



















ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр “Агаарын бохирдолтой энэ үед амны хаалт зүүхгүй явах нь амиа хорлож байгаатай адил байна” гэж өнөөдөр мэдэгдлээ.
Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл ихэсч, эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй сандралдаж байна. Агаарын бохирдол нь хавдар, сэтгэл гутрал, аутизм, тэнэгрэл өвчин үүсэхэд нөлөөлдөг гэх судалгааг ХӨСҮТ-ээс хийжээ. Тиймээс амны хаалт зүүхгүй бол ядаж ноос, ноолууран ороолтоор амаа хааж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр уриаллаа.
Агаарын бохирдол буюу агаарт байх нарийн ширхэгт тоосонцор нь хамар, ам болон амьсгалын замаар дамжаад уушгины цулцант хэсэг дээр очоод цусны судас руу нэвчиж ордог. Үндсэндээ цусны судас руу шууд очиж, уушгины хавдар болох эрсдэл болоод байна. Мөн цусны судас руу орсон нарийн ширхэгт тоосонцор тунгалгийн булчирхайд очно. Тунгалгийн булчирхайн эсүүд залгисантайгаар холбоотой тунгалгийн булчирхайд нүүрс, нүүрсний тоосонцроор дүүрсэн, харласан тохиолдлууд гарах болжээ. Давхар бөөр, элэгний эд эсүүдэд очиж гэмтээдэг.
ХӨСҮТ дээр хийсэн судалгаагаар элэгний хавдрын нэгэн шалтгаан нь нарийн ширхэгт тоосонцор байна гэдгийг тогтоогоод байна.
Үүнээс гадна амьсгалын халдвар түүн дотроо томуу, томуу төст өвчин, сүрьеэгийн эрсдэл агаарын бохирдлоос болж нэмэгджээ. Монгол Улсад сүрьеэ өвчний эрсдэл өндөр болсон нь агаарын бохирлоос үүдэлтэй гэж ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.
Амьсгалын өвчнөөр яаралтай тусламжийн тасгуудад эмчлүүлэхээр ирэх хүмүүсийн тоо нэмэгдэх, хүүхдүүдийн уушгины өсөлт зогсох. Мөн насанд хүрэгчдийн уушгины үйл ажиллагаа алдагдах, багтраа өвчнөөр өвдөх, хүний арьс эрт хөгшрөх, тэнэгрэх, сэтгэлд гутралд орох, цусны даралт ихсэх, зүрх судасны даралт ихсэх, ургийн бойжилт зогсох, бодисийн солилцооны эмгэгтэй хүүхэд төрөх зэрэг сөрөг үр дагаврууд агаарын бохирдол буюу нарийн ширхэгт тоосонцроос үүдэлтэй болохыг судалгаагаар тогтоожээ.
Тиймээс гадаа болон дотор аль ч орчин нөхцөлд амны хаалт зүүж хэвшихийг ХӨСҮТ-өөс уриаллаа











