



















Дэлхийн хамгийн баян, хамгийн ухаалаг хүмүүсийн нэгтэй цуг өдрийн хоол идэхийн тулд та хэдийг төлөх вэ? Бизнес эрхлэгч Жастин Сангийн хувьд энэ хариулт нь 4.6 сая ам.доллар байлаа. "TRON" сүлжээг үндэслэгч, криптовалютын ертөнцөд нэр хүндтэй Жастин Сан нь хэн хүнээс илүү анхаарал татсан нь түүний Уоррен Баффеттэй хамт өдрийн хоол идэх эрхийг олгодог уламжлалт буяны дуудлага худалдаанд 2019 онд ялалт байгуулсантай холбоотой. "Power lunch" нэртэй энэхүү арга хэмжээг Сан-Францискогийн орон гэргүй болон бага орлоготой иргэдийг дэмждэг "Glide" сан олон жилийн турш буюу 2022 оныг хүртэл зохион байгуулсан.

Энэ бол зүгээр нэг тансаг хоол биш. Харин “Омахагийн зөнч” хэмээх алдарт Уоррен Баффеттэй нэг ширээнд сууж, хэдэн арван жилийн санхүүгийн туршлагыг өөрийн биеэр сонсох, дахин давтагдашгүй боломж байдаг байлаа. Сан нь тухайн үедээ олон өндөр дүн санал болгосон оролцогчдыг ардаа орхин, дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнээр ялагч болжээ.
Бизнесийн ертөнцөд хүмүүсийн санал хуваагдсан. Зарим нь үүнийг гайхалтай PR тактик гэж үзэж байсан бол, нөгөө хэсэг нь ердөө стейк идэж, хөрөнгө оруулалтын зөвлөгөө сонсоход хэтэрхий өндөр үнэ төлсөн гэж шүүмжилж байжээ. Харин Сангийн хэлснээр, түүний зорилго бол уламжлалт хөрөнгө оруулалтын ертөнц болон блокчэйн, криптовалютын ирээдүй хоёрын хооронд гүүр барих байв. Үнэндээ бол Баффеттэй мөр зэрэгцэн суух нь олон бизнес эрхлэгчдийн мөрөөдөл гэдэг нь тодорхой.

Үнэ нь зарим хүнд хэтэрхий өндөр санагдаж болох ч, жинхэнэ ялагч нь "Glide" сан юм. Тухайн үед олсон сая сая долларын орлого нь Сан-Францискогийн хамгийн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хоол хүнс, орон байрны дэмжлэг, ажил мэргэжлийн сургалт болон эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг чухал үйлчилгээг санхүүжүүлэхэд зориулагджээ.
Тиймээс энэ нь эрх мэдлийн “show” байсан ч бай, эсвэл чин сэтгэлийн төсөл байсан ч бай, Жастин Сангийн 4.6 сая долларын өдрийн хоол бизнесийн түүхэнд тод мөр үлдээсэн.
Гэхдээ Сан түүхэнд хамгийн өндөр үнэ төлсөн хүн биш. Уоррен Баффетттэй дуудлага худалдаагаар хоолонд орох өрсөлдөөн нь 2019 оны дараа 2022 онд хамгийн өндөр үнээр үргэлжлэж, тэр нь хамгийн сүүлчийн удаа болсон юм.
2020–2021 онд коронавирусын цар тахлын улмаас энэхүү “Power Lunch” дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй.
2022 онд болсон сүүлчийн дуудлага худалдаанд нэрээ нууцалсан нэгэн хүн 19 сая ам.доллараар ялалт байгуулж Уоррен Баффетттэй үдийн зоогийн ширээ зассан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэ төлсөн тохилдол байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.










