



















XX зуунд Америкийн Нэгдсэн Улсад хамгийн залуудаа цаазаар авхуулж, хөнөөгдсөн хүн бол 14 настай Жорж Стинни гэх хүү юм. Шүүх хурал үргэлжлэх хугацааны турш тэр Библи барьж, өөрийгөө гэмгүй хэмээн мэдэгдсээр байсан ч түүнийг цахилгаан сандал дээр суулгасан гэдэг.

1944 оны зургадугаар сард АНУ-ын Өмнөд Каролина мужийн хар арьст өсвөр насны хүү Жорж Стиннийг 11 настай Бетти, 7 настай Мэри гэх хоёр цагаан арьст охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан байна. Тэдний цогцсыг Стиннигийн гэрийн ойролцоогоос олсон аж. Харамсалтай нь Стинниг хэрэгт холбогдуулан нотлох баримт хангалтгүй байсан ч шүүх хурал хэдхэн цаг үргэлжилжлээд цаазаар авах шийдвэр гаргасан ажээ.
Хэрэгт ашиглагдсан гэх зэвсэг нь 19 килограммаас хүнд модон дам нуруу байсан бөгөөд ийм жинтэй зүйлийг 14 настай чөргөр, жижиг биетэй хүү өргөж, хүний амь насанд хүрэх хүртэл цохих боломжгүй байлаа. Үүнээс гадна гэрчүүдийн мэдүүлгүүдэд түүнийг буруутгах тодорхой нотолгоо байгаагүйг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн ч арьс өнгөөр ялгаварласан орчинд Жорж Стиннийг гэм буруутайд тооцож, цаазын ял оноожээ.
Түүнийг цахилгаан сандалд суулгаад, толгой руу нь 5'380 вольтын хүчдэл дамжуулсан байна. Түүний нас бага, хэрэг явдал илт шударга бус байсан ч тухайн үед олон нийтийг төдийлөн цочроосонгүй. Харин энэ түүх цаг хугацааны уртад хар бараан дурсамж болон үлдсэн юм.
Далан жилийн дараа буюу 2014 онд Өмнөд Каролина мужийн шүүгч Жорж Стинни Жрыг албан ёсоор цагаатган, түүнийг хилсээр ялласныг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь өнгөрснийг өөрчилж чадаагүй ч ноцтой шударга бус явдлыг түүхийн өмнө залруулсан алхам байлаа.
Жорж Стинни Жрын түүх нь урьдач үзэл, айдас, яаруу шийдвэр зэрэг нь хүүхдүүдийн амьдралыг хүртэл хэрхэн сүйтгэж болдгийн тодхон жишээ юм. Түүнчлэн үнэн, шударга ёсыг эрэлхийлэх нь хэдэн арван жилийн дараа ч гэсэн үр дүнгээ өгдгийг гэрчилж байна.
Өөр хэдэн залуугийн амь ийм шударга бус явдлын золиос болсон бол түүх санахгүй өнгөрсөн бол? Таныг хүрээлсэн бүх зүйл тэдний эсрэг байхад та гэмгүй хүнийг хамгаалан тэмцэх зориг гаргаж чадах байсан болов уу? гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.










