
ТОВЧХОН
Жошуа Вон нь Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу гадаадын хүчинтэй хамтран Хонконг, Хятадын эсрэг олон улсын хориг арга хэмжээ болон бусад дайсагнасан үйлдэлдээ дэмжлэг эрэлхийлсэн гэх хэрэгт гэм буруугаа хүлээсэн байна. Энэ зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноох боломжтой ч түүнд яг ямар ял оноох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн лхагва гараагт Хонконгийн шоронд хоригдож буй, одоо татан буугдсан Demosisto улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Жошуа Вон Чи-Фунг Дээд шүүхийн өмнө үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зорилгоор гадаад улс орон болон гадаадын хүчинтэй хуйвалдсан гэх нэг зүйл ангиар буруугаа хүлээлээ.
Өдгөө 29 настай Жошуа Вон шүүх хурлын үеэр шүүгч Уильям Там Иу Хо-гийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу уг гэмт хэргийг хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноох боломжтой.
Шүүхийн сонсголоор Вон нь намынхаа гишүүн, одоо оргон зайлсан парламентын гишүүн асан Натан Ло Кун-Чун болон Хонконг дахь бусад хүмүүстэй хамтран, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүс (HKSAR) болон БНХАУ-ын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгээс хориг арга хэмжээ тогтоолгох, болон бусад дайсагнасан арга хэмжээ хэрэгжүүлэхэд дэмжлэг авахыг зорьсон гэж үзжээ.
Тэд энэ үйл ажиллагаагаа 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 23-ны хооронд явуулсан гэж улсын яллагч мэдэгдсэн байна.
Хэргийг олон нийтийн анхаарлыг ихээр татсан гэж үзсэн тул шүүгч Там улсын яллагчид хэргийн талаарх хураангуй мэдээллийг шүүх хурал дээр уншиж танилцуулахыг даалгажээ.
Ло, Вон болон бусад идэвхтнүүд 2016 онд Demosisto намыг байгуулсан бөгөөд Ло тус намын анхны даргаар ажиллаж байв. Тус намын анхны зорилтуудын нэг нь салан тусгаарлах үзэл байсан гэж улсын яллагч мэдэгдсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Demosisto байгуулагдсаны дараа Вон болон Ло нар гадаадын улс орнуудаар олон удаа аялж, олон улсын хүрээнд лобби хийх, гарын үсэг цуглуулах кампанит ажил зохион байгуулах, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх зэргээр өөрсдийн улс төрийн байр суурь, үйл ажиллагааг дэмжүүлэхийг зорьжээ.
Demosisto 2020 оны 6 дугаар сарын 30-нд, өөрөөр хэлбэл Хонконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдөр, уг хууль хүчин төгөлдөр болохоос хэдхэн цагийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон.
Гэсэн хэдий ч Вон цахим орчинд мэдэгдэл хийхдээ өмнө нь нийтэлсэн постуудаа устгахгүй, өөрийн байр суурийг орхихгүй, мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцах үйл ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ илэрхийлсээр байсан байна.
Улсын яллагчийн зүгээс Логийн гаргасан нэг хүсэлтийг онцолжээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа цахим өргөдөл гаргасантай холбогдуулан Ло Израилийн Cellebrite компанид хандан Хонконгийн цагдаагийн байгууллагад цаашид дижитал шүүх шинжилгээний үйлчилгээ үзүүлэхээ зогсоохыг хүссэн байна.
Мөн хэргийн хураангуйд 2020-2021 онд АНУ, Их Британи, Франц, Герман улс БНХАУ болон Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг дурджээ.
Үүнд АНУ Хонконг болон эх газрын Хятадын 15 албан тушаалтанд хориг арга хэмжээ авсан явдал, мөн Их Британи, Франц, Герман улс Хонконгтой байгуулсан ялтан шилжүүлэх гэрээнүүдээ дараалан түдгэлзүүлсэн зэрэг арга хэмжээ багтсан байна.
Мөн энэ хугацаанд Cellebrite компани Хонконг болон эх газрын Хятад дахь үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргасан талаар хэргийн хураангуйд дурджээ.
Вон шүүхээс хөнгөрүүлсэн ял оноож өгөхийг хүссэний дараа шүүгч Там түүнд ял оноох асуудлыг аль болох богино хугацаанд зарлахаар шүүхийн шийдвэрийг хойшлуулсан байна.
Шүүгч мөн Вон өөр хэрэгт буюу хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхээр хуйвалдсан гэх нэг зүйл ангиар ял шийтгүүлсэн бөгөөд уг ялын шийтгэлийн хугацаа ирэх оны 1 дүгээр сарын 7-нд дуусаж, суллагдах ёстой байсныг онцолсон аж.









