



















Хатан хаан Элизабет II-ийн цорын ганц охин, Олимпийн наадамд морин спортын төрлөөр оролцож байсан тамирчин Анна гүнж өнөөдөр 75 нас хүрлээ. Тэрбээр олны анхаарал татах дургүй тул төрсөн өдрөө даруухан тэмдэглэх төлөвтэй байна.
Анна гүнж 1993 онд Монголд албан ёсны айлчлал хийсэн.
Тухайн үед тэрбээр “Save the Children” Олон улсын хүүхдийг ивээх сангийн ивээн тэтгэгчийн хувиар ирж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцсан байдаг.

Түүний ойг тохиолдуулан Букингемийн ордон моринд хайртай гүнжийн шинэ зургийг нийтэлнэ гэж мэдэгдэв. Гүнж Анна нь Их Британийн хааны гэр бүлийн хамгийн шаргуу ажилладаг гишүүнээр олонтаа нэрлэгдэж ирсэн юм.
1950 онд төрсөн тэрээр ах, одоогийн хаан Чарльзын дараа хоёр дахь хүүхэд нь бөгөөд эх нь хаан ширээнд заларснаас хоёр жилийн өмнө мэндэлжээ. Залуу байхдаа тэрбээр энгийн, шуулуун шударга зангаараа алдаршиж, энэ нь талийгаач эцэг ханхүү Филиппийн зан чанарыг санагдуулдаг байв.
Гэвч тэр хожим морин спортын амжилтаараа нэр хүнд олж, 1976 оны Монреалын Олимпийн наадамд оролцсоноор Их Британийн хааны гэр бүлээс анх удаа олимпийн тамирчин болсон юм. Тэрээр сүүлийн жилүүдэд дотоодын болон олон улсын буяны байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, тэдний төлөө хийсэн үйл ажиллагаагаараа сайшаагдсаар иржээ.
YouGov-ийн өнгөрсөн долоо хоногийн судалгаагаар Анна гүнж хааны гэр бүлийн гишүүдээс хамгийн ихээр олон нийтийн дэмжлэг авч, ханхүү Уильям болон түүний эхнэр Кэйтийн дараа 70%-ийн эерэг үнэлгээгээр гуравдугаарт орсон байна.
Хааны гэр бүлийн зарим гишүүд шар хэвлэлийн байнгын сэдэв болдог ч гүнж Анна олны анхаарлыг татахаас зайлсхийдэг. Гэсэн ч тэр 1974 онд Букингемийн ордны ойролцоо буутай этгээд түүнийг барьцаалахыг завдсан нь орчин үеийн хааны гэр бүлийн хамгийн дуулиант үйл явдлын нэг болж байв.
Тухайн үед гэмт этгээдээс машинд сууж байсан газраа буухыг шаардахад, “Тэгж ч болохгүй!” (“Not bloody likely!”) гэж хариулсан нь олон нийтийн дунд алдартай болсон. Түүний хэлснээр, ийм нөхцөл байдалд тайван хандаж чадсан нь морьтой харьцаж сурсан туршлагаас үүдэлтэй гэнэ.
Өнгөрсөн жил тэр морь унаж яваад тархины доргилт авч гэмтэн эмнэлэгт тав хоног хэвтсэн ч гурван долоо хоногийн дараа дахин ажилдаа орсон аж.
“Ээж зүгээр л толгойгоо гудайлгаад, ажлаа хийгээд л явдаг, бусад нь түүний тухай юу бичихээ өөрсдөө мэддэг” хэмээн түүний хүү Питер Филлипс өнгөрсөн жил телевизийн ярилцлагад орохдоо хэлжээ.











