



















Солонгосын алдарт дуучин Чой Вонсүг (урлагийн нэрээр Wheesung)-ийн гэнэтийн үхэлтэй холбоотой шинэ мэдээлэл олон нийтэд хүрлээ. Хууль сахиулах байгууллагын зүгээс мэдээлснээр, хэргийн газар хүч хэрэглэсэн ул мөр болон гаднын нөлөө илрээгүй ч, өөрийн амь насыг хохироосон эсвэл мансууруулах бодистой холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. "Korea JoongAng Daily"-ийн мэдээлснээр, дуучны цогцсын хажууд тариур олдсон нь шалгалт хийх шалтгаан болсон байна.
Үндэсний Шүүх Шинжилгээний Газраас (National Forensic Service) лхагва гарагт хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт тодорхой бус гарчээ. "Үхлийн шалтгаан тодорхойгүй байна" гэж шинжээчид Сөүлийн Гванжин цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд зарим тохиолдолд үхлийн шалтгаан шууд тогтоогддог ч, энэ удаа илүү нарийвчилсан шинжилгээ шаардлагатай гэж тайлбарлажээ.
Гаднын ямар нэг гэмтэл илрээгүй тул мөрдөн байцаалт илүү хүндрэлтэй болж, одоогоор бодисын хэрэглээтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм. "Мансуурах бодис хэрэглэсэн шинж тэмдэг байсан, гэхдээ тухайн бодисын хэмжээ үхэлд хүргэхүйц байсан эсэх, мөн яг ямар эм бэлдмэл вэ гэдгийг тодруулах шаардлагатай" гэж цагдаагийн төлөөлөгч ярьжээ. Бүрэн дүнтэй шинжилгээний хариу 2 долоо хоногийн дараа гарна.
Мөн дуучин хэрхэн тайвшруулах эмүүдийг олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. "Энэ бодисууд шууд үхэлд хүргэсэн эсэхээс үл хамааран хууль бус аргаар олж авсан эсэхийг тогтооно" гэж хууль сахиулагчид мэдэгджээ.
Чой өмнө нь 2021 онд пропофол (тарьдаг унтуулагч эм) хууль бусаар хэрэглэсэн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Тэрээр 2019 оны 9-11 сард нийт 6.5 сая вон (ойролцоогоор 4,468 ам.доллар)-оор 12 удаа уг эмийг авч хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн 2020 онд этомидат (пропофолтой төстэй унтуулагч эм) хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоёр удаа ухаангүй олдож байсан юм.
1982 оны 2-р сард төрсөн Чой 2002 онд "Like A Movie" нэртэй анхны цомгоороо уран бүтээлээ эхлүүлж, "Insomnia" (2009), "Heartsore Story" (2011) зэрэг олон хит дуугаараа танигдсан.
Дуучин мэргэжлийн хувьд идэвхтэй байсан бөгөөд 3-р сарын 6-нд өөрийн сүүлийн сошиал постдоо "Хоолны дэглэм дууслаа. 3-р сарын 15-нд уулзъя" хэмээн тоглолтдоо бэлдэж буйгаа илэрхийлсэн. Тэрээр 3-р сарын 15-нд хамтлагийн дуучин KCM-тэй хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж байсан.
Yonhap News Agency-ийн мэдээлснээр, Чойгийн гэр бүл Сөүл хотын Самсунг эмнэлэгт 3 өдрийн турш олон нийтийн гашуудлын ёслол хийхээр болжээ. Анх хувийн байдлаар хийх гэж байсан ч ээжийнх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан, олон нийтэд нээлттэй болгохоор шийдсэн байна. "Ээжийнх нь бие тааруу байгаа тул анх хувийн ёслол хийх гэж байсан. Гэвч Чойг хайрласан олон хүмүүст хамтдаа гашуудан үдэж өгөх боломж олгохоор боллоо" хэмээн агентлагаас мэдээлсэн байна.
Түүний ах мэдэгдэлдээ: "Дүү минь өөр хэнд ч тайвшруулж чадахааргүй, хэт гүн ганцаардлыг туулж байсан. Тэр энэ мэдрэмжээсээ ангижрах гэж амьдралаа бүх хүчээрээ тэмцсэн. Та бүхнийг миний дүүгийн сүүлчийн аянд хамт байхыг хүсэж байна. Тэр ганцаараа битгий яваасай" хэмээн бичжээ.










