



















Цэргийн диктатурын үеийн нөхцөл байдлыг дүрсэлж, нөхөр нь ор сураггүй алга болсон таван хүүхдийн эхийн бодит түүхийг өгүүлсэн Бразилын "Би одоо ч энд байна" кино нь Ням гарагт түүхэн амжилт гаргаж, Бразилын кино анх удаа Оскарын гол номинацид ялалт байгууллаа. Гэвч уг кино "Шилдэг кино" шагналыг хүртэж чадсангүй. Энэхүү шагналыг "Анора" кино хүртсэн бол, Бразилын жүжигчин Фернанда Торрес "Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин" шагналыг авч чадаагүй юм.
59 настай Торрес уг дүрээрээ Олон улсад алдар нэрийг олж, "Алтан бөмбөрцөг" шагнал хүртсэн билээ.
Тэрээр Оскарын шагналд нэр дэвшсэн хоёр дахь бразил жүжигчин болсон. Түүний ээж, алдарт жүжигчин Фернанда Монтенегро 1999 онд "Төв станц" киноны дүрээрээ нэр дэвшиж байсан ч тухайн үед шагналыг Гвинет Пэлтроу "Дурласан Шекспир" киногоор хүртэж байсан. Ийнхүү 26 жилийн зайтай ээж, охин хоёр Бразил Улсаас "Оскар"-т нэр дэвшсэн байна.
Ням гарагийн шагнал гардуулах ёслолын дараа Торрес Оскарын цом барьсан зургаа цахим сүлжээнд нийтэлж, "Бид одоо ч энд байна, баяр тэмдэглэсээр" хэмээн бичжээ.
Энэхүү кино нь 2015 онд Марсело Рубенс Паивагийн бичсэн дурсамж номоос сэдэвлэсэн бөгөөд гол дүрийн Эүнис Паивагийн хүү Марсело гэр бүлийнхээ харуусал, хүчирхийлэлд өртсөн түүхийг хуваалцсан байдаг.
Шагнал гардах үеэрээ найруулагч Вальтер Саллес уг шагналаа Эүнис Паива болон түүнийг кинонд дүрслэн бүтээсэн хоёр жүжигчин болох Фернанда Торрес, Фернанда Монтенегро нарт зориулж буйгаа мэдэгдсэн.
"Энэ бол зөвхөн нэг киноны амжилт биш. Энэ бол соёлын, Бразилын кино урлагийн амжилт юм" хэмээн Саллес сэтгүүлчдэд хэлжээ.
Паивагийн гэр бүл Бразилд 21 жилийн турш үргэлжилсэн цэргийн дэглэмийн хохирогчдын нэг юм. 1964 оны төрийн эргэлтээс хойш олон мянган хүн баривчлагдаж, тамлагдан, хэдэн зуун хүн алга болж, зарим нь цөллөгт явж, хавчигдсан байдаг.
Саллес өнөөгийн дэлхий дахинд ардчилал улам хэврэгшиж буйг онцлон дурдсан байна.
"Би ардчилал энэ улсад (АНУ) ийм хэврэг байна гэж хэзээ ч бодож байгаагүй. Тиймээс Бразилд өнгөрсөнд тохиолдсон зүйл өнөөдөр бидэнд маш ойрхон санагдаж байна" гэж тэр хэлжээ.
Хамгийн сүүлд Бразил Улсаас "Оскар"-ын шагналд олон улсын киноны төрөлд нэр дэвшсэн бүтээл нь 1999 онд бүтээгдсэн "Төв станц" кино байв. Харин 1960 онд Франц, Итали, Бразилын хамтарсан "Хар Орфей" кино нь Оскарын олон улсын киноны төрөлд ялалт байгуулсан ч уг шагнал албан ёсоор Франц улсад олгогдсон байдаг.
"Оскар"-ын ёслол Бразилын Карнавал наадамтай давхцсан бөгөөд шагнал хүртсэн мэдээ тархмагц гудамжинд баяр хөөр дүүрэн уур амьсгал бүрдэв. Мянга мянган хүмүүс "Оскар"-ын цом барьж, эсвэл Фернанда Торресийн дүрд хувирсан хувцас өмсөн баяр хөөрөө илэрхийлж, хөгжим бүжиг, баярын жагсаал зохион байгуулжээ.
Гэсэн хэдий ч Торресийн шагнал авч чадаагүйд олон хүн гонсгор байсан.
Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва уг шагналыг "Дарангуйллын эсрэг тэмцлийн чухлыг харуулсан бүтээлийг үнэлсэн хэрэг" хэмээн онцлон тэмдэглэжээ. "Өнөөдөр бид Бразил хүн байгаадаа илүү их бахархах өдөр. Кино урлаг, уран бүтээлчид, хамгийн чухал нь бидний ардчилалд бахархах өдөр" хэмээн тэрээр цахим сүлжээнд бичсэн байна.










