



















Монгол Улсад дундын сан цэцэглэн хөгжих болно. Үүнийгээ дагаад олон олон дундын сангийн эрхлэгч нар ч бий болох нь тодорхой. Дундын сангийн удирдагчид болоод, түүний удирлагад ажиллах хүсэлтэй хүмүүс мөн, харилцагч болох хүмүүст нь хэрэгтэй болов уу хэмээн дундын сангийн эрхлэгч нарын намтарыг бизнесийнхээ түүхт алдалгүй оруулж байгаа билээ. Бидэнд сурах зүйл их бий. Жулиан Робертсоны түүхийг таалан уншина уу.
Жулиан Робертсон бол хөрөнгө оруулалтын “Tiger Management Corp” санг үндэслэгч санхүүгийн ертөнцийн “луугар”-ын нэг юм. Гэвч түүний түүх азтай жаргалтай явсан хэн ч гэсэн өөрийн тавилангаар юм уу, өрөөл бусад тохиолдлоор алдаа дутагдалаас дархлагддаггүй гэдгийг харуулдаг. Робертсоны сан 1980 онд түүний андууд төрөл төрөгсөдийн оруулсан 8 сая ам.доллараас бүрдэж байсан бол 1998 онд томхон хөрөнгө оруулагчдын дэмээр 22 тэрбум ам.долларт хүрчээ. Харин дөнгөж хоёр жилийн дараа Робертсон бараг 6 тэрбум ам.доллар “хийсгэчихээд” Уолл Стрийт дэхь ажлаа хэсэг хугацаанд зогсоохоос аргагүйд хүрлээ. Түүний тухай “Business Week”-д бичихдээ Жулианы түүх бол их өндөрт хөөрөөд өөрийн омголон зан, хэт хатуу хяналтаас болж бүтээсэн зүйлээ бүрэлгэсэн хүний түүх юм гэжээ.
Хөдөөний дундаж эр
Бага Жулиан Робертсон Хойд Каролины Солсбери хотхонд 1932 онд чинээлэг гэр бүлд төржээ. Түүний эцэг том Жулиан Робертсон АНУ-ын нэхмэлийн бизнес Хятадуудад цохигдоогүй байхад, орон нутгийн нэхмэлийн бизнесийн компанид эрхлэгч хийдэг байлаа. Робертсон хойд Каролины гарлаараа онцгойрох дуртай байв. Тэр 75 настай хэдий ч аялгатай ярьж өөрийгөө “бяцхан хотын залуу” гэж тодорхойлох дуртай. Хатуу чанд эцэг нь хүүдээ өндөр шаардлагатай байв. Гэвч хүү нь удаан хугацаанд эцгийн найдварыг даасангүй. Бага Робертсон бага сургуульд ч, дээд сургуульд ч сулавтар суралцаж, түүний албан тушаалын өсөлт ч санхүүгийн зах зээлийн бусад одуудынхаас удаан байв. Тэр эрдмийн зэрэг авахдаа ч Харвард юм уу Иельд биш Хойд Каролиныхаа их сургуульд авчээ.
Тэр 25 насандаа Массачусетын “Kidder”, “Peabody & Co” (1986 онд “General Electric Corporation” компанид худалдагдсан) хөрөнгө оруулалтын компанид ассистант буюу туслахаар ажлын гараагаа эхэлсэн байна. Тэнд бараг хорин жил ажиллаж байж мөнгөн хөрөнгийн хэлтсийн захирал болсон нь өөр амбиц сайтай трейдерын хувьд бол ер бусын урт хугацаа байлаа.
Шинэ Зеландын “бар”
Робертсон 1970-аад оны сүүлээр чөлөөт аялалд гарч Шинэ Зеланд хүрч тэнд жил тойрон болов. Энэ хугацаанд тэр юу сэтгэж ирснийг бүү мэд 40 нилээд гарсан хойноо хөрөнгө оруулалтын “Tiger Management” компаниа байгуулав. Нэр нь ил билэгдэлтэй “Бух” ба “Баавгай”-тай тулалдаж чадах “Бар” гэдгээ харуулах ёстой байлаа. Дашрамд дурдхад “Tiger Management”-ын харъяанд байдаг бүх сангууд “Jaguar”, “Puma, “Оцелот” гэх мэт махчин амьтдын нэртэй байдаг.
Сан 1980 онд одоогийн үеийхнээр инээд хүрмээр 8 сая ам.доллар хуримтлуулсаны ихэнх нь төрөл төрөгсөд, найз нөхдийнх байжээ. Ер нь асар их амжилтын дохио алга байлаа. “Tiger”-ын эргэлтийн хөрөнгө 1996 онд 7.2 тэрбум, 1998 онд 22 тэрбум ам.доллар болно гэж хэн ч зүүдэлсэнгүй.
Гэвч ийм явдал болсон юм. Юуны өмнө Жорж Соросын валютын мэдрэмж шиг, Робертсон хувьцааны мэдрэмж сайтай байлаа. Эхний жилүүдэд сангийн үйл ажиллагаа гялалзаж байлсан юм. 1981 онд “Tiger” 24.35%-ийн ашиг олж “S&P” индекс 5% унажээ. “Tiger” сан 1980-аад оны турш хэмжээ бага, олон нийтэд төдийлөн алдаршаагүй ч туйлын амжилттай сан хэвээр байлаа. 1987 оны хямралын үед ч Робертсон Соросын адил ихээхэн хэмжээний мөнгө алдсан ч АНУ-ын зах зээлээс гадаадын зах зээл рүү шилжин орсноор ашигтай байж чадлаа.
Шинжээчдийн онцгой баг
“Tiger”-ын аливаа хувьцааны өсөлт бууралтыг таамаглах гоц мэдрэмж нь мөнгө олох цорын ганц арга байгаагүй юм. Сангийн хүчтэй чанар нь Робертсон бүр эхнээсээ Уолл Стрийтийн өндөр өртөгтэй хамгийн ухаалаг баг, Робертсоны сэтгэл зүйч эртний анд доктор Аарон Стерны “Super Cup” гэж нэрлэгдсэн багийг бүрдүүлж чадсан явдал юм.
Робертсон шинжээчдээс ямар компаниудад хөрөнгө оруулж болох талаар байнга асуудаг. “Ta нар “Tiger”-т үлдэхийн тулд шинэ шинэ санаа сэдэх ёстой” гэдэг байсныг нь 1980-аад оны сүүлээр санд ажиллаж байсан Кэтрин Якуби дурссан байдаг. Түүний үгээр бол Робертсонд санал болгодог компанийн хувьцаа нь хамгаалттай хатуу болзолтой байдаг нь томоохон арилжаа хийдэг “Tiger”-т гайхах зүйл биш юм. Робертсон ч хэрэв санал болгож байгаа хөрөнгийн хэмжээ нь “урт хугацаанд” 125 сая ам.доллар, “богино”-д нь 50-70 сая ам.долларын хөрөнгө оруулах боломжгүй бол тэр зүг рүү хялайж ч хардаггүй ажээ. Тэр “алтан” үед “Tiger”-ын багцад 100 гаруй компанийн хувьцаа байлаа.Хатуу кастинг нь ямар нэг компанийн хувьцааг худалдан авахын тулд Якуби ба түүний хамтрагчид тухайн компанийн үйл ажиллагааны талаар одоогийн шинжээчдийн зүүдэнд ч оромгүй, судалгаа явуулдаг байв. Энэ тухай “Arctco Inc.” цаснаа явагчийн үйлдвэртэй харьцахын тулд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ-ын нутаг дэвсгэрт байх бүх диллерүүдтэй утсаар ярьж байлаа гэж Кэтрин Якуби хэлсэн юм. Мөн удирдлагынхаа ширээн дээр гоо сайхны “Avon” компанийн тухай мэдээллийг тавихын тулд тэрээр АНУ-д болсон худалдааны бүх үзэсгэлэнг тойрч компанийн тухай хэвлэгдэх боломжтой 35 сэтгүүлийг захиалж байв. “Tiger”-т нилээд орлого оруулсан түүний нээлтүүдийн дотор дугуйт тэшүүрийн үйлдвэрийн хувьцаанаас Робертсон 15 хувийн багцийг авсны дараа “Canstar”-ын үйлдвэрлэл хоёр дахин өссөн бол “Franklin Quest” компанийн хувьцаа Робертсоны “short”-д орсны дараа бага зэрэг унажээ.
Робертсон өөрийн сандаа 5 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулж чадах үнэхээр бэлтэй хөрөнгө оруулагчдыг хүлээн авдаг байв. Түүнээс гадна тэр шинэ байгуулагдсан хөрөнгө оруулалтын хандлагын торгон үзүүрт явдаг байлаа. Бүр 1989 онд Берлины ханыг нураах үеэр Робертсон хурдтай өснө гэж найдан Европын компаниудын хувьцааг бусдын түрүүнд шахам худалдаж авсан нь зуун хувь зөвджээ. Тэгэхэд тэр Японы зах зээлийг нурахаас өмнө “short”-д зогсов. Харин 1992-1993 онд тэр хэдэн сар дараалан шуурсан, дэлхийн зах зээлийн облигацийн арилжаанаас хөлжив.
Анхны тэрбумууд
1991 онд “Tiger” сангийн мэдэлд тэрбум орчим ам.долларын актив хөрөнгө байлаа. Робертсон олсон мөнгөө ашиглахаас буцдаггүй байлаа. 1993 онд сан 80 хувийн ашиг олон дээд амжилт тогтооход “Tiger” ажилтнуудаа шагнав. Шагналд бараг 20 хувийг буюу 600 сая ам.доллар зарцуулав. Түүний бараг хагасыг буюу 300 сая ам.долларыг Робертсон өөрөө авчээ. “Tiger”-т байгаа түүний хувийг тооцохгүйгээр тэр шүү. Хэрэв энэ нь тэр үед 25 хувь байсан (Робертсон үнэн тоо хэмжээний талаар дуугүй байв) ч сангийн тэргүүнд 750 сая ам.доллар олдох байлаа. Харьцуулаад үзэхэд тэр жил түүний бүтэн жилийн орлого багаар бодоход тэрбум ам.доллараас давж байв.
Ер нь “Tiger”-ийн шинжээчид ч хөдөлмөрийн хөлс бага байна гэж гомдоллодоггүй юм. 1990-ээд оны эхээр ахлах шинжээчид байршуулсан хөрөнгийн 2%-ийг залуу авъяаслаг шинжээчид нэг хувийг авах нь элбэг тохиолдоно. Энэ нь тэдэнд жилийн 6 сая ам.долларын хөлс гэсэн үг юм. Сургууль төгсөөд удаагүй залуу хүнд муугүй олз шүү.
Анхны алдаанууд
Гэвч 1990-ээд оны эхээр сан алдагдал хүлээж эхлэв. “Tiger Management”-ын үйл ажиллагаа өргөжихийн хирээр хоёр үйл явдал боллоо. 1-рт Робертсон үнэ нь өсдөг эсвэл унадаг компаниудын хувьцааны томоохон багцийг худалдан авдаг байснаа больж валютын ба облигацийн арилжаанд шилжив. Ингэх болсон тодорхой шалтгаан байлаа. Тэр хоёрдохь Жорж Сорос болохыг хүсч өөрийгөө түүнтэй харьцуулж үздэг байв. Робертсоны танилууд ярихдаа түүнд Умард Каролины уугуул зан илт ажиглагдаж, тэр байнга л хэн нэгэнтэй өрсөлдөж уралдаж явдаг байв.
2-рт “Tiger”-ын удирдлагын арга барил ч тэр хөрөнгө оруулалтын сонголтод ч Робертсоны адгуу түргэн зан ажиглагддаг. Энэ тухай сангийн ажилтнууд нь хоорондоо айж дагжин “Түүнийг таамаглах аргагүй айдас төрүүлдэг” гэж ярилцдаг юм. Тэднийд ажиллаж байсан нэг ажилтан “Жулиан Робертсон нэг үе оновчтой зүй зохистой байж байгаад хоромын дараа шал эсрэгээрээ зүй зохисгүй аашилдаг” гэж дурсан ярьжээ. Түүнээс гадна “Tiger Management”-ын тэргүүн өсөрхүү хонзогнуу зантай. Жишээ нь тэр гэнэт хэдэн сарын өмнө болсон зүйлийг сөхөн, уурласандаа царай нь мэнчийж, хэргийн эзэнд банга хүртээдэг байна. 1994 оны 1-р улиралд Рибертсоны сан валютын зах зээл дээрх тоглолтоос болж гурван сар дараалан 12 хувийн “намагт” сууснаас хойш “Tiger”-ын ялагдалууд эхэлжээ. Саяхан амжилтын давлагаанд байхад нь санд хөрөнгө оруулж байсан хөрөнгө оруулагчид мөнгөө яаралтай татаж, арай илүү урагштай дундын санд шилжүүлж байв. 1995 онд “Tiger”-ын азгүйтэл үргэлжилсээр дөнгөж 17 хувийн ашиг олсон нь индексийн үзүүлэлтүүдээс хамаагүй доор байв. Харин 1996 он амжилтаар эхлэн 1-р сард Робертсон 17 хувийн ашиг олж чадав. Дараа нь зах зээлийн нийтлэг уналтаас болж орлого багасан багассаар сангийн хувьд заяагүй өдөр болсон 3-р сарын 8-нд “Tiger Management” AНУ-ын бондын уналтаас 200 орчим сая ам.доллар алдав.
Цар хүрээний нөлөө
Робертсон 1990-ээд оны эхээр тэр орчин үеийн дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг макро-эдийн засгийн хүчин зүйлүүдийг ойлгодоггүйгээ мэдэрч өөрийгөө хоёрдугаар Сорос биш гэдгийг ухаарчээ. Азгүйтэж эхлэх үедээ тэр сандарч тэвдэн шийдсэн алхам хийж, дэлхийд цуутай “Morgan Stanley & Co” банкнаас туслуулахаар хүн хөлсөлж, сангийн үйл ажиллагаанд оролцуулахаар шинжээчдийн бас нэг багийг татан оролцуулав. Энэ шийдвэр нь “Tiger”-т ноёрхох захирал удирдлагын арга барилыг тогтоосон Робертсоны хувьд санаанд оромгүй зүйл байлаа. Тэр сангийн хөрөнгө хэдэн тэрбум ам.долларт хүрэх үед ч багцийг ганцаар захирч эргэлтийн хөрөнгө авах ба зарах бүх шийдвэрийг гаргадаг байлаа.
Сангийн зах зээлийн шинжээчид үзэж байгаагаар 1990-ээд оны сангийн сүйрлийн шалтгаан нь Робертсоны бүрэн эрхт төлөөлөгч томилж чадаагүй болон хүсээгүйгээс болсон ажээ. Өөр бусад хөрөнгө оруулалтын томоохон сангууд болох Сорос ба “Odyssey Partners” зэрэг нь эргэлтийн хөрөнгийн хэмжээгээр “Tiger Management” шиг боловч багцаа идэвхтэй илүү үр ашигтай удирдахын тулд бүрэн эрхийн асуудлаа хэсэгчлэн хувааж үүрэх болсон ажээ.
Жорж Сорос өөрийн сайн шинжээч болох Николас Родитид “Quota” сангаа бүхэлд нь удирдах зөвшөөрөл өгснөөр тэр сангийн багцийг хоёр дахин өсгөжээ. Ийм бие даасан үйл ажиллагаа “Tiger”-ийн хувьд өчүүхэн ч боломжгүй юм.
Түүнчлэн Жулиан Робертсоныг тэр үед мэддэг байсан хүн бүхэн, компаниудын хувьцааны талаар өөрийн санаа бодлыг туйлын зөв гэж үздэг бөгөөд түүнийг ятгаад ч нэмэргүй гэж нотолдог байв.
Ер нь Робертсоны өөрийн зөв гэдэгт итгэх итгэл тодорхой үндэслэлтэй ажээ. “Tiger”-ын албан хаагчид боссыгоо нүднээс далд жинхэнэ мэдээллийн машин гэдэг байжээ. “Тэр урьд өмнө огт харж байгаагүй санхүүгийн тайлан дахь уртын урт тоо цифрийн цэсийг харангуутаа –За энэ чинь буруу байна” гэж хэлдэг бөгөөд үнэхээр тийм байдаг гэж “Tiger”-т ажиллаж байсан түүний нэг нөхөр нь нууцлан хэлсэн ажээ. Робертсон өөрөө ч математикийн сод авъяастай, ямар ч тоог хоромын төдийд үржүүлэн хувааж чаддаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Ёдор аашт
Алдарт “Morgan Stanley” гялалзаж яваа од Дэвид Герстенбахерыг залж авчраад ч Робертсонд тус болсонгүй. “Tiger”-ыг макроэдийн засгийн нэгдсэн бодлогод хамруулах аль аль талдаа ашигтай байх харьцаа эхнээсээ л түгшүүртэй байлаа. Герстенбахер үгэнд оромтгой эелдэг зантай биш боссынхоо цухалдуу цочмог занг тэвчиж суухыг хүсдэггүй байв. Робертсон Герстенбахерын санд оруулж байгаа хувь нэмрийг үгүйсгэн аливаа шийдвэрийг урьдын адил ганцаараа гаргаж байв. Эцэст нь макро-эдийн засгийн тулгуур мэрэгжилтэн маань “Argonaut” гэдэг хувийн сан байгуулж багийн хагасыг урвуулж аваад “Tiger”-аас явж одов.
Түүнийг орлон үлдсэн “Goldman Sachs”-аас ирсэн шотланд эр Дэвид Моррисон ч Робертсонтой төдийлөн зохистой харьцаатай байсангүй. Хамтрагчид маань 1994 онд тэдний макро-эдийн засгийн байдлын тухай санаа бодол туйлын эсрэг тэсрэг байснаас хэрэлдэж салцгаав. Робертсон өөрөө Хонг-Конг, Солонгос, Швейцарь, Их Британид “урт хугацааны”, Японд “богино хугацааны” индекстэй байснаас гадна ам.долларын өсөлт Европын валютын уналт дээр тоглолт хийв. Моррисоны хувьд бараг бүх зүйл дээр эсрэг саналтай байв. Гэвч “Tiger”-ын тэргүүн зөрүүд загнан түүнийг сонсохгүй байлаа.
1994 оны 1-р улирлын сүүлчээр Моррисоны зөв байжээ гэдэг нь илэрхий болов. Робертсон улирлын дүнгээр 12 хувь жилийн дүнгээр 9.3 хувийн алдагдал хүлээв. 1995 онд “Tiger” дэлхийн зах зээл дээр дөнгөж 10 хувь, харин Америкийн зах зээл дээр 7 хувийн ашиг олов. Энэ үед Америкийн индекс 37 хувиар өсжээ. Хэдийгээр сан Герман, Испани, Америкийн бондоос ашиг олж чадсан ч Британи, Ирланд, Энэхтэг, Канадын үнэт цааснаас үлэмж алдагдал хүлээв.
Энэ үеэс эхлээд шинжээчид Робертсонтой ойлголцоход төвөгтэй болсон гэцгээдэг. Энэ нь эмх замбараагүй байдлыг улам гүнзгийрүүлсэн, “Tiger” одоохондоо үнэт цаас худалдан авах худалдах саналуудад хариу үйлдэл хийж байгаа ч зах зээлд орох зөв зохистой нөхцөл алдагдсан байлаа.
1994-1995 он бол “Tiger”-ийн хувьд хөрөнгө оруулагчид нь ялангуяа Европын хөрөнгө оруулагчид татарсан хэцүүхэн хүнд жилүүд байсан. Энэ хоёр жилийн хугацаанд Робертсоны сангуудаас бараг 800 сая ам.доллар гадагш урслаа. Азгүйтэл тэртээ тэргүй ганцаар ноёрхон удирдах арга барил, түүний хүнд хэцүү зан аашинд хүчтэй нөлөөлөв. Түүний ажилтан асан нэгэн ярихдаа “Робертсоны толгойд сангийн ажилтнуудаа цомхотгох санаа төржээ. Тэгээд тэр тохиолдолын журмаар хэсэг хүнийг чичин зааж бүгдийг нь халах тушаал өгөв. Хамгийн инээдэмтэй нь эдгээр хүмүүс өөрт нь ер ажилладаггүй “Morgan Stanley”-аас өөрийн нь урьж авчирсан зөвлөхүүд байлаа”. Гэхдээ Робертсон түүний компанид ийм явдал болсныг эрс эсэргүүцдэг юм. Тэгэхдээ байдал түгшүүртэй болсон 1990-ээд оны үед эм найруулал зүйн зах зээлийн шинжээч “од” Арнольд Снайдер өмнө нь “Morgan Stanley”-д ажиллаж асан Лу Риккиарделли (олон хүн Робертсон халааг авна гэж бодож байсан) залуу Жон Гриффин зэрэг олон хүн “Tiger”-аас зугтлаа.
“Tiger”-ийн хувьд шийдвэр гаргах төвшинд хамгийн ойр хүн бол Робертсоны эртний андуудын нэг сэтгэл судлаач дээр дурьдаж байсан Аарон Стерн байлаа. Стерн хурал зөвлөгөөнд оролцож хүмүүстэй тогтмол шахам нүүрлээд байгаа мөргөлдөөнийг зөөлөрүүлэх гэж оролдоно. Түүний үгээр бол тэр удирдлагын хооронд ордоггүй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаггүй гэх боловч энэ талаар шивэр авир яриа их бий.
Цэцэглэлт ба дампуурал
Ер нь “Tiger”-ын эзэнт улс гаднаас нь харахад ганхашгүй мэт байлаа. 1997 онд компанийн мэдэлд 10.5 тэрбум ам.доллар цугларч дэлхийн хоёр дохь том дундын сан боллоо. 1998 онд “Tiger”-ын удирдлага дахь сангууд 22 тэрбум ам.долларын эзэн сууж дээд амжилт тогтоожээ. Гэвч энэ хоромоос эхлэн азын тэнгэр Робертсоноос бүр бөсөн нүүр бууруулжээ. Ялангуяа 1998 онд түүнийг хоёр зүйл хүчтэй сөхрүүлжээ. Энэ нь Японы иены эсрэг тоглосон айдастай азгүй тоглоом болон АНУ-ын өндөр технологийн компаниудын замхарсан “хөөс” хоёр юм.
Асуудлыг 8-р сард Орост болсон дефолт ( ӨР, янз бүрийн эх сурвалжаас үзэхэд “Tiger” Оросын зах зээлд 600 сая ам.долларыг Робертсон Оросын засгийн төлөхөөс татгалзана гэж итгэхгүй явсаар алдсан юм). Мөн гол хөрөнгө оруулагч нь Робертсоны сан байсан “U.S Airways”-ын дампуурал байна. Харин 1999 онд “Standard & Poor`s” индекс 21% өсөхөд “Tiger Management” бас дахин 19%-ийн алдагдал хүлээв. Хөрөнгө оруулагчид сандарч эхлэв. Дараагийн 18 сард “Tiger” сангийн хөрөнгө 16 тэрбумаас 6 тэрбум ам.доллар хүртэл хорогдож, үүний зэрэгцээ 2000 оны 3-р сард нэг тэрбумаар унаж сандаргав. Ийм үймээний дараа Робертсон “Tiger”-ын удирдлага доор байгаа зургаан санг бүгдийг нь бүр мөсөн хааж, хөрөнгө оруулагчдад хөрөнгийг нь буцаан өгөх шийдвэр гаргав. Чухам энэ үедээ тэр “Бид миний ойлгохоо байсан, зах зээлд амьдарч байна” гэдэг алдарт үгээ хэлжээ.
2002 оны 12-р сард “Institutional Investor” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр замхарсан хөөсны азгүйдэлдээ АНУ-ын ХНС-ын тэргүүн Алан Гриспенийг болон ХНС-ын удирдлагад байгаа бусад хүмүүс улс төрчдийг буруутгав. Түүний үгээр бол тэр үед зах зээлд онцын муу юм юу ч болоогүй бөгөөд Гриспений үйлдэл л нуралтыг өдөөн хатгасан гэнэ. Сүүлийн жилүүдэд хэдийгээр азгүйтсэн ч гэсэн Робертсон АНУ-ын түүхэнд хамгийн сайн эрхлэгчдийн нэг яах аргагүй мөн билээ. Түүний сангууд сүүлийн 20 жилийн турш 25%-ийн ашиг өгч байсан нь гойд амжилт юм.
Өөрийнхөө мөнгөөр тоглосон нь
Тэр цагаас хойш Жулиан Робертсон зөвхөн өөрийн хөрөнгөөр хөдөлдөг болов. Тэр Уолл Стрийтээс явах амлалтандаа хүрч чадсангүй. “Fotune” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би 70 насандаа библийн сударт гардаг Мафусаил өвгөн шиг болохыг хүсэхгүй байна. Миний эргэн тойронд залуучууд эргэлдэж, идэвхтэй амьдрал буцалж байгаасай гэж би хүсч байна. Би хэдэн барын бамбаруудад шинэ шинэ сангуудыг нээхийг санал болгож гарааны хөрөнгөөр хангана” гэжээ. Ингэж Робертсоны ярьснаар, түүний хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны явцад хамгийн сэтгэл хөдөлгөм үе эхлэв.
Азийн бар “Tiger Asia” гэдэг азийн зах зээлд мэргэшсэн санг Билл Хванг тэргүүлдэг. 2007 онд тэр 50 хувийн ашиг олж жилийн дундаж үзүүлэлт 7 жилийн турш 40.4 хувь байлаа. “Tiger Global” санг Чейз Коулман удирдаж бүр ч гайхам 2007 оны дүнгээр 91%-ийн үр дүн үзүүлж долоон жилийн турш 43.7%-ийн үзүүлэлттэй байв. Мөн түүнийг Жон Полсон шиг “Sub-prime” хямралын уршгаар унасан Америкийн индекс дээр саяхан ер бусын амжилттай төгсөв. Хэрэв Робертсоны бүх санг 2007 оны байдлаар авч үзвэл 76.7%-ийн ашиг хөрөнгө оруулалтаар олжээ. Хэрэв сангуудын нийт ашигийг 2000 оноос өнөөг хүртэл тооцож үзвэл 403.7% гэсэн маш гайхамшигтай тоо гарна. Робертсоны хөрөнгө 2000 онд нэг тэрбум ам.доллар байсан гэвэл 2012 ондхэдий хирийн хөрөнгөтэй болсныг амархан тооцож болно.
Бирж дээр арилжаа хийхийн зэрэгцээ Робетрсон Шинэ Зеландад үл хөдлөх хөрөнгийн наймаа хийж, ихэнх цаг заваа Оклендаас Нью-Йорк руу хувийн онгоцоор байнга нисэн өнгөрөөж байна. Тэр Шинэ Зеландад хөгжлийн төслүүд болон дэлхийд 27-рт жагсдаг гольф-сувилалын алдарт төв “Cape Kidnappers”-д хөрөнгө оруулжээ. Гольф клубын үл хөдлөх хөрөнгөнөөс гадна, Шинэ Зеландын бузгайд ордог дарс үйлдвэрлэдэг усан үзмийн талбайг эзэмшиж байдаг. Ер нь тэрбумнуудын жишгээр өглөг буяны ажилд ч идэвхтэй оролцдог ажээ. Хойд Каролины Дюкийн дөрвөн жилийн сургалттай их сургуулиудад Робетсоны нэрэмжит оюутаны тэтгэлэг бий. Тэр Нью-Йоркийн ядууралтай тэмцэх санд 58 сая ам.доллар хандивлаж, дэлхийн дулааралтай тэмцэх байгаль орчин экологийн байгууллагуудад идэвхтэй хөрөнгө оруулдаг. Тэр өөрийн гурван хүүг, эцэг нь түүнийг хэрхэн хүмүүжүүлсэн шиг алхам бүгдийг нь цагдахгүй хүмүүжүүлэхийг хичээдэг. Тэр өөрийн хүүхдүүдэд илүү чөлөөтэй байдал олгож, тэднийг өөрийн санг үргэлжлүүлэхийг албаддаггүй боловч том хүү нь түүний гэр бүлийн Жулиан гэдэг нэрийг зүүж явна.
Орчуулсан Ж.Бадарч









