



















Европын үнэт зүйлст дассан хүмүүст, Дорно зүгт түүний дотор дэлхийн томоохон соёл иргэншлийн нэг Хятадад болж байгаа үйл явдлуудыг ойлгоход төвөгтэй төдийгүй төсөөлөхөд бэрх. Энэ бүхэн хоол хүнсний зуршил төдийгүй, нийгмийн тогтолцоо биеийн тамир, төдийгүй хөрөнгө оруулалтыг хамардаг. Бидний хувьд алт мөнгө, уран зураг, дарс, үнэт чулуун эдлэлийн зүйлд хөрөнгө оруулдаг бол Хятадад хөрөнгө оруулах зүйлс нь Грек самар буюу хушга юм уу тагтаа байдаг.
Хөрөнгө оруулалтын ер бусын зүйлс нь зах зээлийн хөөрөгдлийн үед хөрөнгө хуримтлуулах хэвшил болсон зүйлд ямар нэг хязгаарлалт хийгдэх болсноор уламжлагдан гарч иржээ. Сүүлийн үед Хятадад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хөөрөгдлийн эсрэг тэмцэл төрийн төвшинд явагдаж байгаа бөгөөд хувьцаатай харьцах хөрөнгө оруулагчдын өөдрөг санаа бодол арилсан, бизнесийг өргөжүүлэхэд төвөгтэй болж, харин алт бусад үнэт эдлэлийг хангалттай нөөцөлсөн байна. Гэтэл баян чинээлэг Хятадууд урьдын адил өндөр орлого олсоор байгаа бөгөөд үүнийгээ хааш нь хийхээ мэддэггүй.
“Business Insider” хэвлэлийн газраас чинээлэг Хятадууд, бизнесменүүдийн ашиглаж байгаа хөрөнгө мөнгө байршуулах е бусын зүйлсийн талаар материал цуглуулан нийтэлсэн байна. “Ug.MN” сайт зах зээлийн энэ стандарт бус хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг тодорхойлон, энэ цуглуулгаас хамгийн сонирхолтой заримыг нь сонгон аван уншигчиддаа хүргэж байна.
Хушга
Өдгөө Хятадын хушганы зах зээлд хамгийн их үнийн хөөрөгдөл үүсчээ. Сайн чанарын хушга хос нь 1000 ам.доллар хүрч байна. Арваадхан жилийн өмнө хоёр дахин доогуур үнэтэй байсан. Мэдээжийн хэрэг энэ бол дэлгүүрт боломжийн үнээр хиллэн зардаг ердийн хушганы тухай яриа биш юм. Хөрөнгө оруулалтын хушга бол тэгш хэмтэй, том хэмжээтэй, 100 гаруй жилээс дээш настай байх ёстой.
Эдгээр самрыг иддэггүй, алгандаа бөмбөрүүлэн имэрч байдаг тул хосоороо байх нь хууль юм. Хятадууд ийм дасгал нь эд эсийг хөгжүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг гэж үздэг. Хушга имрэх нь өнөө цагт улиг болсон зуршил төдийгүй соёлч боловсон байдал, бүр улс төрийн дохио зангаа гэнэ. Энэ дасгалаар эртний Хятадад эзэн хааны ордны дээд зиндааны түшмэлүүд хийдэг байсан ба саявтархан коммунист намаар сайшаагджээ. Тэгэхээр одоо өндөр үнэтэй хушга имрэх нь “Хятадын уламжлалт соёлын үнэт зүйл”-ийг дагаж хүндэлдэг хүнд тооцогдох болжээ.
Жинхэнэ урт настай “Эзэн хааны” хушга нэн үнэтэй ба тоо ч цөөрсөн болохоор түүнийг цуглуулагчид, хөрөнгө оруулагчид, хожим үнэ хүрч магадгүй гэж горьдон өнөөдрийн ургацын хушгыг хүртэл худалдан авч байна. Хушга бөөндөгчид тариачдаас ургац хураалтаас бүр өмнө самрын моднуудыг бүр түрээслэн авч өөрийн гараар ургацаа хурааж томуудыг нь дамлан худалдахаар сонгодог байна. Чанартай том сайн хушга тусгай дэлгүүрүүдээр болон онлайн худалдаагаар маш өндөр үнээр зарагддаг ажээ.
Эртний цай
1930-1950 онд үйлдвэрлэгдсэн 345 граммын жинтэй шахмал хавтгай цай (Пуэр) 2500 ам.доллар. Харин пандагийн баасанд тарьж ургуулсан 50 гр цай 3500 ам.доллар хүрдэг ажээ. Энэ бол галзуугийн эмнэлгийн хоолны цэс биш, энэ бол бодит барааны үнэ, Хятадын баячуудын худалдан авдаг нэгэн зүйл. Хятадуудын цайнд хөрөнгө оруулах нь Европчуудын цуглуулгын дарс худалдан авахтай агаар нэгэн зүйл. Тодорхой хугацаанд тодорхой газарт үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүн цагийн урсгалд улам бүр үнэд орж жил өнгөрөх тусам хомсдсоор байна.
Пуэрийг сонирхсон хөрөнгө оруулалтын оргил үе бол 2006 он юм. Хамгийн сайн цай үйлдвэрлэдэг Мэнхай мужийн цай үйлдвэрлэгчид ба худалдаачдын баян чинээлэг амьдралын өсөлтөд огцом түлхэц өгсөн шинэ, хуучин цайны хийрхүү эрэлт хэрэгцээ эндээс эхтэй. Харин бүр 2008-2009 онд зах зээлийн хөөрөгдөл замхарч, цайны үнэ эрс бууран олон хүн бизнесээс шахагдан гарлаа. Одоогоор байдал тогтонгишиж, шинэ шинэ хөрөнгө оруулагчид сайн ургацын шилмэл төрлийн хамгийн чанартай цайг “оноон” шилж авч байна. Гэвч онцгой сайн дарс, гойд сайн цай үргэлж эрэлт хэрэгцээтэй үнэ сайтай байсаар байх болно.
Уралдааны тагтаанууд
Хэрэв хушга, цай нь Хятадад үйлдвэрлэгдэж, тэндээ худалдаалагддаг бол Хятад баячуудын өөр нэг ер бусын хөрөнгө оруулдаг зүйл бол Европоос Хятад руу нисэн ирсэн ажээ. Хятадад маш өргөн дэлгэрсэн уралдааны тагтааны тэмцээнүүд таван жилийн өмнө 500 евро байсан тагтааны үнийг 3000 евро болтол нь хөөрөгдлөө. Ихэвчлэн хурдан тагтааны үржүүлэг болон арилжааны бизнес өндөр хөгжсөн Бельгиэс далавчтай уралдаанчдыг Хятад руу зөөдөг. 2011 онд Бельги улс Хятадад 8000 гаруй тагтаа нийлүүлжээ. Европ тагтааны хамгийн үнэтэй нь хэдэн зуун мянган евро хүрдэг байна. Тэд уралдаан тэмцээнд оролцоогүй үедээ өрөө тасалгаатай төстэй том алтан торонд тэжээлгэж байдаг. Супер тагтаанууд тансаг хэрэглээний нэг шинэ төрөл болон хөгжсөн байна. Хятадын тэрбумтнууд сайн тагтаанд ямар ч үнэ хаяхад бэлэн байдаг.
Ер нь хөрөнгө оруулалтын үнэ цэнэ нь тусгай ховор нандин шувуунд биш, уралдаан тэмцээнд оролцдог хурдан тагтааны чанар сайтай бараанд нийтлэг байдаг. Тагтааны бүх Хятадын томоохон тэмцээний шагналын сан хагас сая ам.доллар болдог бөгөөд шагналын төрөл маш олон байдаг нь тэмцээнд орох тэжээвэр амьтдаас орлого олох боломж чамгүй их байдагт оршино. Бүх Хятадын уралдааны сонирхогчийн холбоонд 300 гаруй мянган хүн бүртгэлтэй байдаг бөгөөд жилдээ 8 сая тагтааг бүртгэн бөгжилдөг ажээ.
Хаш
2000 онд унци хаш чулууны үнэ Хятадад 300 орчим ам.долларт хүрч байсан бол арван жилийн дараа буюу 2010 онд сайн чанарын хаш чулуу нэг унц нь 3000 ам.долларт хүрч байлаа. Энэ чулуугаар урласан бүтээгдэхүүн хэдэн зуун мянган ам.долларын үнэ хүрдэг. Хятадуудын хувьд хаш чулуу нь үнэнч шударга, төлөв шулуун болон бусад олон зан чанарын билэгдэл болдог. Аугаа хүмүүсийн хаштай холбоотой олон сайхан зүйр цэцэн үгс, үг хэллэг уламжлал болон үлджээ.
Хамгийн үнэд хүрдэг хаш нь сүүн-цагаан өнгөтэй (хонины өөхний өнгө) харин хямдавтар чулуунууд нь шаравтар, ногоовтор болон өөр өнгийн судалтай байдаг. Хамгийн сонирхолтой нь хаш бол тийм ч ховор чулуу биш юм. Орд газрууд нь хятад төдийгүй Ази, Америк болон Европын олон оронд байдаг. Сүүлийн үед хашийн тархалт их өргөн дэлгэр болсон болохоор өндөр албан тушаалын түшмэдүүдэд бэлэг болгон “авилгын” чанартай хэрэглээнд их өртөх болжээ. Үйлдвэрийн эзэд нөлөө бүхий төрийн албан хаагчидтай уулзахдаа хаш гоёл чимэглэлийн эд зүйлс зүйдэг бөгөөд нөгөөдүүл нь таалагдсан гоёлын зүйлсийг “хэсэг зүүж байгаад өгье” гээд авах, авсан хойно мэдээж эргүүлж өгөхөө “мартчихдаг” болжээ.
Сарны бялуу
Өндөр нь 10 см орчим голчоороо 5 см бортого хэлбэртэй бялуу дэлхий дахинд алдартай билээ. Мункейк буюу “сарны бялуу”-г намрын дунд сарын баяраар (Хятадын гол дөрвөн баярын нэг) зооглодог уламжлалтай. Харин бялууг өөрийг нь хөрөнгө оруулалтын зүйл болгоход төвөгтэй. Түүнийг хушга шиг удаан хадгалж болдоггүй боловч түүнийг ямар л бол ямар хэмжээ хэлбэр дүрсээр хийж болно. Харин алтан мөнгөн “бялуу”-г хадгалахад эвтэйхэн баялаг хуримтлуулахад ашиглаж болно.
Хятадын банкууд “үнэт” Мункейкийг цуглуулгад зориулан 500 граммын алтан зоосноос аваад 135 ам.долларын гүйлгээний мөнгөн зоос хүртэл янз бүрийн хувилбараар үйлдвэрлэн гаргаж байна. Ер нь энэ жилийн байдлаар, үнэт “бялуу”-ны үндсэн хэрэглээг өөрийн хадгаламжийг арвижуулах гэсэн жирийн Хятадууд биш харин загварын гоёмсог эдлэлийг бөөндөж аваад, дараа нь баяр ёслолын үеэр бэлэг болгож тараах гэсэн пүүс компаниуд бүрдүүлж байна. Хятадын блогерууд тэр үнэт бэлгийг авах аз нь гийсэн хүмүүс хэн болохыг таах гэж тархиа гашилгаж байна. Хятадад өргөн тархсан санал солилцоогоор бэлэг хүлээн авагчдаар өндөр албан тушаалын түшмэдүүд тодорч, харин нөгөө “бялуу”-нууд маань аль нэг бизнест сайн хандсаны илрэл нэг маягийн хээль хахууль болдог байна.
Тэр тусмаа ердийн алтан зоосоор нөөцөө аривжуулахаас залхсан хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн хөрөнгө оруулах зүйл болж байна. “Бялуу”-нд байгаа алтны үнэ биржийн үнээс нилээд өндөр боловч үнэт эдлэлийнхээс доогуур байдаг ажээ.
Орчуулсан: Ж.БАДАРЧ










