



















Попын хаан Майкл Жексон таалал төгссөнөөс хойш 16 орчим жил өнгөрсөн ч түүний шүтэн бишрэгчид попын хааны эцсийн амьсгал татахдаа юу гэж хэлсэн бол хэмээх асуултын хариултыг мэдэхийг хүсдэг. Мэдээгүй нэгэнд тайлбарлахад, Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод нас барсан. Тухайн үед тэрээр 50 настай байжээ. "LadBible" сайтын мэдээлснээр, Жексон амьсгалахад хүндрэлтэй болж, зүрхний шигдээсээр нас барсан гэдгийг түүний хувийн эмч Конрад Мюррей мэдэгдсэн байна. Түүнээс өмнө Мюррей Жексонд унтуулах зорилгоор пропофол (хурдан хугацаанд унтуулдаг богино хугацаанд үйлчилдэг тариа) болон бензодиазепин (тайвшруулөа, булчин сулруулх үйлчилгээтэй эм) төрлийн хүчтэй эмийн тун өгчээ.
Мюррейгээс дуудлага авсны дараа түргэн тусламж Майкл Жексоны амьдарч байсан Лос-Анжелес дахь харш руу нь яаран очиж, түүнийг сэхээн амьдруулахаар зүрхний массаж (CPR) хийсэн боловч амь насыг нь аварч чадаагүй юм. Мюррей дуудлага өгснөөс бараг хоёр цагийн дараа Жексоныг нас барсан гэж зарласан. Дэлхий даяар түүний гэнэтийн үхэлд цочирдсон юм.
Шүүх шинжилгээ, мөрдөн байцаалтын дараа Мюррейг Жексоны үхэлд буруутган санаандгүй хүн амины хэрэгт буруутгаж, шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон боловч тэр хоёр жил хоригдоод суллагджээ.
Шүүх хуралдааны үеэр Мюррейгийн өмгөөлөгчийн хэлснээр, Жексон нас барах шөнө эмчийн хараа хяналтгүйгээр найман ширхэг лоразепам (тайвшруулах) эм уусан гэнэ. "Доктор Мюррей өрөөнөөс гарсны дараа Жексон өөрөө пропофол эмийг тарьж, лоразепамтай нэгдэж, түүний биед үхлийн аюултай урвал үүсгэсэн. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй хэрэг, гэхдээ үүнийг доктор Мюррей хийсэн гэсэн нотлох баримт байхгүй" гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байдаг. Гэвч шүүх "Мюррейд хэт их итгэснээс болж Жексон амь насаа алдсан" гэсэн дүгнэлт гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр Мюррей мөн Жексоны "Сүүлчийн үг"-ийг хэлсэн юм. Los Angeles Times сонинд бичсэнээр, Жексон хамгийн сүүлд "Сүү өгөөч" гэж гуйсан байна. "Сүү" гэдэг нь Жексоны пропофол эмэнд өгсөн хоч байжээ. Мюррей шүүх хурлын үеэр "Жексон 'Гуйж байна, гуйж байна, надад бага зэрэг "Сүү" өгөөч. Би унтах хэрэгтэй байна. Учир нь энэ л надад тусладаг гэж хэлсэн" хэмээн мэдүүлсэн байна.
Тэр үед мөрдөгч Скотт Смит Мюррейгээс "Халуун уу, бүлээн үү, ер нь ямар сүү вэ?" гэж асуухад, тэрээр "Энэ бол зүгээр л нэг эм. Жексон түүнд донтсон байсан. Пропофол гэж нэрлэдэг. Тэр 'Зүгээр л намайг унтуул, би хэдэн цагт сэрэх нь хамаагүй' гэж хэлсэн" хэмээн хариулсан байна. Үүний дараа Мюррей пропофол эмийг тарьж, Жексоны орноос холдож, угаалгын өрөө рүү орсон бөгөөд хоёр минутын дараа буцаж ирэхэд Жексон амьсгалахгүй байжээ. Улмаар тэрээр бүхий л аргаар түүний амийг аврах гэж оролдсон ч харамсалтай нь Жексон нас барсан байна.
Түүний сүүлчийн мөчид гэр бүлийнхэн нь, түүний охин Парис Жексон, хүү Принс Жексон, Биги Жексон нар түүнтэй хамт байсан. Нэгэн шүүх хуралдааны үеэр Мюррей "Түүний охин маш их гуниглаж, аавгүйгээр амьдрахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. 'Би өнчин болохыг хүсэхгүй байна' гэж тэр хэлсэн" хэмээн дурдсан байна. Үүний хариуд Мюррей "Би чадах бүхнээ хийсэн" гэж хэлэхэд Парис "Би мэдэж байна, доктор Мюррей. Ядаж л таны оролдсон гэдгийг мэдэж байна" гэж хэлсэн гэж тэрээр дурсжээ.
МАЙКЛ ЖЕКСОНЫ ХҮҮХДҮҮД ПРИНС ЖЕКСОН, ПАРИС ЖЕКСОН, БИГИ ЖЕКСОН,










