээр Гринспен өөрийг нь Леонардо ди Каприотой зүйрлүүлэн маргах, ном бичих, түүнд зориулан веб хуудас нээхэд хүргэж байв. 2000 онд “Саймон ба Шулстэр” хэвлэлийн газар Боб Вурбордын бичсэн “Маэстро. Гринспений ХНС ба америкийн эдийн засгийн өсөлт” нэртэй номыг гаргасан. Мөн онд “Пэрсус Паблишинг” хэвлэлийн газар Жастин Мартины “Гринспен. Мөнгөний цаана зогсох хүн” нэртэй номыг хэвлүүлжээ. Ийнхүү Алан Гринспений тухай кино л гараагүй байна, гэвч америкийн уламжлал ёсоор сонирхолтой хувь заяа бүхий домогт хүний тухай кино, бүр олон ангит кино ч гарах нь зайлшгүй.
Алан Гринспений амьдрал нь тэр чигээрээ өөрөө бүхнийг бий болгож, өөрийн авъяас хөдөлмөрөөрөө алдар нэр, амжилтанд хүрсэн америкчуудын мөрөөдлийн биелэл юм. ХНС-ын дарга Гринспений тухай их ярьдаг ч тэр 80 жилийн турш энэ байр суурин дээр байгаагүй. 1987 онд дарга болохоосоо өмнө Алан Гринспений амьдрал дахь маш олон сонирхолтой үйл явдал, хүмүүс, энгийн тохиолдлууд нь түүнд зохих хэмжээгээр нөлөөлж удаан хугацаанд төв банкны жинхэнэ удирдагчийн жишээ болсон, эдийн засгийн өсөлтийн баталгаа болох мөнгөний бодлогыг зөв оновчтой явуулсан хүнийг бий болгожээ. Жастин Мартин өөрийн номондоо Гринспений амьдралын эхний жилүүдийн талаар тодорхой бичсэн бөгөөд ирээдүйд “Маэстро” болох өссөн орчинд нь илүү анхаарал хандуулсан билээ.
Алан Гринспен 1929 оны хөрөнгийн зах зээлийн задралын өмнөхөн 1926 оны гуравдугаар сарын зургаанд Нью-Йорк хотноо төрж, түүний хүүхэд нас Америкийн том уналтын жилүүдэд өнгөрчээ. Түүний эцэг Герберт Гринспен бизнесмен, сүүлдээ хөрөнгийн биржийн брокер эдийн засгийн зөвлөх хийж байсан. Ээж Роуз нь сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй, хар үстэй эмэгтэй байсан ба тэр үеийн эмэгтэйчүүдийн нэгэн адил бүтэн өдрийн турш гэрийн эзэгтэйн үүрэг л гүйцэтгэдэг байжээ. Герберт Гринспений өвөг Германаас Америкад ирж суурьшсан бол Роуз Голдсмит польш гаралтай охин. Түүний эцэг эх Натан ба Анна Толучка нар ХХ зууны эхэнд Америкад ирж цагаачлалын албанд бүртгүүлэхдээ л өөрсдийн овгийг Голдсмит болгон өөрчилсөн ажээ. Харин Роуз АНУ-д төрсөн.
Аланы залуухан эцэг эхийн харьцаа тийм ч таатай байсангүй. Тэдний гэрлэлт дэндүү эртэдсэн, Роуз дөнгөж л 17 настай, мөн тэдний зан ааш хоорондоо тэс өөр байв. Герберт ихэвчлэн мөрөөдлийн ертөнцөд хөвөн дотроо хамаг бодол санаагаа төвлөрүүлдэг нийтэч бус нэгэн байж. Харин Роуз эсрэгээрээ хөнгөн, эрч хүчтэй, гайхалтай ажилсаг охин байв. Хосуудын харьцаа хэцүүхэн байсан дээрээс нь 1929 оны хөрөнгийн зах зээлийн уналт хүчтэй нөлөөлж эцэст нь тэдний хувь заяаг шийдвэрлэсэн.
Улам бүр ихсэх уналт, гэр бүлийн санхүүгийн байдал эрс доошилсон зэргээс болж хосуудын хоорондох харьцаа илүү их зөрчилдсөөр Аланыг 5 настай байхад аав ээж нь салжээ. Роуз хүүгийн хамт хуучны хэв загвар, эцгийн эрхт ёсны бүдүүлэг, хатуу дэглэмтэй эцэг эх дээрээ ирэн дөрвүүлээ Бродвейн буланд байрлах баруун-163 дугаар гудамжны 6 давхар байшингийн 2 өрөө байранд багтан ядан амьдрах болов. Натан, Анна Голдсмит нар өөрсдийн унтлагын өрөөндөө, харин Роуз Алан хоёр зочдын өрөөг унтлагын өрөө болгож унтана. Бүх орон даяар хүндхэн байсан тэр үед Роуз Бронскийн мебелийн дэлгүүрт худалдагч болов.
Салалтын дараа Герберт Аланаас нэлээд хөндийрч хүүтэйгээ хааяа л уулзана. Хүүхэд насандаа хамт өссөн Аланы үеэл Уэсли Хэлперт “Герберт хүүгийнхээ амьдралаас бараг л алга болсон” гэж дурсдаг. Алан эцэгтэйгээ ховорхон уулзана, харин уулзах үедээ Алан маш их баярладаг байсныг Уэсли сайн санадаг байна. Роузын эгчийнх нь хүүхдүүд Уэсли, Марианна нар Аланаас холгүй амьдардаг байсан учир ихэнх цагаа тэдэнтэй хамт өнгөрөөдөг байжээ. Уэлси Аланаас ах, харин Марианна түүнээс дүү. Алан тэдний хамт зун далайн эрэгт Квинст амарна. Уэлси, Алан хоёр аймшгийн кино их үздэг, нэгэн удаа “Франкенштейн”-г үзсэнийхээ дараа үхтлээ айсан тухай Уэсли ярьдаг. Уэсли, Марианна нарын эцэг Жейкоб Хэлберт бяцхан Гринспений хувьд хоёр дахь эцэг нь болсон билээ.
Тэр даатгалын брокер байсан ба тэр их уналтын үед багагүй амжилтанд хүрч байсан нэгэн. Алан Гринспен хүүхэд байхдаа л математикийн чадвараараа эцэг эхийгээ гайхашруулдаг байсан. 5 настайдаа гурван оронтой тоо нэмж хасаж чаддаг байсан хүүгийнхээ чадварыг ээж нь зочид болон хөршүүдийнхээ өмнө харуулан гайхуулдаг байжээ. Аланы ой ухааны чадвар нь түүнийг Манхэттений 169 дүгээр гудамжны сургуульд сайн сурахад нь тусалж, тэр ангийнхнаасаа хурдан уншиж, бас үржүүлэхийн хүрдийг дор нь цээжлэн тэргүүний сурагч болсон байна. Алан Гринспений сургуулийн найзуудынх нь нэг Стэнфорд Сэноффын хэлснээр тэр хийх гэж оролдсон бүгдээ маш сайн хийж чаддаг байжээ.
Мөн Алан бүр багаасаа л биеэ үлгэр жишээ авч явдаг, эелдэг зангаараа онцгой байсан гэж тэр дурсжээ. Уламжлалт бус аргыг ашиглан математикийг судлах явцдаа прагматизмыг оруулж ирсэн мистер Смолл бол 169 дүгээр гудамжны сургуулийн багш нарын нэг. Тэр өөрийн хичээлдээ хүүхдүүдийн сонирхлыг татаж оруулж чаддаг багш байж. Багшийн заавраар сурагчид Нью-Йоркийн банкинд очиж үйлчлүүлэгчдийн үлдээсэн бланкийг авчран түүнийгээ үндэслэн Смоллын хичээл дээр тоонуудын энгийн үйлдлүүдийг ойлгоно.
Тэр үед бяцхан Гринспений сонирхол эдийн засгаас хол байлаа. Зун нь Алан хөршийнхөө хөвгүүдтэй бейсбол тоглож, дуртай багийнхаа тоглолтуудыг нэгийг ч алгасалгүй үзэж өнгөрөөнө. Түүгээр ч барахгүй радиогоор сонссон тоглолтуудын талаар дэлгэрэнгүй бичих онцгой системийг боловсруулсан байжээ. Систем нь дамжуулах болон буцаах арга, талбай дээрхи бөмбөг өнгөрөх оновчтой байрлал болон бусад тоглолтын олон зүйлийг маш сайн боловсруулсан томъёолол байвал Алан Гринспенийг 9 настай байхад эцэг нь хүүтэйгээ уулзах нь бага зэрэг нэмэгдэж нэгэн удаа түүнд өөрийн шинэхэн хэвлэгдсэн “Хямралаас гарахын тулд урагшаа” нэртэй номоо бэлэглэжээ.
Тэр номондоо Герберт Гринспен эдийн засгийг дээшлүүлэхийн тулд төрийн бодлого нэн шаардлагатай байгааг сануулсан байлаа. Герберт Гринспен номон дээрээ Алан Гринспенд зориулан “Энэ ном чиний төлөө миний зүгээс хийх ээлжит алхмуудын эхнийх нь алхам юм шүү, чи минь өсөж том хүн болоод өнгөрсөн үеийг эргэн санаж, эдгээр урьдчилсан таамгуудын талаарх шалтгаануудыг тайлбарлахад шаардлагатай хүч гарган, үүнтэй адил өөрийн хөдөлмөрийн бүтээл болох ажлаа эхлүүлж чадах болно” хэмээн бичжээ.
Энэхүү бичсэнээс харахад л уг номонд чухам юуны тухай бичсэн нь ойлгомжтой. Хүүхдүүд бидэнд эцэг эхээс маань бидний хүслээс үл хамаарсан зүйл дамжин ирдэгтэй эвлэрэхгүй байх аргагүй. Гэхдээ энэ ном хүмүүсийн сонирхлыг татаагүй, бараг л мартагдсан гэхэд болно. Гринспен түүнийг олон жилийн дараа л уншсан. 9 настай Алан Гринспенийг эдийн засгаас огт өөр зүгт хөтөлж байлаа. Аланы ойрын хамаатнууд болох Голдсмит, Хэлперт нар хөгжмийн илүү их сонирхолтой хүмүүс. Бараг бүгдээрээ л янз бүрийн хөгжим тоглоно, бас дуулна. Аланы ээж ч мөн адил төгөлдөр хуур тоглон дуурийн болон алдартай аялгууг дуулах дуртай. Бүгд л хөгжимд дурласан орчинд өссөн Аланд ямар нэгэн өөр зам байгаагүй. Хөгжмийн хувьд тэр эвэр бүрээг сонгосон байлаа.
Алан Гринспен хүүхэд байхаасаа л өөрийн гэсэн, тийм ч хурц биш гэхдээ л ёс суртахууны өндөр зарчимтай гэдгээ харуулдаг байсан. Тайван бус гучаад оны үед тэр 10-11 настай байхдаа өөрийн найз Билл Калледжотай хамт нууц холбоо байгуулж байжээ. Гэмт хэрэг, мафийн үйл ажиллагаа болон Нью-Йоркод цагаачдын хамт орж ирсэн аюултай мэдээ, яриа ихсэж байгаа тухай сонссон хөвгүүд дэлхий дээр байдал нэг л биш байна гэж үзээд дэлхийг сайн сайхан болгон өөрчлөх зорилгыг нууц холбооныхоо өмнө тавьсан байна. “Бид муу муухай бүхнийг таслан зогсоохыг хүссэн. Бидний санаа бол хүүхдийн оргилсон их мөрөөдлийн үр байсан билээ” гэж Билл Калледжо инээмсэглэл дүүрэн дурсдаг.
МАЭСТРО
Алан сургуульдаа үргэлжлүүлэн сайн суралцаж, хамгийн шилдэг хүүхдүүдийн ангид шилжин орсон байна. 2 жилийн дотор 7-9 дүгээр ангийн 3 жилийн хичээлийн сэдвийг үзсэн Гринспен нэг анги алгасан суралцжээ. Энэ жилүүдэд Алан сүрхий өссөн юм. Гайхалтай нь тэр олонхийн боддогоор туранхай, сул дорой нэгэн бус харин ч бүр эсрэгээр, биерхүү булчинлаг зөв галбиртай болохыг нь сүүлдээ бүгд мэддэг болжээ.
Яг энэ үеэс Гринспений хөндий, гүн бодлогошрох анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн нь түүнд эцгээс нь өвлөсөн удамшил бөгөөд насанд хүрснийх нь дараа олон зүйл дээр түүнийг тодорхойлох шинжүүдийн нэг болсон.Гринспений ангийнхан түүнийг дуугай, хаалттай нэгэн байсан гэдэг. Сургууль дээр нь Аланыг “Дээдсийг дууриах гэсэн хачирхалтай хүн” гэж хочилдог байсан хэмээн Каллежо дурсдаг юм. “Яагаад ингэж ярих болсон бэ гэхээр тэр ой ухаандаа их бясалгадаг байснаас” хэмээн сургуулийнх нь найз хэлсэн бол “Тэр яг энэ насандаа агуу их сэтгэгч байсан” гэж сургуулийн нөхөр Стэнфорд Сэнофф ярьсан. 1940 оны намар Гринспен Манхэттэний төвд байрлах Жорж Вашингтоны нэрэмжит сургуульд сурч эхэлсэн байна.
Энэ сургуульд түүнээс хоёр ах ангид Герман гаралтай Генри Киссинжер суралцдаг байсан ч тэдний хичээлийн хуваарь зөрдөг тул олон жилийн дараа танилцжээ. Гринспен сайн сурдаг ч бүрэн дүүрэн онц сурлагатан байсангүй. Итгэл хүлээсэн эвэр бүрээчин Алан Гринспен сургуулийнхаа найрал хөгжимд тоглохоос гадна сургууль дээр болдог бүжгийн үдэшлэгт ч оролцдог чуулгын гишүүн байв. Бүрэлдхүүн нь байнга өөрчлөгддөг энэхүү чуулгатай хамт Гринспен сургуулиас гадуур зохиогддог янз бүрийн үдэшлэг, арга хэмжээнд оролцоно. Тийм тоглолт болгонд чуулгын хөгжимчин бүр 2$ авна. Чуулгад Алан Гринспентэй хамт тоглодог байсан Хилтон Леви түүний санаа бодлоо гаргадаггүй үл ойлгогдох төрхийг дурсан “Тэр хэзээ ч тодорхой зүйл ярьдаггүй.
Түүний үг дандаа хоёрдмол утгатай, өнөөгийнхөөс огт өөр байсан” гэжээ. Мөн Леви Гринспен эвэр бүрээгээр тоглохдоо маш дуртай ялангуяа сайн төлбөр төлсөн үед бүр ч их мэдрэгддэг байсан гэж дурссан. Хөгжмийн сонирхол нь маш хүчтэй байсан Аланд зөвхөн сургуулийн чуулгад тоглох нь багадаж байв. Тэр хөгжимдөө улам бүр сонирхон шамдаж мэргэжлийн хөгжимчин болохыг мөрөөдөж эхэлжээ. Өөрийн хөгжмийн дур сонирхолдоо хөтлөгдсөн Гринспен Нью-Йоркийн шилдэг хөгжмийн багш нарын нэг, хэд хэдэн алдартай найрал хөгжимд тоглосон Билл-Шейнерийн шавь болон суралцаж эхэлсэн байна. Шейнерийн маш олон сурагчид адилавтар хоёр хөгжим дээр зэрэг тоглодог жишгээр Гринспен эвэр бүрээ ба саксофоныг сонгов. Шинээр сонгосон хөгжим дээрээ сургуулилах явцдаа Алан, Шейнерийн бас нэгэн сурагч сүүлд нь маш алдартай жааз хөгжимчин болсон Стэн Гетцтэй үерхдэг байжээ. Гетц Гринспенээс насаар нэг дүү хэдий ч мэргэжлийн хөгжимчний хувьд түүнээс хол давуу байсан байна. Эцэст нь Стэн Гетц 15 настайдаа сургуулиа орхин Жек Тигардины найрал хөгжимд орж өнгөрсөн зууны жааз хөгжмийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй нэгэн болжээ.
Харин Гринспений хувьд хэдийгээр мэргэжлийн хөгжимчин болох мөрөөдөл нь хэвээр байсан боловч найзыгаа дууриан сургуулиа орхилгүй 1943 онд Жорж Вашингтоны нэрэмжит сургуулиа төгсөхдөө АНУ-ын шилдэг төгсөгчдийн холбооны гишүүн болж, сургуулийн найрал хөгжимд оруулсан амжилтыг нь үнэлсэн талархлын бичиг авсан юм. Төгсөх ангийн альбомон дээрх түүний зурагны дор “Ертөнцийн хамгийн авъяаслаг, ухаалаг залуу. Бидний төлөө эвэр бүрээ, саксофон тоглодог” гэж байдаг. Сургуулиа төгссөний дараа Гринспен хэсэг хугацаанд хөгжмийн сургууль дээр эвэр бүрээ, саксофон хөгжим тоглох ур чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлж байгаад, дараа нь Генри Жеромын найрал хөгжимтэй хамт мэргэжлийн жүжигчний үүргээр бүтэн жил улс орноороо аялан тогложээ.
Энэ хамтлагын оролцон тоглогчдын нэг нь, хэрэв Гринспенийг хөгжмийн хамтлагаас гарсан байвал шалтгаан нь “Тэр чуулгын санхүүг хэтэрхий сайн барьдаг байсан явдал” гэж хэлсэн нь нэгийг өгүүлнэ. Үнэхээр тэр математикийн эгэл бус чадвартай байсан ба оройд нь голдуу буудалдаа үлдэн эдийн засгийн ном хэвлэл уншиж татвар, орлого, зарлагын тооцоо хийдэг байхад бусад хөгжимчид өглөө хүртэл баар, клуб хэсэн хөгжилдөнө. Ёсорхог, хаалттай Гринспений хувьд архидалт, зугаа хөөсөн иймэрхүү жүжигчний амьдралд улам л итгэл алдарч байв. 1944 оны намар 18 настайдаа чуулгаасаа гарч Нью-Йоркийн их сургуулийн худалдааны ангид элссэн.
Гринспений хөгжим тоглож байсан үе нь олон жилийн дараа түүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэхийг тэр таагаагүй нь лавтай. Гэтэл хуучны холбоогоороо дамжуулан Ричард Никсонтой танилцаж, дараа нь ерөнхийлөгчийн засаг захиргаанд алба хаах болжээ. 40-өөд оны сүүлээр чуулгад хамт тоглодог байсан Гринспений хуучны анд Леонард Гармент 1960-аад оны дунд үеэс Никсоны хуулийн зөвлөх, улмаар ирээдүйн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх багт ажилладаг байв. Чухамдаа Гармент л Гринспенийг Никсонтой танилцуулж, найзыгаа ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллуулахаар санал болгосон нь түүний улс төрийн байр суурийн эхлэл болсон байна.
1948 онд их сургуулиа бакалаврын зэргээр онц дүнтэй төгссөн Гринспен дэлхийн эрдэм шинжилгээний голлох институтын нэг болох Үндэсний аж үйлдвэрийн холбооны Зөвлөлийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн билээ. Ажлын бүтэн өдрийн турш зөвхөн ажлаа хийж, маш завгүй байсан Гринспен 2 жилийн дараа буюу 1950 онд алдарт Нью-Йоркийн их сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан байна. Яг энэ л үед Гринспен өөрийн анхны багш доктор Артур Бернстэй танилцсанаар барахгүй багш нь түүний амьдрал, нэр алдарт хүрэхэд хүчтэй нөлөөлсөн нэгэн байлаа. Эдийн засгийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцах судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөсөн Гринспен тухайн үед Колумбийн их сургуульд багшилж байсан Бернсийн удирдлаган дор эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалах ажлаа эхэлжээ. Жил өнгөрөх тусам тэдний харилцаа дотноссоор, 1970 онд онд Бернс Нью-Йоркоос явах болсон нь түүнд Уильям Макчесни Мартины дараа ХНС-ын даргын ажлыг санал болгосон явдал бөгөөд энэ үед амжилттай ажиллаж байсан зөвлөх фирмийн удирдагч Алан Гринспен Артур Бернсийн гэрийн түрээслэгчийн үүргийг дуртайяа хүлээн авсан байна.
Докторын зэрэг горилогч залуу Гринспений үлгэр дууриал нь өөрөөс нь 22 ах Бернс болж бүх талаараа түүн шиг болохыг ихэд хичээнэ. Тэр байтугай Бернс шиг байнга тамхи татах гэж оролдсон ч нэг их удалгүй энэ зуршлыг орхисон. 1951 онд Гринспен Колумбийн их сургуулийн докторын сургалтаа үргэлжлүүлэхээс татгалзсан нь сургалтын зардлаа өөрөө дийлэхээ больсон, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан явдал юм. Гэсэн хэдий ч 26 жилийн дараа буюу 1977 онд Нью-Йоркийн их сургууль Гринспенд түүнээс докторын зэрэг хамгаалах диссертацийн ажил шаардахгүйгээр эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг олгожээ.
Доктор Бернсийн амьдралд ч яг үүнтэй төстэй зүйл байсан гэдэг. 50-аад оны үед тэр ажил хэргийн хүрээндээ нэлээд нэр хүндтэй, алдартай эдийн засагч байсан байна. Дараа нь ерөнхийлөгч Эйзенхауэрийн засаг захиргааны эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн дарга, Никсоны эдийн засгийн зөвлөх, 1970-78 онд ХНС-ын дарга, сүүлд нь АНУ-ын Герман дахь элчин сайдын үүргийг гүйцэтгэжээ. Алан Гринспений нэр анх СМИ дээр гарч эхэлсэн гэдэг ч нарийн тодруулбал New York Times сонинд эдийн засаг улс төртэй холбоотой асуудлаар биш, харин зохиолч, нийтлэлч эмэгтэй Эйн Рэндийн “Газрын зураг чичирсэн нь” романы талаархи сөрөг шүүмжийн эсрэг бичсэн жижигхэн захидлаар олны анхаарлыг татаж эхэлжээ.
Энэ эмэгтэй түүний багш нараас хоёрдахь нь болж амьдралд нь маш хүчтэй нөлөөлж чадсан билээ. Жүжигчний амьдралаа орхиж эдийн засгийн чиглэлээр суралцсан хэдий ч Алан Гринспений урлагт татагдах, урлагийн хүмүүсийг таашаах онцгой нэгэн таашаал нь үргэлжилсээр л. 1952 онд зураач бүсгүй Жоан Митчеллтэй гэрлэсэн боловч жилийн дараа тэдний хооронд нийцтэй зүйл огтхон ч байгаагүйгээс тэд салахад хүрсэн байна. Гэхдээ л Жоан энэ хооронд Гринспенийг өөрийн шүтэн бишрэгч, философич Эйн Рэндтэй танилцуулж амжжээ. Тэр үед Эйн Рэндийн гэрт, онцгой нэгэн дугуйлангийн залуучууд цуглан орчин үеийн философийн болон ертөнцийг үзэх үзлийн тухай янз бүрийн асуудлаар мэтгэлцээн явуулдаг байж. Эйн Рэнд буюу Алиса Розенбаум 1905 онд Оросын Санкт-Петербург хотноо эм зүйч Зиновий Розенбаумын гэр бүлд төржээ. Тэр 1924 онд Петроградийн их сургууль, дараа нь Кино урлагийн улсын их сургуулийг төгсөөд 1931 онд АНУ руу цагаачлан тэнд Эйн Рэнд хэмээх нэртэй болсон байна.
Рэнд, Гринспен нар эхэндээ бие биедээ огтхон ч сэтгэгдэл төрүүлээгүй нь сонирхолтой. Дугуйланд дандаа бодит хандлагыг баримтлагчид орж, Рэнд гагцхүү философи, цорын ганц үзэл бодлыг шүтэх нь бүр шашин шүтэх мэт байдалд хүрч байсан нь Гринспенд таалагдаагүй. Рэндийн хувьд ирээдүйн ХНС-ын дарга Гринспен нь юуны өмнө бизнесийн үл ойлгогдох ертөнцийн төлөөлөгчдийн нэг л байв.Энэ хооронд Гринспен бизнесийн төрөл бүрийн чиглэлээр зөвлөлгөө өгч, холбооны эдийн засагчаар ажилладаг байв. 1954 онд үнэт цаасны мэргэжилтэн Уильям Таунсендтай хамтран “Таунсенд-Гринспен” гэсэн зөвлөх компани байгуулан Уолл-стритэд оффис нээсэн нь үйлчлүүлэгчдийг ихээр татаж, тэдгээр нь ямагт амжилттай ажилладаг байлаа. Сүүлд амжилттай бизмесмэн болж чадсан.
Жоан Митчеллээс салсны дараа Гринспен хачин тохиолдлоор Айн Рэндийн дугуйланд оржээ. Тэр философийн, метафизикийн, улс төр эдийн засгийн сэдвээр мэтгэлзэх дуртай байсан бөгөөд тун удалгүй эдгээр “гэр бүл”-үүдийн гишүүн болсон юм. Рэндийн бусад шүтэгсдийн нэгэн адил Гринспен “Газрын зураг чичирсэн нь” романыг уншиж, Рэндийн дугуйлангийн эрхлэн гаргадаг “Бодит мэдээлэл” сэтгүүлд өгүүлэл, тойм нийтэлсэн. Гринспен дугуйланд орсноор илүү нээлттэй, хүмүүстэй эелдэг дулаан харьцаатай болсон гэхдээ түүний төрөлхийн даруу, нууцлаг занд нь бид бүгд аль хэдийнээ дассан хэмээн Эйн Рэндийн дугуйлангийн нэг нь онцолсон байдаг.
Рэндийн дугуйлангийн ихэнх гишүүд Гринспений сайхан бүсгүйчүүдийг өөртөө татдаг чадвараар бахархана. “Бүгдийг өөртөө татах нууц нь түний бүхнийг чаддаг оюун ухаан, даруу төлөв занд оршдог гэж би боддог. Түүнийг зүгээр нэгэн сээтэгнүүр харцаар олж авч болдоггүй юм. Тэр эмэгтэй хүнд маш гүн сэтгэгдэл төрүүлдэг гэдэгтэй хэн ч маргашгүй” гэж Рэндийн дугуйлангийн Барбара Брэнден дурсдаг. Түүний эхнэр байсан Жоан Митчелл “Тэр бол маш ухаантай, сая сая зүйлийн тухай олон сонирхолтой мэдээллийг өгдөг, ингэхдээ гайхалтай хошин мэдрэмжтэй байж чаддаг. Алан маш эелдэг, түүнтэй байхад хэзээ ч уйдахааргүй сонирхолтой” гэж хэлжээ. Эйн Рэндийн баримталдаг бодит хандлагын философи Алан Гринспенд маш хүчтэй нөлөөлсөн. Гринспен “Капитализм-энэ бол зөвхөн үр дүнтэй практикийн систем биш түүгээр ч зогсохгүй өндөр ёс суртахууны систем гэдэгт итгэхээс өөр аргагүй болгосон” гэжээ.
Айн Рэнд нь социализмын болон нийгмийн ямар ч хэлбэрийн үед чөлөөт зах зээл давуу талтай гэдэгт бат итгэдэг эмэгтэй. Тэрээр хүн төрөлхтний төгс бус байдалд хамгийн сайн тохирох, байх ёстой муу бүхнийг өөртөө агуулсан чөлөөт зах зээлийг тооцсон либерал капитализмын ёс суртахууныг батлахыг оролддог байсан. Мөн ойр дотныхондоо өрөвчхөн сэтгэл гарган эд материалыг эн тэнцүү хуваарилах, тусламж үзүүлэх зэргийг эрс эсэргүүцэж, эдгээр нь түүний үзэж буйгаар зөвхөн өөрийн ашиг сонирхолд оновчтой үйлчлэх, зах зээлийн капитализмын болон ухаалаг бодьгалч үзлийн цорын ганц бодит зарчимтай нийцэхгүй гэж үзнэ.
Капитализмын ёс суртахууны тухай ярихдаа тэр, зөвхөн чөлөөт зах зээлийн зарчмуудын үндсэн дээр л капиталист систем нь улс төр эдийн засгийн үйл ажиллагаанд төдийгүй хүмүүсийн хоорондох харилцааны үнэт зүйлсийн ерөнхий зохицуулагч мөн хэмээн бат итгэлтэй байр сууринаас ханддаг. 1958 онд Гринспений хамтран зүтгэгч Уильям Таунсенд нас барж, Алан компаний үндсэн эзэмшигч, захирлуудын зөвлөлийн дарга болсон. Уолл-стрит дэх ажил нь Гринспенд тухайн хүрээлэлд өндөр алдар нэр, танилуудыг авчран түүнийхээ ачаар дараа нь янз бүрийн төрийн болон төрийн бус албанд нэр нь дэвшигдэж байжээ.
Тэр ч байтугай Генри Жеромын найрал хөгжимтэй хамт аялан тоглож байх үеийн холбоо ч түүнд хэрэг болж байв. 1966 онд үдийн цайны завсарлагаараа гарч явсан эдийн засагч Гринспен 20 жилийн өмнө Генри Жеромын найрал хөгжимд хамт тоглож байсан хөгжимчин Леонардо Гарменттай санаандгүй тааралджээ. Энэ үед Гармент хуульч Ричард Никсоны хамтрагч байсан. Гармент тэр даруйдаа л Гринспен Никсон хоёрыг бие биед нь танилцуулахад, хуучны саксофончин ирээдүйн ерөнхийлөгчид маш гүн сэтгэгдэл төрүүлж чадсан төдийгүй хэсэг хугацааны дараа түүнд өөрийн сонгуулийн өмнөх ажилд албан бус зөвлөхөөр ажиллах санал тавив.
Гармент дурсамждаа “Тэгэхэд л Гринспен эргэн тойрноо үл ойлгогдох яриагаараа гайхашруулдаг. Тэр мөнгө санхүүгийн тухай томъёолсон тайлбаруудыг цуцалтгүй өгдөг ч миний хувьд огтхон ч ойлгомжгүй зүйл байсан. Гэхдээ холбооны төсөв хэмээх нууц сэдвийг тэр хэр зэрэг нарийн мэдэрч байсан нь л илт байсан” хэмээн дурсдаг. Никсон сонгуульд ялангуутаа л Гринспенд эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн даргын суудлыг санал болгосон. Гэсэн хэдий ч 1968 оны сонгуулийн өмнөх ажлын дараа Гринспен энэхүү саналаас татгалзан зөвлөлгөө өгдөг бизнес рүүгээ буцаж оржээ. 6 жилийн дараа 1974 онд ерөнхийлөгч Никсон Уотергейтийн маргаан ид дундаа орж байх үед дахин Гринспенд эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн даргын суудлыг санал болгоход тэрээр энэ удаа хүлээн авсан байна.
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН ДАРГА
Ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь 1966 оны тэдний уулзалт, сонгуулийн өмнөх ажлын үед Никсоны багт ажилласан Гринспений хийсэн ажлын алинтай ч холбоотой байгаагүй. Мөн Леонард Гарментийн дэмжлэг ч Алан Гринспений энэхүү нэр алдарт хүрэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгээгүй гэдэг. Төрийн түшмэлийн багш, найз Артур Бернс чухамдаа ерөнхийлөгчийн анхаарлыг татах, Цагаан ордон руу орох гол “түлхүүр” болсон билээ. 1969 онд Бернс Никсоны засаг захиргааны эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн дарга, 1970 онд Холбооны нөөцийн системийн даргын албан тушаалд томилогдсон. Уотергейтийн маргааны талаар бичсэн хүмүүс үнэхээр л 1974 оны зун Бернс Нью-Йорк руу утас цохисны дараа Алан маш хурдан Вашингтонд Никсоныг огцрохоос сарын өмнө ирсэн бөгөөд эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн даргаар томилогдсоныг санадаг.
Никсоны дараа Цагаан ордонд ирсэн ерөнхийлөгч Жеральд Форд Гринспенийг эдийн засгийн зөвлөхүүдийн Зөвлөлийн даргаар хэвээр үлдээж, хэсэг хугацааны дараа Сенатын банкуудын хороо мөн түүнийг баталжээ. Харин 1977 онд Фордын оронд ирсэн шинэ ерөнхийлөгч Жимми Картер түүнийг огцруулсан байна. Вашингтон дахь албаа өгсний дараа Гринспен Нью-Йоркдоо эргэн ирж зөвлөлгөө өгдөг бизнес болох “Tаусeнд ба Грийспэн Кo” компаний ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэв. 1981 онд ерөнхийлөгч Рональд Рейган түүнд ерөнхийлөгчийн засаг захиргааны нийгмийн даатгалын системийн шинэчлэлийн комиссыг удирдах санал тавьсныг зөвшөөрснөөр энэхүү албанд 1983 он хүртэл ажиллажээ.
Нийгмийн хамгааллын системийг дампуурлаас аварсан Гринспен Рейганы засаг захиргаанд хамгийн олон янзын ажлыг гүйцэтгэснийг дурьдвал: Ерөнхийлөгчийн тагнуулын зөвлөхийн зөвлөлийн гишүүн, эдийн засгийн институт, түүнийг тохинуулах комиссын гишүүн, гэрээт цэргийн албаны шилжилтийн комиссын гишүүн гэх мэт. 1987 оны зургаадугаар сард ХНС-гын дарга Пол Волкер гэнэт огцрохоо мэдэгдэхэд Рейган түүний залгамжлагчаар ерөнхийлөгчийн засаг захиргаанд янз бүрийн удирдах ажлыг маш сайн гүйцэтгэдэг Алан Гринспенийг нэрлэжээ.
Бүх амьдралынхаа турш түүнрүү тэмүүлж байсан Гринспен зөвшөөрсөн нь ойлгомжтой. Хуулинд зааснаар ХНС-ын дарга зөвлөлгөө өгдөг биезнес эрхлэх, компани удирдах, өөр албан тушаал хаших зэргийг хориглодог учир Гринспен “Tаусэнд ба Грийспэн Кo.,” компаниа тохирох эзнийг нь олж зарж чадалгүй татан буулгасан. АНУ-ын сенат 1987 оны наймдугаар сарын арваннэгэнд Гринспенийг хүлээн зөвшөөрч албан тушаалд нь томилжээ. Рейганы засаг захиргаанд ажиллаж байхдаа Гринспен нь Alcoa (AA), Automatic Data Processing Inc., Capital Cities/ABC Inc., хүнсний General Foods, нефтийн Mobil, J.P.Morgan (JPM) банк зэрэг компаниудад захирлуудын зөвлөлийн гишүүний үүргийг хашдаг байв.
Эдгээр хүчирхэг том компаниуд Гринспенд хангалттай төлдөг байсан нь ойлгомжтой, гэвч шинэ албан тушаалынхаа төлөө тэр захирлуудын зөвлөлөөс гарсан байна. Түүнд АНУ-ын эдийн засагт хүчин зүтгэж улсынхаа чухал ажил үүргийг гүйцэтгэх нь мөнгөнөөс илүү байсан нь мэдээж. Гринспений цалин хөлсийг төв банкнуудын бусад захирлуудтай харьцуулахад дэндүү даруухан санагдана. Алан Гринспений цалин бусад дарга нар дотроо хамгийн бага. Италийн Төв банкны тэргүүн 743000$, Английнх 446000$ жилд авдаг байхад ХНС-ын дарга жилд 171900$-н орлоготой. АНУ-д гоо сайхны мэс засалч төв банкны тэргүүнээс өндөр цалинтай. Тэгэхдээ л Алан Гринспений хариуцлага, нөлөө түүний хамтрагчдаас хэд дахин илүү. Бүх л амьдралынхаа турш мөнгөтэй ажилласан хүний хувьд мөнгө бол аз жаргал огтхон ч биш байх нь илэрхий.
1997 онд эдийн засгийн салбарт нэр хүндтэй, алдарт Гринспен 71 насандаа анхны гэрлэлтээсээ 45 жилийн дараа хоёрдахь удаагаа гэрлэжээ. Энэ удаа тэрээр мөн л Митчелл нэртэй эмэгтэйтэй гэрлэсэн нь гайхмаар. Гринспений сонгосон бүсгүй нь NBC компаний олон улсын мэдээний албаны сэтгүүлч бүсгүй Андреа Митчелл байв. Тэдний харилцаа 12 жил үргэлжилсний эцэст Зул сарын баяраар Гринспен түүнд гэрлэх саналаа гэнэт хэлэхэд эхэндээ Митчелл тийм сайн ухаараагүй ч тэд тун удалгүй дөрөвдүгээр сарын 6-нд эхнэр нөхөр болсон ажээ.
1983 онд Митчелл нийгмийн хамгааллын хөтөлбөрийн талаар Гринспенээс ярилцлага авснаар тэд танилцсан ба хоёр өдрийн дараа Гринспен Андреа руу утасдаж уулзахыг хүссэн. Одоо тэд Вашингтоны нэгэн дүүрэгт амьдарч байна. Тэд маш идэвхтэй нийгмийн амьдралтай хосууд, байнга театрын тоглолт болон өндөр хэмжээний зочид оролцдог янз бүрийн арга хэмжээнүүдэд оролцоно. Тэр 80 нас руу дөхөж яваа хэдий ч теннис тоглодог хэвээр, тэтгэвэрт суух бодолгүй. Өөрийнхөө боломжийн хэрээр ажлаа үргэлжлүүлэх бүрэн дүүрэн хүсэл эрмэлзлэлтэй, энэ идэвхтэй амьдралаасаа салах тухай ердөө ч боддоггүй.
Зарим нэгэн мэдээллийн агентлагийн уламжилснаар, тэрбээр саяхан олны өмнө маш өндөр төлбөртэй лекц уншдаг илтгэгчдийн элит клубийн гишүүн болсон гэнэ. Хэдийгээр ХНС-гын даргын албаа хашихаа больсон ч гэсэн түүний үг зах зээл дээр нөлөөлдөг хэвээр. ХНС-гын албыг орхисны дараа ч Гринспен цаг хагас орчим халуун ваннанд сууж унших, бодох зуршлаасаа салах дургүй бөгөөд бичиг баримтаа цэгцлэх, илтгэлийнхээ текстийг бэлтгэнэ. Энэхүү өглөөний ёслол түүнд унших анхаарлаа төвлөрүүлэхэд нь маш их тусалдаг. Эхнэр Андреа Митчелл нь энэ тухай “Хэдэн жилийн өмнө түүний нуруу хүчтэй өвдөх үед эхэлсэн энэхүү өглөөний ванн түүний хувьд байнгын дадал болсон юм”гэжээ. “Гринспений эрин үе”–Америкийн эдийн засгийн өсөлт түүхэнд байгаагүй хамгийн удаан үргэлжилсэн үе юм. Энэхүү агуу хүнийг хойч үе нь юуны өмнө ховорхон тохиолдох эелдэг зантай ХНС-гын дарга гэдгээр нь дурсах болно.
Алан Гринспенд алдар нэр авчирсан ХНС-гын даргын 18 жилийн ард “өөрөө бүхнийг бий болгосон, америкчуудын мөрөөдлийг биелүүлсэн, төрийн албаны жинхэнэ мэргэжилтэн, эх оронч хүний сонирхолтой амьдралын 80 жил” харагдана. Гринспений байгуулсан гавъяаг үнэлсэн маш олон цол, титэм, шагнал бий. Тэр Харвардын, Йелийн, Пенсильваны, Левенский Нотр-Дамийн (Бельги), Колгейтийн, Уэйк-Форрестын зэрэг америкийн болон олон улсын тэргүүлэгч их сургуулиудын хүндэт профессороор сонгогдсон. Америкийн төрийн албаны институт Гринспенд төрийн гарамгай ажилтан хүндэт цол олгожээ.
Тэр Францын Хүндэт легионы одонгоор шагнагдсан, Британийн эзэнт гүрний 2-р зэргийн Одонт-хүндэт морин цэрэг болсон байна. Өнөөдөр дэлхий дахин зөвхөн хатуу, даруу төлөв, маш анхааралтай, хоёрдмол утгатай үг хэллэг бүхий төрийн түшмэлийн бус харин эелдэг, хөгжилтэй, ойр дотных нь хэлдгээр гайхалтай хошин мэдрэмжтэй, тэр нэгэн цагт хөгжимчин болох дэлхийг муу муухай бүхнээс аврах гэсэн мөрөөдөлтэй эрхэм хүний насны ойг тэмдэглэн баяр хүргээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэх байна.
Орчуулсан: Баасандоржийн БҮРЭНЖАРГАЛ