



















Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) лхагва гарагт мэдэгдэл гаргаж, хөлбөмбөгөөр дамжуулан эв нэгдэл, итгэл найдвар түгээж буй хувь хүмүүсийг алдаршуулах зорилготой шинэ шагналыг (“FIFA Peace Prize – Football Unites the World” буюу “ФИФА-ийн Энх тайвны шагнал – Хөлбөмбөг дэлхийг нэгтгэнэ” ) бий болгосноо зарлалаа.

Уг шагналыг анх удаа 2026 оны ДАШТ-нд оролцох багуудын оноолтын сугалааны ёслолын ажиллагааны үеэр АНУ-ын Вашингтон хотод гардуулах аж.
ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэлдээ:
“Хөлбөмбөг энх тайвны бэлгэ тэмдэг юм. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны нэрийн өмнөөс өгөх энэхүү "FIFA Peace Prize – Football Unites the World" шагнал нь ард түмнийг нэгтгэж, ирээдүй үеийнхэнд итгэл найдвар өгч буй хувь хүмүүсийн асар их хүчин чармайлтыг хүндэтгэж байгаа болно” гэжээ.
Инфантино шагналын талаарх мэдэгдлээ Майамид болсон America Business Forum-д оролцохоос өмнө хийсэн бөгөөд America Business Forum-д АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Аргентины домогт аварга Лионель Месси нар илтгэл тавьсан байна.
Одоогоор анхны шагналыг хэн авах нь хараахан ил болоогүй байгаа ч шуудхан л АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт олгогдох магадлалтай гэсэн таамаг гарч эхэлсэн байна. Дональд Трамп Инфантино хоёр ихээхэн найрсаг харилцаатай бөгөөд энэ оны 12-р сарын 5-нд Вашингтон хотын Кеннеди төвд болох сугалааны ёслолд өөрийн биеэр оролцоно гэж мэдэгдсэн.
Трамп наймдугаар сард Инфантинотой хамт Цагаан ордноос мэдэгдэл хийж, ДАШТ-ний сугалааны ёслолын ажиллагааг Кеннеди төвд зохион байгуулна гэж зарласан бөгөөд тэрбээр энэ төвийн удирдах зөвлөлийн даргаар томилогдон “woke” соёлын эсрэг тэмцэж байна гэж мэдэгджээ.
2025 оны 1 дүгээр сард хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр буцаж ирснээсээ хойш Дональд Трамп дэлхийн олон бүс нутгийн зөрчилдөөнүүдийг шийдвэрлэхэд гүйцэтгэсэн үүргээ дурдаж, Нобелийн энх тайвны шагнал хүртэх ёстой гэж байнга мэдэгдэж ирсэн юм.
Гэвч өнгөрсөн сард Норвегийн Нобелийн хороо түүнд биш, харин Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Мариа Корина Мачадод 2025 оны Энх тайвны Нобелийн шагналыг олгож, Трампыг үл тоосон юм.
2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канад, Мексик гурван улс хамтран зохион байгуулах бөгөөд ирэх оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд явагдана.










