



















Товч агуулга
-Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэлл өөрт нь холбогдсон хууль эрх зүйн асуудал болон Холбооны Нөөцийн банк дахь ирээдүйнхээ талаар тайлбар хийхээс татгалзав
-Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн Холбооны Нөөцийн Банкны даргыг сонгохоор хэлэлцэж байгаа бөгөөд гол шалгуур нь бодлогын хүүг бууруулах аж.
-Жером Пауэлл өөрийн ирээдүйн залгамжлагчдаа хандан улс төрөөс ангид байж, харин Конгрессын хяналтыг хүлээн зөвшөөрөхийг зөвлөлөө.
Лхагва гарагт буюу өнгөрсөн шөнө Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэлл сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, төв банк дахь өөрийн ирээдүй болон Дональд Трампын засаг захиргаанаас эхлүүлсэн мөрдөн шалгалтын талаархи асуултуудаас ихэвчлэн зайлсхийсэн боловч ирээдүйд өөрийг нь залгамжлах даргад зориулсан нэлээд илэн далангүй зөвлөгөөг өглөө.

“Сонгууль болон улс төрөөс хол бай. Сонгууль болон улс төр рүү татагдах хэрэггүй. Битгий улстөртэй хутгалд,” хэмээн Жером Пауэлл Холбооны Нөөцийн Банкны хамгийн сүүлийн мөнгөний бодлогын хурлын дараах тогтмол хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Гэхдээ улс төрөөс ангид байна гэдэг нь сонгосон албан тушаалтнуудаас зайлсхийх гэсэн үг биш гэж тэр онцолсон аж.
“Бидний ардчилсан хариуцлагын цонх бол Конгресс. Конгресст очиж тайлбар өгөх нь бидэнд ногдсон ачаа биш, харин тогтмол хийж байх, идэвхтэй үүрэг юм,” хэмээн Холбооны Нөөцийн Банкыг найман жил удирдах хугацаандаа Капитолын толгодтой (Конгрессийг нэрлэдэг түгээмэл албан бус нэршил Үг.Мн) өргөн хүрээтэй харилцаа хөгжүүлэхийг зорьж ирсэн Жером Пауэлл хэллээ.
“Хэрэв та ардчилсан хууль ёсны байдлыг хүсэж байвал, түүнийг сонгосон хууль тогтоогчидтойгоо харилцах замаар олж авдаг.”
Гэсэн ч Пауэлл 1 сарын 11-нд хийсэн, онцгой хэмээн үнэлэгдсэн видео мэдэгдлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбар хийх, эсвэл даргын бүрэн эрхийн хугацаа нь 5 сард дууссаны дараа Холбооны Нөөцийн Банкны үлдэх эсэхээ тодорхой хэлэхийг сэтгүүлчид дахин дахин асуухад хариулахаас татгалзсаар байв.
Түүний Захирлуудын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусна.
“Өнөөдөртөө хэлэх зүйл үнэхээр алга,” гэж Пауэлл 45 минутаас илүү үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын туршид хэд хэдэн удаа давтан хэлсэн аж. Сэтгүүлчид түүнийг Холбооны Нөөцийн Банкны төв байрны засварын зардал хэтэрсэнтэй холбоотой Хууль зүйн яамны мөрдөн шалгалт болон өөрийн ирээдүйн төлөвлөгөөний талаар яриулахыг хэд хэд оролдсон ч тэр ийнхүү зайлсхийжээ.
“Эдгээр асуултад хариулах цаг, газар гэж бий" гэсэн байна.
Харин лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр түүний хэлэх гэсэн гол зүйл нь “Энэ хэвлэлийн бага хурал нь эдийн засаг, мөн өнөөдөр бодлогын хуралдаанаар бид юу хэлэлцсэн тухай” юм хэмээн Жером Пауэлл онцолжээ.
Тус хуралдаанаар Холбооны нөөцийн гишүүд бодлогын хүүгийн зорилтот түвшинг 3.5–3.75 хувь дээр хэвээр хадгалахыг санал нэгтэй гаргасан нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байв. Харин зах зээл ирэх 6 сард бодлогын хүүг бууруулах боломжийг харж байхад Жером Пауэлл цаашдын бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаар тодорхой зүйл хэлээгүй байна.
ЗАЛГАМЖ ХАЛАА
Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн Банкны дараагийн удирдагч хэн байж болохыг хэлэлцэж байна. Анхны бүрэн эрхийнхээ эхэнд Пауэллийг энэ албан тушаалд томилж байсан ч Дональд Трамп сүүлийн жилүүдэд Жером Пауэлл болон Холбооны Нөөцийн Банкны бодлогыг нийтэд нь байнга шүүмжилж, инфляц 2 хувийн зорилтоос нэлээд өндөр хэвээр байхад ч хүүг огцом бууруулах ёстой гэж үзсээр ирсэн юм.
Дональд Трамп дараагийн Холбооны Нөөцийн Банкны даргын сонголтод “бодлогын хүүг бууруулах” шалгуурыг гол үзүүлэлт болгож байгаа бөгөөд зах зээлийн оролцогчид дараагийн төв банкны удирдагч төв банкны хуульд заасан хараат бус байдлыг Ерөнхийлөгчид алдах вий гэж болгоомжилж байгаа.
Шинжээчид BlackRock компанийн бондын хөрөнгө оруулалтын захирал Рик Ридерийг дараагийн Холбооны Нөөцийн Банкны дарга болох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэж байна. Үүнээс гадна Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассетт, Холбооны нөөцийн захирагч Кристофер Уоллер, мөн өмнө нь Холбооны нөөцийн захирагч байсан Кевин Уорш нар нэр дэвшигчдийн тоонд багтаж байна.
Холбооны Нөөцийн Банкинд нөлөөгөө нэмэгдүүлэх оролдлогынхоо хүрээнд Дональд Трамп моргейжийн зээлийн мэдүүлэгтэй холбоотой худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Захирагч Лиза Күүкийг ажлаас нь чөлөөлөхийг оролдсон. Энэ хэрэгтэй холбоотой Дээд шүүхийн хэлэлцүүлэгт Пауэлл өнгөрсөн долоо хоногт биечлэн оролцсон нь Сангийн сайд Скотт Бессентийн зүгээс “алдаа” хэмээн шүүмжлүүлсэн юм.
Гэсэн ч Пауэлл лхагва гарагт “Холбооны нөөцийн банкны даргын хувьд тэнд очихгүй байсан бол яагаад гэдгээ тайлбарлахад маш хэцүү байх байсан” гэж хариулав.
“Энэ хэрэг бол Холбооны нөөцийн банкны 113 жилийн түүхэн дэх хамгийн чухал хууль эрх зүйн маргаан байж магадгүй. Тиймээс би бодож үзээд, очоогүй байснаа тайлбарлахад бэрх санагдсан, тиймээс очсон” хэмээн тэр шүүхэд очсоноо тайлбарлажээ.







