



















Засгийн газар тогтоолоо албажуулж, өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглолоо.
Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаараа хэлэлцсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлыг аймаг, сумдын Засаг дарга нарт шилжүүлсэн юм.
Энэхүү Засгийн газрын 41 дугаартай тогтоолд, Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай тодорхой шийдвэрүүдийг тусгажээ.
Тогтоолын хоёр дахь заалтад: “...Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (Т.Ихтамир)-т тус тус үүрэг болгосугай..." гэжээ.
Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,885 хүүхэд бүртгэлтэй байгаагаас
15,403 эрэгтэй,
482 эмэгтэй хүүхэд
Энэ нь нийт хурдан морь унаач хүүхдийн 96 хувь нь эрэгтэй, 4 хувь нь эмэгтэй хүүхэд эзэлж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан 2022-2023 оны статистик эмхэтгэлд хурдан мориноос унаж, гэмтсэн хүүхдийн тоон мэдээллийг оруулжээ. Тухайн эмхэтгэлд “2022 онд унаж бэртсэн 428, үүнээс амь насаа алдсан 6 хүүхэд, 2023 онд унаж бэртсэн 464 хүүхэд байна” гэх статистик мэдээлэл гарсан юм.
Тэгвэл 2017-2024 оны хооронд буюу хурдан морины уралдаан үеэр мориноосоо унасан хүүхдийн тоо 3070, амь насаа алдсан хүүхдийн тоо 21 байна
Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол бүрэн эхээр нь танилцах бол ЭНД дарж уншина уу.









