



















Их Британийн анхны веган хоолоор дагнаж Мишелиний од хүртсэн Plates рестораны ширээ ногоогоор дүүрэн ч үйлчлүүлэгчдийнх нь ихэнх веганарууд биш ажээ.

(Веганарууд буюу веган хоолтон гэдэг нь амьтны гаралтай ямар ч орц найрлага агуулаагүй хоолыг хэлнэ. Өөрөөр хэлбэл мах, шувуу, загаснаас гадна сүү, тараг, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн, өндөг зөгийн бал мөн (зарим веганууд хэрэглэдэггүй) амьтны өөх тос, желатин зэрэг амьтнаас гаргаж авсан нэмэлтүүдийг агуулдаггүй хоол юм.)

Рестораныг үүсгэн байгуулагч, ахлах тогооч Кирк Хауортын хэлснээр зочдын 95 хувь нь өөр газар мах, загас иддэг хэвээр байгаа аж. Энэ нь ургамалд суурилсан өндөр зэрэглэлийн хоол хүнс зөвхөн нэгэн бүлэгт хязгаарлагдахгүй болж байгааг нотолж байна.
Хауорт, Лондон хотод ресторанаа эгчтэйгээ хамт байгуулсан юм. Тэрээр “веган” гэх шошго ашиглахаас зайлсхийдэг. Тэр хоолыг үзэл суртал бус амт чанараар нь үнэлүүлэхийг хүсдэг байна.
“Бид бол зүгээр л нэг өндөр зэрэглэлийн ресторан нээсэн. Бид ресторанаа ‘веган ресторан’ гэж нэрлэдэггүй,” хэмээн Plates-ийн намуухан гэрэлтүүлэгтэй танхимд Хауорт Ройтерст ярьжээ. “Хоолыг амтаар нь шүүмжлэх ёстой,” гэж үздэгээ тэр нэмж хэлсэн байна.

Plates энэ оны эхэнд Их Британид Мишелин од хүртсэн анхны цэвэр ургамалд суурилсан ресторан болсон нь "тогооч, шүүмжлэгчдийн нүдэнд хүнсний ногооны үнэ цэнийг өсөн нэмэгдүүлж буйг харуулсан чухал үйл явдал" гэж тэр үзэж байгаа. Мөн энэ үзэгдэл түр зуурын моод биш гэдгийг онцолсон байна.
Их Британи дахь веган хоолтонгууд нийт насанд хүрсэн хүн амын ердөө 3 хувийг эзэлдэг аж. Мишелин Plates ресторанд од хүртээхдээ “Газрын үнэртэй, байгалийн мэдрэмжтэй уур амьсгал болон хүнсний ногоог жинхэнэ ёсоор нь өргөмжилсөн бүтээлч хоолнуудынх нь төлөө сайшаав" гэсэн байдаг.
Хауортын арга барил нь түүний хувийн туршлагаас урган гарсан аж.
Дэлхийн Мишелин одтой олон гал тогоонд ажиллаж байсан тэрбээр 10 гаруй жилийн өмнө "Лайм" хэмээх өвчин туссанаар иддэг хоолныхоо цэсийг бүрэн өөрчлөх шаардлагатай болсон. Сар сараар хэвтрийн дэглэмд орсон тэрбээр архаг үрэвслийг бууруулахын тулд мах, сүү, цэвэршүүлсэн элсэн чихэргүй хоол хийж туршиж эхэлсэн байна.

Тэр туршилт нь хожим Plates болон хувирч, олон жил поп-ап хэлбэрээр ажилласны эцэст 18 сарын өмнө байнгын ресторан болжээ. Өнөөдөр Plates -ийн ширээнүүд 3-р сарын сүүл хүртэл бүх захиалгаа авсан байна.
“Бид махыг орлох, загас шиг харагдуулсан хоол хийх гэж оролддоггүй,” гэж Хауорт хэлсэн.
Хауорт:
“Харин хүчиллэг, амтлаг, давхарласан мэдрэмжүүдийг ашиглан амтлагааг сэргээдэг.”
Мишелиний од авч үнэлгээ нь өндөрссөн ч Хауорт ресторанаа өргөжүүлэх бодолгүй. Харин туршлагаа улам төгөлдөржүүлж, магадгүй хоёр дахь одны төлөө зорихоор төлөвлөж буй бололтой.









