



















Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг БНСУ-ын Ерөнхийлөгч асан уналт, амжилт гээд бүхнийг туулсан хатагтай, бас "Ялтан" асан Пак Гын Хе өгөх болно. Тэрээр БНСУ-ын домог болсон Ерөнхийлөгч Пак Чун Хи-гийн охин, цагтаа БНСУ-ын хамгийн залуу тэргүүн хатагтай гэгдэж байсан.

Түүний амьдрал хэн хүний даваад гардаггүй бэрх хэцүү, бас хариуцлагатай, мэдээж сонирхолтой байсан гэдэг. Алан хядагчийн суманд ээж нь өртөн алагдсаны дараа ээжийнхээ орыг залгаж тэргүүн хатагтай гэсэн эрхэм нэрийг зүүж байсан бол аавынхаа орыг залж БНСУ-ын Ерөнхийлөгч болж удалгүй ард түмний ширүүн тэмцэл дор суудлаа өгсөн. Удалгүй шүүхээр яллагдаж, эцэст нь өршөөгдөж асан "Эцгийн эрхэт ёс" гүн бат шингэсэн БНСУ-д эмэгтэй хүн Ерөнхийлөгч болсон нь нэгэн үзэгдэл байсан биз. Гэхдээ Пак Гын Хе хатагтай тухайн үедээ Ерөнхийлөгч болоход гайхаж тээнэгэлзэх хүн тус улсад гараагүй л болов уу. БНСУ-д Ерөнхийлөгч Пак Гынхе-ийн аавыг дарангуйлагч гэж зарим нэг нь үздэг байхад, биднийг өдий зэрэгт хүргэж, дэлхийн хүчирхэг 20 орны тоонд ороход суурийг нь тавьсан хүн бол Пак Чун Хи Ерөнхийлөгч гэж хэлэх хүн ч байдаг. Ямар дэнсэн дээр тавьж яаж харахаа БНСУ-ын ард түмэн мэдэх бол бидний хувьд Пак Чун Хи Ерөнхийлөгч болоод Пак Гын Хе Ерөнхийлөгч бол бахдам түүхтэй хүмүүс билээ. Түүний ерөнхийлөгч эсвэл ялтан байсан эсэхээс үл хамаарч эмэгтэй хүн улстөрд ямар хүнд давааг туулдагийг биеэрээ үзүүлсэн зоримог эмэгтэй бол яах аргагүй тэр юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хе “Бага байхад аав ээж хоёр маань байнга л тэмдэглэлийн дэвтэртэй явдагсан. Ялангуяа аав минь тэмдэглэлийн дэвтрээс сална гэж үгүй. Түүндээ зөвлөхүүдийн ярьсан хэлснээс гадна ард түмний санал хүсэлтийг жирийлгэн бичээд зай завсар гарах бүр л эргүүлэн уншиж судалж суудаг байлаа. Хэлсэн ярьсан санасан бодсоноо мартаж болно. Харин цагаан цаасан дээр бичиж үлдээсэн зүйл бол 100 жил өнгөрсөн ч гэсэн хадгалагдана гэж ээж минь итгэдэг байлаа. Бага байхаасаа аав, ээжийнхээ бичиж тэмдэглэхийг харж өссөн болоод ч тэр үү би ч гэсэн бичиж тэмдэглэдэг. Тиймээс л надыг “Бичээч авхай” хэмээн хочилсон байх. Тиймээс аливаа хэлсэн ярьснаа байнга бичиж тэмдэглэж бай. Түүн дундаа өгсөн амлалтаа тэмдэглэж аваад, байнга эргүүлж, тойруулж уншин санаж байгаарай” хэмээн бидэнд зөвлөжээ. Дан ганц улс төрч хүн бус эрхэм та ч гэсэн хэн нэг харилцагчдаа, түншдээ, найздаа амлалт өгсөн бол даруйхан тэмдэглээд аваарай.











