



















Саудын Арабын Спортын сайд асан Хунтайж Абдулла бин Мосаад "Саудын Про Лиг"-т тоглож байгаа гадаад тоглогчдоос 2022 оны арванхоёрдугаар сард Аль Наср клубт нэгдсэн Криштиану Роналдо ганцаараа авч буй цалингийнхаа үнэ цэнийг бүтээж тоглодог тоглогч хэмээн мэдэгдлээ.

Спортын сайдын албыг 2014–2017 онд хашиж байсан хунтайж Абдулла Саудын лигт гадаад тоглогчдыг олноор авсан нь дотоодын авьяастнуудыг талбайгаас шахаж, үндэсний шигшээ багийн ирээдүйн хөгжлийг үгүй болгож байна хэмээн анхааруулжээ.

Абдулла "Фи Аль-Марама" телевизийн "Ал-Арабиа" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Саудын тоглогчдыг хамгаалах, мөн 2034 онд тус улсад зохион байгуулагдах ДАШТ-ний өмнө өөрийн тоглогчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай шинэчлэл хийхийг уриалжээ.
Тэрээр:
“Роналдо лиг болон улс оронд авчирч буй нөлөөллөөрөө өөрийн авч буй цалингийн үнэ цэнийг бүтээж байгаа цорын ганц гадаад тоглогч гэжээ.”
Португал довтлогчийн жилийн цалин ойролцоогоор 211 сая ам.доллар (долоо хоногт 4 сая ам.доллар. . .) гэж тооцогддог.
“Бусад олон тоглогч тэдний авдаг цалингийн үнэ цэнийг огт бүтээж чадахгүй байна гэжээ.”
Хунтайж Абдулла хэлэхдээ, баг бүрийн нэг өдөрт талбайд гаргах боломжтой гадаад тоглогчдын тоо найм болсноос хойш Саудын тоглогчид “Киноны туслах дүр” шиг болж хувирсан учраас уг тоог долоо болгон бууруулах, мөн Саудын тоглогчдын чадварыг сайжруулахад илүү их хөрөнгө оруулах шаардлагатай гэжээ.
“Гадаад тоглогчдыг олноор урьж хүчтэй лиг байгуулж байгаа нь үндэсний шигшээ багийн тамирчдыг хохироож байна. 2034 онд болох Дэлхийн аварга хүртэл өөрийн тоглогчдын тоглох чадварыг сайжруулах тодорхой төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.”
Тэрээр өсвөрийн болон залуучуудын ангилалд шилдэг дасгалжуулагчдыг урьж авчрахыг уриалж, яаралтай бүтцийн өөрчлөлт хийхгүй бол Саудын тоглогчид ойрын үед өнгөрсөн дэлхийн аваргад олсон нэр хүндтэй байр сууринаасаа уруудаж, эргүүлэн олж авахад бэрх байх болно гэж анхааруулж байна.
Тэрээр сайд байхдаа Английн нэрт шүүгч Ховард Вэббийг Саудын Арабын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчдийн албаны захирлаар томилж байсан юм. Абдулла Саудын ли-ийн томоохон тоглолтуудыг Пүрэв гарагт товлох, ингэснээр тоглогчдын чадварт ихээхэн нөлөө үзүүлдэг Европын шилдэг шүүгчдийг урьж авчрах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.









