



















"Coca-Cola" компани болон бусад ундаа, хүнсний компаниуд бүтээгдэхүүнийхээ орцонд эрдэнэ шишийн сиропын оронд нишингийн сахар ашиглах нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, өртөг өндөртэйн дээр АНУ-ын фермерүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ Лхагва гарагт Coca-Cola компанийхантай хийсэн уулзалтын дараа тус компани ундаандаа нишингийн сахар ашиглахаар болсон гэж мэдэгдсэн.

Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр. болон түүний “Америкийг дахин эрүүл болгоё” (Make America Healthy Again – MAHA) хөдөлгөөний идэвхтнүүд хүнс, ундааны салбарт орц найрлагыг өөрчлөхийг шаардаж, санал болгож буй орлуулгуудыг илүү эрүүл хэмээн үзэж байна.
Кеннеди сахар ч, эрдэнэ шишийн өндөр фруктоз бүхий сироп ч эрүүл бус гэж хэлсэн ч, эрдэмтдийн үзэж буйгаар нишингийн сахар нь өндөр фруктоз бүхий сиропоос тэжээллэг талаасаа илүү аж.
Гэвч уг өөрчлөлт дараах сөрөг үр дагавартай:
Нишингийн сахар руу шилжих нь нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсгэж, зардлыг нэмэгдүүлнэ
Эрдэнэ шишийн сироп нь нишингийн сахарнаас хямд тул АНУ-ын хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг
CRA (АНУ-ын Цардуул, Чихэрлэг бүтээгдэхүүний холбоо)-ний тооцоогоор, эрдэнэ шишийн сиропыг халбал жилд 5.1 тэрбум ам.долларын фермерийн орлого алдагдана
Бразилаас нишингийн сахар импортлох боломжийг татвар хүндрүүлнэ
Coca-Cola компани аль хэдийн Мексик зэрэг зах зээлд нишингийн сахар агуулсан ундаагаа зардаг ба АНУ-ын зарим хүнсний дэлгүүрүүд “Мексик ундаа” нэртэй, шилэн савтай нишингийн сахар агуулсан ундааг худалдаалдаг.
Трампын мэдэгдэлд хариу болгон Coca-Cola компани “Coca-Cola брэндийн шинэ, шинэлэг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг удахгүй дэлгэнэ” гэж мэдэгдсэн.
Харин PepsiCo компани энэ Пүрэв гарагт “Хэрэглэгчид хүсвэл Pepsi ундаанд ч ниншингийн сахар ашиглана” гэж мэдэгдлээ.










