



















Баруун Канад дахь дунд сургуульд болсон аймшигт буудлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь сэтгэцийн өвчтэй 18 настай эмэгтэй байсан гэдгийг цагдаа нар тогтоогоод байна. Тэрээр өөрийн сурч байсан хуучин сургууль руугаа халдахаасаа өмнө өөрийн ээж болон дүүгээ хөнөөсөн гэж лхагва гарагт цагдаа нар мэдээллээ. Гэхдээ мөрдөн байцаагчид уг аймшигт аллагын сэдлийн тайлбар хийгээгүй байна.
Товч агуулга
-Канад улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэг боллоо.
-Нас барсан хүний тоог анх мэдээлснээс бууруулж, халдагчийг оролцуулан 9 гэж шинэчлэн зарлалаа.
-Сэжигтэн этгээд ганцаараа уг халдлагыг үйлдсэн гэж цагдаа нар мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллага халдагчийг Жесси Ван Роотселаар хэмээн тодорхойлжээ. Тэрээр Мягмар гарагт Британийн Колумби мужийн Номхон далайн бүсэд орших, 2'400 хүн амтай алслагдсан Тамблер Риж сууринд болсон халдлагын дараа амиа хорлосон аж. Нас барсан хүний тоог анх 10 гэж мэдээлсэн ч дараа нь халдагчийг оролцуулан 9 болгон бууруулсан.
Канадын Хатан хааны Морьт Цагдаагийн (RCMP) орлогч комиссар Двейн МакДоналд хэлэхдээ, Ван Роотселаарыг өмнө нь мужийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийн дагуу хэд хэдэн удаа баривчлан сэтгэцийн үнэлгээ хийж байжээ. Тэрээр халдлага хийсэн сургуульд сурч байсан ч дөрвөн жилийн өмнө сургуулиа орхисон байна.
“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд сэжигтний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар цагдаа нар уг гэр бүлийн дуудлагаар олон удаа очиж байсан,”
гэж МакДоналд мэдэгджээ.
АНУ-аас ялгаатай нь Канад улсад сургууль руу халдах хэрэг бараг тохиолддоггүй тул холбооны улстөрчид анхандаа сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байв.
“Бид үүнийг даван туулна. Бид үүнээс сургамж авна,” хэмээн нулимсаа барьж ядан Ерөнхий сайд Марк Карни сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Карни Европ руу хийх айлчлалаа хойшлуулж, төрийн бүх байгууллагын тугийг долоо хоногийн турш хагас хэмжээнв буулгах шийдвэр гаргажээ.
Хэдэн цагийн дараа Төлөөлөгчдийн танхимд хууль тогтоогчид нэг минутын чимээгүй зогсолт хийж, уй гашууд автсан Карни, уг аллага улс орныг цочирдуулж, гүн эмгэнэлд автуулсан гэсэн юм.
“Энэ бол уурхайчид, багш нар, барилгачдын хот. Тэнд амьдралаа босгосон гэр бүлүүдийн нутаг. Хүмүүс нь үргэлж бие биедээ түшиг тулгуур болж ирсэн газар... Тамблер Риж бол Канадын хамгийн сайн сайхныг илэрхийлдэг нутаг,”
гэж тэр хэлжээ.
МакДоналдын мэдээлснээр, эрэгтэй хүйстэй төрсөн ч зургаан жилийн өмнөөс өөрийгөө эмэгтэй хэмээн тодорхойлох болсон Ван Роотселаар эхлээд 39 настай ээж, 11 настай дүүгээ гэртээ хөнөөжээ.
Дараа нь сургууль дээрээ очиж, 39 настай эмэгтэй багш, 12 настай гурван охин, 12 болон 13 настай хоёр хүүг буудан хөнөөсөн байна. Цагдаа нар халдагчийн гэрт нэгжлэг хийж нэг урт буу болон өөрчлөн сайжруулсан гар буу олсон аж.
Олон арван хүн шархадсан бөгөөд 12 болон 19 настай хоёр хүн хүнд шархдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg

---
Дуудлага хүлээн авснаас хоёр минутын дараа хэргийн газарт хүрэлцэн ирсэн цагдаа нар халдагчтай халз тулсан бөгөөд тэдний зүг гал нээж байжээ. Удалгүй Ван Роотселаарыг өөрийгөө буудсан байдалтайгаар үхсэн байхыг олсон байна.
“Сэжигтэн ганцаараа үйлдсэн гэж бид үзэж байна… Сэдлийн талаар таамаг дэвшүүлэхэд эрт байна,” гэж МакДоналд хэлээд, хэн нэгнийг онцлон бай болгосон гэх мэдээлэл одоогоор байхгүй гэв.
Аллага болсны дараа олон улсын нэр хүндтэй удирдагчид эмгэнэл илэрхийлжээ. Канадын төрийн тэргүүн Чарльз хаан “Гүн цочирдож, гүнээ эмгэнэж байна” гэж мэдэгдсэн байна.
Канадын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэгээр энэхүү халдлага бүртгэгдэж байгаа юм.
Лхагва гарагт хохирогчдын талаарх мэдээлэл аажмаар ил болж эхэлжээ.
Абел Мванса гэх эцэг өөрийн нийгмийн сүлжээндээ12 настай хүү Абел нь уг халдлагад амь үрэгдсэн тухай эмгэнэн бичээд, хүү нь сургуульд явах дуртай байсан тул гэрээр сургах санал тавихад нь сургуульдаа явна хэмээн уйлж байсан тухай тэр дурдсан байна.
“Ахмадуудаа хүндэлдэг, хүчтэй, хөдөлмөрч, инээд дүүрэн, хичээлдээ шамддаг, хичээлээ тасалдаггүй, сайн хүүхэд болгож би хүүгээ хүмүүжүүлсэн,” гэж тэр бичжээ.
Өөр нэгэн эмэгтэй Шанон Дайк нийгмийн сүлжээндээ 12 настай зээ охин Кайли Мэй Смит нь мөн хохирогчдын нэг болсон тухай бичсэн байна.
“Хүүхдээ алдсан эсвэл мэдээ хүлээж буй бусад гэр бүлүүдийн төлөө залбираарай. Тамблер Рижийн төлөө залбираарай,”
гэжээ.
Энэхүү халдлага жижигхэн хотыг бүхэлд нь цочирдуулаад байна..
“Энд хүн бүр бие биенээ мэддэг. Хүмүүс гэрээ, машинаа цоожилдоггүй. Хөршийндөө шууд ороод л явчихдаг,” гэж оршин суугч Жордон Косик ярив.
МакДоналд хоёр жилийн өмнө цагдаа нар халлагчийн гэрээс галт зэвсгүүдийг хураан авсан ч эзэмшигч нь давж заалдсаны дараа буцаан олгосон гэж мэдэгдэв.
Канад улс АНУ-аас илүү хатуу зэвсгийн хуультай ч лицензтэй иргэд галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг.
Ван Роотселаар өмнө нь зэвсгийн лицензтэй байсан ч 2024 онд хугацаа нь дууссан байна. Канадын 12–оос 17 насны иргэд зэвсгийн аюулгүй байдлын сургалтанд хамрагдаж, шалгалт өгснөөр насанд хүрээгүй хүний лиценз авах эрх нээгддэг байна.
Энэхүү халдлага нь Канадын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн хэргүүдийн нэгт тооцогдож байна.
-2020 оны дөрөвдүгээр сард цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, хуурамч цагдаагийн машин жолоодсон 51 настай эр Атлантын далайн эргийн Нова Скотиа мужид 13 цагийн турш 22 хүнийг буудан хөнөөсөн бөгөөд эцэст нь шатахуун түгээх станц дээр цагдаа нарт буудуулан амиа алдсан.
-1989 оны арванхоёрдугаар сард Монреаль хотын Политехникийн сургуульд нэгэн этгээд 14 эмэгтэй оюутныг буудан хөнөөж, 13 хүнийг шархдуулсны дараа амиа хорлож байв.







