



















Тэр хэдийгээр өмч хөрөнгө гэх юмгүй ядуу байсан боловч зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцөд нэвтрэн орж өөрийн гэсэн орон зайг эзлэн, эзэнт улсаа байгуулжээ. Тэр Италд төрж, Италд нас барсан юм. Түүний өссөн гудамж нь Америкийн гэмт хэргийн үүр уурхай болсон хороолол байсан бөгөөд хэрэн тэнэсэн тэнүүлч хүүг ирээдүйн томоохон дээрэмчин болон хувирахад нөлөөлсөн юм. Эцэг, эх нь түүнд Салваторе Лучиано гэдэг нэрийг хайрласан боловч тэр нэрээ Чарлес Лучиано болгон өөрчилжээ. Өнгөрүүлсэн амьдралыг нь эргэн харахад томоохон бизнесийн мөсөн оргил, хар сүүдэр, мафи, буу, аллага, мөнгө гэсэн үгүүдээр тодорхойлогдоно.
Түүний гэр бүл Италиас АНУ-д цагаачлан ирэх үед тэрээр дөнгөж 9-хөн настай байсан бөгөөд Лучиано маш эрт гудамжны амьдралд гарчээ. Дэлгүүрээс хулгай хийх, хар тамхи зөөсний улмаас хуулинхантай таарсныг эс тооцвол нэг ч удаа баригдаж үзээгүй байна. Лучианог зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцөд ихээхэн нөлөөтэй болоход нь түүний багын анд Еврей үндэстэн Меуер Лански ихээхэн үүргийг гүйцэтгэсэн гэдэг. Хэрвээ Лучианог томоохон барилга барьжээ гэж үзвэл түүний зохион бүтээгч нь яах аргагүй Меуер Лански байсан юм. Тэдний хүүхэд үеийн уулзалт нь еврей болон Италийн зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсэх суурийг тавьсны дээр харгис, хайр найргүй зан чанар нь өөрсдийн хэрцгий гэсэн нэр хүндээ өргөх боломж олгож байв.
1920 онд бий болсон архины эсрэг (хуурай хэмээн алдаршсан хууль) хуулийг ашиглан Лаки болон Лански нар хууль бусаар согтууруулах ундааг гадаадаас оруулж ирэн архи борлуулагчдад нийлүүлдэг болсон. Томоохон хөлөг онгоцнуудад жижиг завийг ачуулдаг байсан нь тэдэнд хориотой наймаа эрхлэх боломж олгожээ. Хөлөг онгоцнуудад завийг ачуулаад Нью-Иоркийн усан боомт дээр тосон авдаг байв. Тухайн үедээ Нью-Иоркийн зохион байгуулалттай хамгийн том гэмт бүлэглэлийг Массерено болон Криспе Маранцанно нар толгойлж байсан. Лучиано энэ хоёр толгойлогчийн хоорондын тэмцлийг тэсэн ядан хүлээж байлаа. Энэ тэмцэл нь 1920 оны сүүлээр болсон бөгөөд их цус асгаруулсан энэхүү тэмцлийг түүхэнд Кастеллмарсийн дайн гэж тэмдэглэн үлджээ. Нью-Йоркийн зохион байгуулалттай гэмт хэрэгт хүч хэрэглэх нь хэт замбараагүй байдлыг авчирч байна гэж үзээд өөрийн эзнийг цааш харуулж хүч хэрэглэх явдалд төгсгөл тавихыг санаархаж байсан Лаки эзнээ Итали зоогийн газарт сүүлчийн зоогоо барихад нь их үүрэг гүйцэтгэсэн байна. Массереног нас барсны дараа Лакигийн хүсэж мөрөөдөж байсан газрыг Маранцанно эзэмшилдээ авсан нь түүнийг ахин хүлээхэд хүргэжээ.
Лаки Маранцаннод таалагдахын тулд Сицилийн уламжлалт хатуу гарын аргыг хэрэглэн нэгдсэн нэг бүтэц зохион байгуулалттай захирлуудын зөвлөл байгуулах санаагаа Маранцаннод танилцуулсан нь түүнд ихэд таалагдаж эздийн эзэн болж эртний домогт жанжин Юлий Цезар болох мэт л мөрөөдөлдөө автаж байлаа. Маранцанногийн хамгийн ихээр хүсч байсан зүйл нь Юлий Цезарын алдааг тойрон гарах явдал юм. Гэвч Лакиг хэт овсгоотой, хувиа хичээсэн хүн болохыг ойлгосон боловч хэтэрхий оройтсон байв. Гудамжинд цагдаад буудуулан үхсэн Маранцанногын үхэл нь Лакигийн найз Беняамин Сигал, Меуер Лански нарын зохион байгуулсан ажил болохыг ойлгоход нэг их төвөггүй байлаа. Ингээд эрт цагийн Сицилийн дээрэмчдийн зохион байгууллалтыг эвдсэн Лучианог дагалдагчид захаас аваад бий болж эхэлжээ.
Чикагогийн зохион байгуулалттай гэмт хэргийн толгойлогч Эл Капонегийн алан хядах замаар хүчлэн явуулдаг бизнесийг бодвол Лучианогийн бизнес цус бага асгаруулж байлаа. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо Лакигийн өсөлт дэвшлийг усны тогтонги хэсэг гэж дүрсэлж байв. Тэрээр өөрийн өстөн дайснаа дарснаар зохион байгууллалттай гэмт хэргийг шинэчилэн, өөрчлөх боломжтой болж гэмт хэргийн синдикатыг бий болгох замруу аажуухан хөдөлгөсөн. Синдикат нь тодорхой нэг хэсэг газрын дэлгүүр, мухлаг, хар тамхиний бизнес, биеэ үнэлэгч, хулгай дээрэм, элдэв нэгдэл холбоодын үйл ажиллагааг хянадаг хэд хэдэн гэр бүлээс бүрдэж байв. Шинээр бий болсон Синдикатын нөлөө өдөр ирэх бүр улам өсөн дэвжиж хууль ёсны болох, улс төрчид болон хуулийн ажилтнуудыг өөртөө элсүүлэх, авилгал өгөх замаар өргөжиж байлаа. Лучиано гангестеруудын шинэ хэв маягыг ч тодорхойлсон хүн юм. Баячуудын хороололд амьдарч, үнэтэй костюм, гар хийцийн гутал, торгон зангиа, кашмиран пальто нөмөрч бүрх малгай духдуулдаг байжээ. Шөнийн клубийн хүүхнүүд, цэнгээний газрын охид, холливудын од эмэгтэйчүүд түүүнийг хүрээлхээс гадна, тухайн үеийн одод болох Френк Сенатра, Жорж Рот нартай найзалдаг байсан.
1935 онд Нью-Йорк хотын тусгай прокуроороор Томас И.Деви томилогдсон нь Лучианогийн тансаг амьдралд төгсгөл авчирчээ. Прокурорын газар Лучианог тус хотын зохион байгуулалттай гэмт хэргийн ХААН гэж нэрийдээд биеэ үнэлэх ажлыг зохион байгуулсан гэдгээр хэрэг бүрдүүлж шүүхэд дуудсан нь сонин хэвлэлээр ихээхэн шугиан дэгдээхэд хүргэсэн байна. Шүүхэд дуудагдсан Лучианог хэвлэл мэдээллийнхэн өмөөрч Миаямыг байгуулахад ихэд хүч зарцуулж, их хэмжээний мөнгө оруулсныг нь ард түмэн санан дурсдаг, Лучианог буруутгах ямар ч үндэслэл байхгүй түүнрүү харж инээмсэглэдэг охидод л тэр 100 доллар өгдөг байснаас биш дууч эмсийн зууч гээд байгаа нь түүнийг гудамжинд гаргах оролдлого хэмээн бичиж байв. Гэсэн хэдий ч 1936 оны 6 дугаар сард 62 дугаар зүйл ангиар ял тулгаж 30-50 жил хорих ял өгчээ. Лаки өөрийн эрх чөлөөг ямар ч үнээр хамаагүй олж авахыг зорьж байсан үед нь Гитлерийн шумбагч онгоцнууд Холбоотнуудын олон хөлөг онгоцнуудыг живүүлж байлаа. Тухайн үеийн АНУ-ын тагнуулчид болоод цэргийнхэн дээрх ялагдлаас Назийн талыг баримтлагчид л аварч чадна гэж үзэж байв. Францын суудлын усан онгоцыг өөрчлөн байлдааны хөлөг болгосон боловч Нормандын Хадсон голд живжээ. Энэхүү сүйрлийг ахин гаргуулахгүйн тулд Холбоотны армийн удирдлага хэнтэй ч ямар ч хэлцэл хийхэд бэлэн байсныг Лански зуучлан Лучианотой уулзуулж өгсөн байна. Лучианогийн дээрэмчид, гар хөл бологчид нь загасчдын дүрд хувиран шумбагч онгоцны мэдээлэл, газрын зураг, төлөвлөгөө зэргийг тагнуулчдын гарт атгуулжээ. Италийг дайран эзлэх төлөвлөгөө боловсруулахад нь холбоотнуудад мөн л Лучианогийн тусламж хэрэгтэй болсон юм. 1945 оны Ялалтын өдөр Лучианогийн өмгөөлөгч нь түүний дайнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нигүүлсэнгүй хандхыг хүссэн өргөдөл гаргасан байна.
Эцсийн эцэст түүнийг цөллөгт явахад хүргэжээ. Түүнийг хэзээ ч АНУ-д хөл тавихгүй гэсэн шийдвэртэйгээр 1946 оны 2 дугаар сард Италируу явуулжээ. Сарын дараа гэхэд Лучиано Кастрогийн өмнөх Кубагийн наранд гарсан. Лучианог Кубийн наранд гарахад Ланскигаас гадна Френк Сенатра ч ихийг төлсөн. 1947 оны 2 дугаар сард АНУ-ын Хар тамхитай тэмцэх албад Лучианог Кубад хар тамхи хулгайгаар борлуулах дэлхийг хамарсан сүлжээг зохион байгуулан төлөвлөж, гарч ирж буй талаарх мэдээллийг эрх баригчдаддаа өгсөн нь Италруу дахин хөөгдөх шалтгаан болсон байна. Тэрээр 1962 оны нэгдүгээр сарын хоринзургаанд төрсөн эх орондоо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний үхэл цаг бусаар одсон өмнөх толгойлогчдоо бодвол байгалийн жамаараа нас барсан нь зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцөд хийсэн шинчлэлүүдийнх нь нэг байлаа.
Лаки Лучиано нь гэмт хэрэгтнүүдийг өөртөө татдаг аргаараа Америкчууудыг гайхуулж байв. 'Бурхан надад дахин төрөх боломж олгодог юм бол би бүхнийг хуулийн дагуу хийхсэн. Хууль бусаар олсон мөнгөө үнэнч шударга хөдөлмөрөөрөө олох боломж байсныг би хожуу ойлгосон юм. Хэрвээ миний цаг үе ахин ирвэл би юуны өмнө ЛИЦЕНЗ худалдан авах болно" гэсэн нь түүний хэлсэн сүүлчийн агуу үг байлаа.










