



















Бидний удирдагч үүрд гэх уриа лоозон Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын эцэг, Хафез аль-Асадын үед Алеппо хотынхны тарни байв.
1980-1990-ээд оны сүүл үе хүртэл Алеппо хотынхон удирдагчаа үүрд мөнх хэмээн итгэдэг учраас тэр байв. Гэтэл Хафез аль-Асад 2000 оны 6-р сард “мөнх бус”-ыг үзүүлсэн бөгөөд түүний дэглэмийг хүү Башар Аль-Асад нь үргэлжлүүлсэн юм.
Башар Аль-Асадын дэглэм ганхаж байсан үе бий. 2011 онд "Арабын хавар" хувьсгал Тунисд эхэлснээр Арабын ертөнцийг тэр чигт нь нөмөрлөө. Үргэлжлээд Египет, Ливи дарангуйлагчдаа унагаж, Йемен, Бахрейн, Сирийн хувьсгалаар давлагаалсан билээ.
Гэвч Иран улс, Ливаны Хезболла бүлэглэл ОХУ-ын цэргийн ажиллагаа Сирид эхэлснээр Башар Аль-Асадын авлигад идэгдсэн харгис дэглэм, хэт туйлширсан сөрөг хүчний босогчдын хооронд өрнөж байсан ширүүн тэмцэл царцсан юм.
Холбоотнуудынхаа дэмжлэгээр Башар аль-Асад аажим аажмаар нөлөөгөө эргүүлэн тогтоолоо.
Гэвч хар дарсан зүүд болсон Сирийн иргэний дайнд Башар Аль-Асад ч ялсангүй, АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчин Курдын цэргүүд, Туркийн дэмжлэгтэй Суннитууд ч ялалт байгуулсангүй.
Ердөө Сирийн газар нутагт хувааж хяналтуудаа тогтоожээ. "Аль-Каида" бүлэглэлтэй холбоотой гэх "Жабхат ан-Нусра" тэргүүтэй сөрөг хүчин Идлиб мужийг хянаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэнэт засгийн газрын хянаж буй Алеппо руу дайралт хийлээ. Ингээд Сирид царцаад байсан иргэний дайн дахин эхлэв.
Бямба гарагийн орой Сирийн хэвлэл мэдээллийг хэрэгслээр босогчид Засгийн газрын цэргүүдийг бут цохиж, Хама хот руу дайрч эхэлснийг мэдэгдэв. Хама хотод 1982 оны эхээр Башар Аль-Асадын эцгийн арми, тагнуулын албадтайгаа өрсөлдөгчдөө буулган авч Исламын ахан дүүсийг бослогыг цус урсган дарж байсан билээ.
Сирийн дайн дахин эхлэх шалтгаан юу байв?
Сирийн гол холбоотон болох ОХУ Украинд халдан довтолж, Израил Хезболла-д цохилт өгч, Ираны баазуудыг бөмбөгдсөнөөр холбоотнуудын хүч тарамдаж эхлэв. Гол холбоотнуудын хүч тарамдаж Сирид тавих хяналт үндсэндээ үгүй болсныг сөрөг хүчний босогчид тооцоолж хөдөлжээ.
Сирийн иргэний дайн ид өрнөсөн хар бараан өдрүүдэд Башар Аль-Асадын дэглэмийг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нь Хезболла бүлэглэл. 2023 оны 10-р сарын 7- ны Израил Газын зурваст ХАМАС руу дайрч эхэлснээр, Хезболла ч бэлэн байдалд орохоор цэргүүдийнхээ дийлэнхийг Ливан руу буцаажээ. Израилын арми ч ХАМАС-аас гадна Хезболла руу цохилт өгсөөр сүүлийн хоёр сарын хугацаанд Хезболла бүлэглэлийн удирдагчдыг толгой дараалан устгаад байна.
Мөн ОХУ 2015 оны 9-р сард Сирид цэргээ илгээж, байлдааны онгоц, зэр зэвсгийн туслалцаа үзүүлсэн нь Башар Аль-Асадын засгийн газар бэхжихэд гол түшиц болжээ. Харин одоо бол Кремлийн анхаарал Украинд төвлөрч, Сирид суларлаа. Сирийн чухал холбоотон Ираны цэргийн баазууд ч сүүлийн нэг жилийн хугацаанд Израилын дайралтад өртөн сүйрч байна.
Сири 2011 онд иргэний дайнд нэрвэгдэхээс өмнөх авлигад идэгдэж, эдийн засгийн хувьд хүнд байсан. Харин дайнаас хойш Сирид дундаж давхарга үгүй болов. Дайны улмаас 300 мянга гаруй хүн амиа алдаж, 6.6 сая хүн цөллөгт буюу дотооддоо, 6.8 сая хүн гадагш дүрвэжээ.
1971 оноос хойш 53 жил оршин тогтносон Асадын эзэнт гүрэн нурж унахад ойртжээ. Хэдийгээр тэсэж үлдэх тэмцэл явагдах ч эцэст нь ямар ч дэглэм, аль ч удирдагч үүрд биш ажээ. Бүх зүйлд төгсгөл бий...









