



















Утаагаа багасгая... угаартаж үхлээ гэхээр зуух тараана гэж даажигнах дарга нар хэний бизнесийг дэмжих гэж 32 мянган зуух ногоон зээлээр гэр хорооллын иргэдэд ‘’шахна’’ гэж хэлээд зогсож байна вэ? Нэг бүрийнх нь үнэ тодорхойгүй, тэгээд арилжааны банкны ногоон зээлээр ‘’шахах’’ зуух нь агаарын бохирдлыг 3-5 хувиар бууруулах шидтэй. Сонин л логик. Утаагүй зуух гэх ойлголт дэлхийд байхгүй. Шаталт явагдаж л байвал утаа гарах нь хууль. Гэтэл зуухаа зуухаар солиод агаарын бохирдлыг тав хүртэлх хувиар бууруулна гэж ямар тооцоо, судалгаанд үндэслэж ингэж гаргав. Тэгээд ч хотын орлогч А.Амартүвшин 15 жилийн өмнө зуух тарааж байсан үерүү ухрав. Зуух, яндангаа солиод Улаанбаатарын утаа буурдаг бол утаагүй болтлоо л өнгөрсөн 20 гаруй жилийн туршид элдэв янзын зуух, яндан тараасан даа... Утаа буурсан уу? Үгүй... аль нь ч үр дүнгээ өгөөгүй. Утаа гаргадаггүй болсон цагт Улаанбаатар цэлмэнэ. Түүнээс биш зуух тараагаад утаа буурахгүй... Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэж энэ. Манай дарга нар иргэдээ ‘’маллана’’ гээд эндүүрчихдэг юм уу эсвэл үнэхээр улаан цагаандаа гарчихсан нь энэ юм уу?
Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ээрч муурсаар энэ тухай ярьж зогслоо. Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр хамгаалсан хүний амнаас гарамгүй ‘’мунхаглал’’. Үнэндээ Улаанбаатарын утаа энэ хэдэн дарга сэтэртнүүд, тэдгээрийн хань хамаарлыг тамтаггүй хөлжих ганц хэрэгсэл нь болж, харин энгийн ард өвчин зовлондоо тарчилж, халаасаа сэгсрүүлсээр дуусах нь...
САЙН ТУРШЛАГА...
1952 онд Лондонд утаанаас болж дөрвөн мянга гаруй иргэн нь нас барсаны дараа тортог үүсгэгч хийг хориглож, бохир түлшийг хязгаарлаж, нүүрсний оронд хийн зуух хэрэглэхэд хүн амаа санхүүгээр дэмжжээ.
Грек утааны улиралд хүн амынх нь ядуу хэсэг цахилгааны төлбөрөө төлж чадахгүйг бодолцож зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлөх шийдвэр гаргажээ.
БНХАУ 2014 оноос агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдээ хаасан. Тус улс оновчтой менежмент, технологийн шийдлийг хослуулж, утаанаасаа салж чадсан.
Утаанаас салах энгийн алгоритм утаа гаргахгүй л байх... Дэд станцууд барьж гэр хорооллын яндангуудаа буулгах, орон сууцжуулах, дахин төлөвлөх. Түүнээс биш яндангаа яндангаар солино гэдэг дарга нарын шийдэл ''мөнгө идэх'' гэсэн үнэр л үнэртэж байна шүү.









