



















Пүрэв гарагт Италийн загварын алдартай ордон Giorgio Armani мэдэгдэлдээ тус компанийн дэд захирал Жузеппе Марсоччиг (Giuseppe Marsocci) группийн гүйцэтгэх захирлаар томилсон болохыг батлав. Энэ нь хэвлэл мэдээллийн мэдээг албан ёсоор баталгаажуулж байгаа хэрэг юм.

Марсоччи нь тус компанид 23 жил ажилласан туршлагатай, сүүлийн 6 жилд олон улсын худалдаа хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Тэрээр өнгөрөгч 9-р сард таалал төгссөн брэндийн үүсгэн байгуулагч Жоржио Армани-гийн халааг ийнхүү авч байна.
Армани өөрийн 50 жилийн түүхтэй загварын эзэнт гүрнээ хатуу хяналтдаа байлгаж ирсэн ч одоо компанийн дараагийн үе, шинэ бүтэц бүрэлдэж эхэллээ.
Шинэ гүйцэтгэх захирал Марсоччи нь Арманигийн 15 хувийн хувьцааг зарах төлөвлөгөөг удирдан хэрэгжүүлэх бөгөөд энэхүү хувьцаанд тансаг хэрэглээний аварга компани LVMH, гоо сайхны аварга компани L’Oréal, нүдний шилний салбарын тэргүүлэгч EssilorLuxottica компани, эсвэл “ижил түвшний” өөр компанид нэн тэргүүнд давуу эрх олгох нөхцлийг Армани гэрээслэлдээ тусгасан ажээ.

Компанийн эрэгтэй хувцасны загвар хариуцсан захирал, мөн Арманигийн хамтрагч Панталео Делл’Орко хэлэхдээ:
“Түүний олон улсын мэргэжлийн туршлага, хувцас загварын салбар болон компанийн талаарх гүнзгий мэдлэг, нууц баримтлах чадвар, үнэнч сэтгэл, багийн сүнс, сүүлийн жилүүдэд ноён Армани-д ойр ажиллаж байсан байдал зэрэг нь Жузеппег үүсгэн байгуулагчийн заасан замыг үргэлжлүүлэх хамгийн сайн сонголт болгож байна” гэжээ.
Делл’Орко сүүлд "Жоржио Армани" сангийн даргаар томилогдсон бөгөөд тус сан нь компанийн 30 хувийн санал өгөх эрхийг эзэмшдэг. Түүнчлэн Делл’Орко өөрөө Армани группийн 40 хувийн санал өгөх эрхийг хянаж байна.
Марсоччийг (61 настай) томилох саналыг "Жоржио Армани" сангийн зөвлөл нэгэн дуугаар дэмжсэн гэж компани мэдэгдэв.
Мөн Арманигийн өргөмөл охин Силвана Армани, эмэгтэй загварын хэлтсийн тэргүүн, компанийн Дэд ерөнхийлөгчөөр томилогдох хүлээлттэй байна.










