



















Оскарын шагнал гардуулах ёслол нь гял цал, алдар нэр, мартагдашгүй мөчүүдээрээ алдартай — гэхдээ бүх алдартнууд энэ нэр хүндтэй арга хэмжээтэй сайн харилцаатай байдаггүй байна. Жил бүр Кино урлагийн академи Холливудын хамгийн том оддыг цуглуулдаг бөгөөд 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол ч үүний нэгэн адил давтлаа. 2025 оны гуравдугаар сарын 2-нд "Dolby" театрт болсон энэхүү ёслол нь 2024 оны шилдэг кинонуудыг алдаршуулж, оны шилдэг жүжиглэлтийг болон өгүүлэмжийг үнэлэн тэмдэглэсэн.
Гэвч бүх одод "Оскарт" тавтай морилдоггүй. Олон жилийн турш зарим алдартай хүмүүс ёс зүйн дүрэм зөрчсөн, эсвэл арга хэмжээний үеэр хэл аманд орсноос болж тус арга хэмжээнээс хасагдаж байжээ. Улс төрийн мэдэгдэл хийхээс эхлээд гэмт хэрэгт холбогдох хүртэлх шалтгаанаар хасагдсан долоон алдартны талаар энд дурдъя.
Ричард Гир
Ричард Гирийн Оскарт оролцох эрхээ хасуулсан түүх нь 1993 оны 3-р сарын 29-нд болсон 65 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос эхлэлтэй.
Тэрээр тухайн үеийн Шилдэг урлагийн найруулга шагналыг гардуулах үүрэгтэй байсан бөгөөд бэлтгэсэн текст нь Микеланжело, Да Винчи, Дега зэрэг уран бүтээлчдийг дурдан, тэднийг орчин үеийн урлагийн найруулагчидтай харьцуулан магтах байв.
Гэвч Гир уг текстийг уншихын оронд тайзан дээрээс Хятад, Төвдийн хүний эрхийн асуудлыг хөндөн мэдэгдэл хийжээ. Тэрбээр Хятадын тухайн үеийн удирдагч Дэн Сяопинд хандан, "Энэ нэвтрүүлгийг гэр бүлтэйгээ үзэж байгаа болов уу?" хэмээн асууж, Төвдийн асуудлыг анхааралдаа авахыг уриалсан байна.
Энэ гэнэтийн мэдэгдэл Академийн зүгээс таагүй байдал үүсгэж, Ричард Гирийг олон жилийн турш Оскарын тайзнаа дахин урихгүй байх болсон.
Хожим нь, 2013 онд Гир нэгэн ярилцлагадаа:
"Би эргэн хүлээн зөвшөөрөгдсөн бололтой. Хэрэв та удаан хугацаанд холуур байвал хүмүүс таныг хассанаа мартчихдаг юм шиг байна." хэмээн хошигнон хэлж байжээ.
Кармин Кариди
"Загалмайлсан эцэг" киноны дүрээрээ алдартай Кармин Кариди нь Академийн гишүүнээс албан ёсоор хасагдсан анхны хүн болжээ.
2004 онд болсон пират хуулбарын хэрэг түүнийг Оскарт оролцох эрхээ хасуулахад хүргэсэн байна.
Кариди Академийн жүжигчдийн салбарын гишүүнээр 1982 онд элссэн бөгөөд үүнээс хойш жил бүр Оскарын санал хураалтад зориулсан кинонуудын урьдчилсан хувилбарыг (screener) хүлээн авдаг байсан. Гэтэл тэрбээр эдгээр кинонуудаа Чикагод амьдардаг Рассел Спраг гэх хүнд дамжуулж, тэр нь хуулбарлан тарааж байжээ.
2004 оны эхээр Академи Каридигийн зарим кинонууд интернетэд тавигдсан болохыг олж мэдсэн бөгөөд улмаар "Холбооны Мөрдөх Товчоо" мөрдөн шалгаж, түүнийг мэдүүлэг өгөхийг шаарджээ.
Кариди буруугаа хүлээн зөвшөөрч, кинонуудыг тараасан хүн нь Спраг гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч, эцэст нь Академийн гишүүнчлэлээсээ хасагдах шийтгэл авсан юм.
2004 оны 2-р сарын 3-нд Академийн захирлуудын зөвлөл Кармин Каридиг гишүүнчлэлээс нь хасахаар санал нэгтэйгээр шийдвэрлэв. Тэрээр энэ мөчийг эргэн дурсахдаа: "Тэд надад захиа ирүүлсэн: 'Чи дууссан' гэж бичсэн байсан" гэжээ.
Кариди хасагдсанаас хойш 12 өдрийн турш телевизийн мэдээнд гарч байв. Кариди "Big Fish," "Something's Gotta Give," "The Last Samurai," "Mystic River" зэрэг кинонуудын скринер хуулбарыг тараасан нь илчлэгдэж, "Columbia Pictures" болон "Warner Bros" студиуд түүнээс хууль ёсны хариуцлага нэхэмжилсэн. Холбооны шүүх түүнийг тус бүр 300,000 долларын торгууль төлөхийг тушаасан ч Кариди: "Надад ийм мөнгө байхгүй учраас би хэзээ ч төлөхгүй гэдгээ мэдэж байсан" гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Кариди олон жилийн турш Холливудын карьертай байсан ч түүний нэр Академийн түүхэнд хасагдсан анхны хүн гэдгээрээ үлдсэн юм.
Билл Косби
2018 оны 5-р сарын 1-нд Академийн захирлуудын зөвлөл Билл Косбиг гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэр нь Косби 2004 онд Андреа Констандыг мансууруулж, хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонссоны дараа гарсан. Академи мэдэгдэлдээ: "Бид гишүүддээ ёс зүйтэй, бусдыг хүндэлсэн хандлагатай байхыг шаардана" гэж онцолсон байна.
Косби 80 настай байхдаа шүүхийн өмнө гурван зүйл ангиар яллагдсан бөгөөд тус бүр 10 жилийн хорих ялтай байв. Түүний эсрэг 60 гаруй эмэгтэй ижил төстэй гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн ч Косби бүх буруутгалыг үгүйсгэсэн байдаг.
Адам Киммел
2021 оны 3-р сард Академи кино зураглаач Адам Киммелийг гишүүнчлэлээс нь хасав. Түүний 2004 онд 15 настай охиныг хүчирхийлсэн хэрэг нь олон нийтэд ил болсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээж, ял сонссон байжээ.
Гэсэн хэдий ч 2007 онд Академид гишүүнээр элсэх үедээ энэ тухай мэдээлээгүй бөгөөд 2020 онд "Variety" сэтгүүл энэ хэргийг ил болгосон байна.
Киммел 2010 онд дахин 15 настай охинтой харилцаа тогтоосон хэрэгт холбогдож, бүртгүүлээгүй явсан шалтгаанаар ял сонссон байна.
Академийн ёс зүйн дүрэм 2018 онд шинэчлэгдсэн бөгөөд энэ хэрэг үүний хүрээнд авч хэрэгжүүлсэн томоохон шийдвэрүүдийн нэг байлаа.
Уилл Смит
2022 оны 4-р сарын 8-нд Академийн захирлуудын зөвлөл Уилл Смитийг 10 жилийн хугацаанд Оскарын шагнал гардуулах ёслол болон Академийн бусад арга хэмжээнд оролцох эрхийг нь хассан. Энэ шийдвэр нь 2022 оны 3-р сарын 27-нд болсон Оскарын ёслолын үеэр Смит тайзнаа гарч, хөтлөгч Крис Рокийг алгадсантай холбоотой байв.
Рок Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн үсгүй болсон шалтгааныг тоглоом болгосон нь Смитийн уур бухимдлыг төрүүлсэн.
Смит тухайн шөнө "King Richard" киногоороо Шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн ч хожим Академийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, "Би Академийн шийдвэрийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байна" гэж мэдэгдсэн юм.
Хэдийгээр тэр Академийн арга хэмжээнд оролцох эрхээ алдсан ч ирээдүйд Оскарт нэр дэвших боломж нь нээлттэй хэвээр үлдсэн.
Харви Вайнштейн
2017 оны 10-р сарын 14-нд Академи Харви Вайнштейнийг яаралтай хуралдаж, санал нэгтэйгээр гишүүнчлэлээс нь хасав. Энэ шийдвэр нь олон тооны эмэгтэйчүүд түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгдсэний дараа гарсан юм.
Академи мэдэгдэлдээ: "Энэ салбарт бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих цаг ирлээ" гэж онцолжээ.
Энэ үйл явдлын дараа Вайнштейн өөрийн "The Weinstein Company"-оосоо хөөгдөж, эхнэр нь түүнээс салж, Францын Засгийн газар түүнийг хүндэт одонгоосоо хасах шийдвэр гаргасан. Сонирхуулахад түүний эхнэр одоо 97 дахь наадмаас 2 дахь Оскараа хүртсэн Эдриан Бродитой хамтран амьдарч байгаа. "Холивууд бол холивууд шүү дээ". .
Роман Полански
2018 оны 5-р сарын 1-нд Америкийн Кино Урлагийн Академийн Удирдах Зөвлөл Роман Поланскиг (Түүний найруулсан "Төгөлдөр хуурч" киногоор Эдриан Броди "Оскар" хүртэж. Хамгийн залуудаа "Оскар" хүртсэн эрэгтэй гол дүрийн жүжигчин гэсэн нэр алдар одоо ч түүнийг дагадаг) гишүүнчлэлээсээ хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Полански 1977 онд насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон хэргээр буруутгагдсанаас хойш 40 гаруй жилийн дараа гарсан юм.
1977 оны 3-р сард Поланскиг тухайн үед 13 настай байсан Саманта Гэйлитэй холбоотой хэргээр баривчилж, ял тулгасан. Шүүхтэй байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тэрээр гэм буруугаа хүлээж, сэтгэл зүйн үнэлгээ хийлгэхийн тулд 42 хоног шоронд хоригдсон.
Эдгээр хасагдсан хүмүүсийн түүхээс харахад Академи гишүүдийн ёс зүй, зан байдлыг хянаж, шаардлагатай тохиолдолд шийтгэл оноодог хатуу бодлого хэрэгжүүлж байна. Сценарид ороогүй улс төрийн мэдэгдлүүдээс эхлээд гэмт хэргийн шалтгаантай шийтгэл хүртэл, эдгээр долоон алдартан Кино Академиас хасагдсан эсвэл хориг тавигдсан бөгөөд тэдний асуудал бодлогын зөрчил, хууль эрх зүйн ноцтой зөрчил зэрэг олон шалтгаантай байв.
Тэдний хэргүүд нь Академийн гишүүдэд тавигдах хүлээлт хэрхэн өөрчлөгдөж байгааг болон Холливуд дахь соёлын томоохон өөрчлөлтүүдийг илтгэж байна.










