



















АНУ-ын тэргүүн хатагтайгаар хоёр дахь удаагаа өргөмжлөгдөөд байгаа Мелани Трамп “Цагаан ордон”-ыг ахин олон нийтэд нээлттэй болгох тухайгаа зарлалаа. Түүний ажлын албанаас "Ерөнхийлөгч бид хоёр энэ гайхалтай домогтой, үзэсгэлэнт ордны онцгой түүхийг сонирхож буй зочдод дахин нээж байгаадаа баяртай байна" гэж хоёрдугаар сарын 12-нд гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тус мэдэгдэлд "Цагаан ордонд ирсэн зочид Америкийн Ерөнхийлөгчийн институт, энд амьдарч байсан Ерөнхийлөгчид, түүний гэр бүлүүд, манай улсын баялаг түүхийг өөрийн нүдээр үзэж суралцах боломжтой. Энэхүү боломж нь дэлхийн бусад улс орнуудаас онцгой бөгөөд жил бүр ирдэг олон зуун мянган зочдыг хүлээн авдаг уламжлалыг үргэлжлүүлэх нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм" хэмээн дурдсан байна.
Энэ сарын эхээр Мелани Трамп "HOLA! USA" болон "HELLO!" сэтгүүлийн дижитал хувилбарын нүүрийг чимсэн юм. Тус онцгой дугаарт, 2019 онд “Цагаан ордон”-ны интерьер дизайнераар томилгдсон Тхам Канналикхам хэлэхдээ: "Хатагтай Трамп бид хоёр Америкт төрөөгүй ч энэ улсад гүн гүнзгий хайртай. Тиймээс ч аливаад жижиг гэлгүй хариуцлагатай хандах ёстой гэж үздэг. Бид “Цагаан ордон”-ыг зохих хүндэтгэлтэйгээр хадгалж, авч үлдэх үүрэгтэйгээ ухамсарлаж, энэ түүхэн байшингийн хамгаалагчийн үүргээ ойлгон ажилладаг" гэжээ.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөхийн өмнө "Fox & Friends" нэвтрүүлгийн хөтлөгч Айнсли Эрхардт хатагтай Мелани Трампаас Доналд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа та ихэнх цагаа хаана өнгөрөөх вэ? хэмээн асуухад тэрээр "Би ихэнхдээ Цагаан ордонд байх болно" гэж хариулжээ. "Харин Нью-Йорк хотод байх шаардлагатай бол тэнд байна. Палм-Бичид байх хэрэгтэй бол мөн тэнд байх болно" хэмээн нэмж хэлсэн байна.
Мөн тэрээр цааш нь "Гэхдээ миний хамгийн тэргүүн зорилт бол ээж байх, тэргүүн хатагтай байх, эхнэр байх. Харин нэгдүгээр сарын 20-нд нэгэнт “Цагаан Ордон”-д орсныхоо дараа эх орондоо үйлчлэх явдал юм" гэжээ.
“Цагаан ордон”-той танилцах аялал хийхээс өмнө мэдэх ёстой зүйлс:
“Цагаан ордон”-той танилцах аялал хэзээ эхлэх вэ?
“Цагаан ордон” олон нийтэд зориулсан танилцах аяллаа хоёрдугаар сарын 25-ны Мягмар гарагт эхлүүлнэ.
"Цагаан ордон"-ны танилцах аялалд хөтөч байдаг уу?
Эдгээр аяллууд нь өөрөө удирдах аялал хэлбэрээр явагдана гэж Тэргүүн хатагтай Мелани Трампын ажлын албанаас мэдээлсэн.
"Цагаан ордон”-той танилцах аялал хэр удаан үргэлжлэх вэ?
Танилцах аялал ойролцоогоор 45 минут үргэлжилнэ.
“Цагаан ордон”-той танилцах аялал хэдэн цагт эхлэх вэ?
Мягмараас Пүрэв гараг хүртэл өглөө 7:30-аас 11:30 хүртэл
Баасан болон Бямба гарагт өглөө 7:30-аас 13:30 хүртэл явагдана.
АНУ-ын албан ёсны амралтын өдрүүдэд танилцах аялал явагдахгүй.










