



















Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Лос-Анжелес хотын захирагч Карен Бассийн хамт кино, телевизийн салбарыг дэмжих зорилгоор 750 сая ам.долларын татварын хөнгөлөлтийн хөтөлбөр зарлаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөр нь Калифорни мужийн бэлгэ тэмдэг болсон кино салбарыг дэмжихэд чиглэжээ.

Калифорни муж кино үйлдвэрлэлийг дэмжих, олон жилийн турш бусад бүс нутаг руу шилжсэн Холливуудын үйлдвэрлэлийг буцаан татах зорилгоор 28 шинэ кино төсөлд татварын хөнгөлөлт олгож байгаа аж. Эдгээр төслүүдийн дунд Оскарын шагналт найруулагч Ан Ли-гийн шинэ кино, мөн реппер Снүүп Догг-ийн намтарчилсан кино багтжээ.
Тус төслүүдэд бие даасан студиудын бүтээлүүдээс гадна NBCUniversal, Twentieth Century Studios зэрэг уламжлалт томоохон кино бүтээгчдийн бүтээлүүд багтсан бөгөөд нийтдээ Калифорни мужийн эдийн засагт 562 сая ам.долларын идэвхжил бий болгоно гэж Калифорнийн Кино Комисс (California Film Commission, CFC) лхагва гарагт мэдээллээ.
Энэхүү мэдэгдэл нь Калифорни муж кино, телевизийн үйлдвэрлэлийн жилийн татварын урамшууллын хөтөлбөрийн хэмжээг 330 сая ам.доллараас 750 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэнээс хэдхэн сарын дараа гарч байна. Уг өөрчлөлт нь амбан захирагч Гэвин Ньюсомын гарын үсэг зурсан өргөн хүрээтэй татварын хуулийн нэг хэсэг юм.
Ардчилсан намын гишүүн Ньюсом энэхүү нэмэгдлийг идэвхтэй дэмжсэн бөгөөд үүний зорилго нь илүү өгөөмөр татварын хөнгөлөлт, буцаан олголт санал болгодог Их Британи, Канад болон АНУ-ын бусад муж улсууд руу алдагдсан кино үйлдвэрлэлийг Калифорнид буцаан татах зорилготой аж..
“Зуу гаруй жилийн турш дэлхийн хамгийн бэлгэдэлт түүхүүд яг энд, Калифорнид сэтгэгдэж, бүтээгдэж, дэлхий дахинд түгээгдсээр ирсэн. Татварын хөнгөлөлтийн энэ удаагийн шийдвэр нь уг уламжлалыг улам баталгаажуулж байна” хэмээн Ньюсом лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Мөн энэхүү алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадад үйлдвэрлэсэн кинонд гаалийн тариф ногдуулах талаар сүрдүүлж буй үетэй давхцаж байна.
“Калифорни намайг өсгөж, урам зориг өгсөн. Одоо энэ нутагт миний намтарчилсан киног 2026 онд амилуулахад тусалж байна. Маш их хүндэтгэл илэрхийлье” хэмээн Снүүп Догг Лонг Бич хотод өрнөх түүний намтарчилсан киноны талаар хэлжээ.
Калифорни мужийн татварын хөнгөлөлтийн хөтөлбөр 2009 онд эхэлснээс хойш нийтдээ 30.6 тэрбум ам.доллараас давсан эдийн засгийн үр ашиг бий болгосон гэж тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Калифорнийн Кино Комисс мэдээлсэн.
“Эдгээр авьяаслаг уран бүтээлчдийн түүх өгүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр бид зугаа цэнгэлийн салбарын ажлын байрыг муждаа хадгалаад зогсохгүй, Калифорни дэлхийн энтертайнментын нийслэл гэсэн статусаа улам бэхжүүлж байна” хэмээн CFC-ийн захирал Коллин Белл онцолжээ.









