



















УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.11.19/ хуралдаж, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээллээр Монгол Улсад 2023 оны байдлаар улсын хэмжээнд 385 мянган ахмад байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд, 2000 онд Монгол Улсын 60-аас дээш настай иргэдийн тоо хүн амын 5.4, 2010 онд 5.8, 2021 онд 9.7 хувийг эзэлж байсан.
Энэ тоо цаашид нэмэгдсээр 2030 онд 11.9 хувьд хүрэх, улмаар 2050 онд таван хүн тутмын нэг нь 60-аас дээш настай болно гэжээ.
2023 оны байдлаар манай улсад эрэгтэй 60, эмэгтэй 55-аас дээш насны 385 мянган ахмад настан байна. Энэ нь нийт хүн амын 10.9 хувьтай тэнцэх юм.
Мөн жил ирэх тусам ахмад настнуудын тоо өссөн. Гэхдээ тэдэнд тэтгэврээс өөр орлого олох боломж Монголд алга. Харин УИХ-аас баталсан Ахмад настны тухай хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ гэж салбарын сайд нь мэдэгдлээ.
2024 оны дөрөвдүгээр сараас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр бүрэн тэтгэрийн хэмжээ 650 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 540 мянга, дундаж тэтгэвэр 787 мянган төгрөгт хүрсэн. 2024 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 795 мянган төгрөгт хүрсэн.
Ирэх онд тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлнэ.
Засгийн газар 2023 онд буюу есөн жилийн дараа тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн бодсоноор 481 мянган иргэн хамрагдсан.
Тэтгэврийг дунджаар 181 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж тэтгэврийг 687 мянган төгрөгт хүргэж, үүнд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр 375 мянга, байнгын асаргаа шаардлагатай ахмадад олгож байгаа асаргааны тэтгэмж 302 мянган төгрөг.
Цаашдаа Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн зарцуулалтыг хянаж, яг эзэндээ хүрч чадаж байна уу гэдгийг нийтэд зарлах юм байна. Учир нь ахмад настнаа асардаг гээд 302 мянгн төгрөг авдаг хэрнээ ахмад настныг асардаггүй хэсэг бүлэг нийгэмд бий болжээ.
“Фридрих Эйбертийн сан”-гаас хийсэн 2022 оны судалгаагаар ахмад настны 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байна.
Тэтгэврийн зээлийг ахмадууд хүүхэддээ зориулж, байр, машин худалдан авах, сургалтын зээл зэрэгт зарцуулахад авдаг. Тэтгэвэр барьцаалсан зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийгнь зөрчих, өрийн дарамтад оруулах, гар дээрээ тэтгэвэр авахгүй байх зэргээр ядууралд өртөхөд голлон нөлөөлсөн гэх судалгаа гарчээ. Арилжааны банкууд 24 сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгодог. Иймээс ахмад настны нийгмийн баталгааг хангах хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн. Төр анхаарлаа хандуулж, зохицуулалт хийхгүй бол маш хүнд асуудал болсон гэж ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан ахмадыг тойрсон асуудлаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр, бусад улс оронд ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байдаггүй. Энийг "хар зээл гэж нэрлэдэг" гэж тодорхойллоо.
Мөн ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж байгууллага нийт ажлын байрныхаа хоёроос дээшгүй хувьд ахмад настныг ажиллуулах зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн ч хэрэгждэггүй. Мөн Ахмад настны сан байгуулах тухай заалт хэрэгждэггүй байна.









