



















“American Airlines”-ийн зорчигч тээврийн онгоц АНУ-ын армийн “Black Hawk” нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн ослоос амьд үлдсэн хүн байхгүй хэмээн аврах албаныхан үзэж байна. Зорчигч тээврийн онгоцонд 64 хүн нисдэг тэргэнд 3 хүн явсан бөгөөд тэд бүгд амиа алдсан нь тодорхой болж байна. Аврах ажиллагаад онцгой байдлын 300 орчим алба хаагчид ажилласан бөгөөд Потомак голоос 40 орчим хүний цогцсыг олжээ. Мөн аврах албаныхан “American Airlines”-ийн онгоц болон “Black Hawk” нисдэг тэрэгт явсан бүх хүмүүсийн цогцсыг олохоо мэдэгдсэн ч Потомак голд үлдсэн цогцсыг хайх ажиллагаа аюултай нөхцөл байдлын улмаас түр зогсоод байна. Голоос онгоцны их бие, төмрийн хаягдлуудыг цэвэрлэсний дараа үргэлжлүүлнэ.
Шумбагчид онгоцны хоёр хар хайрцагны нэгийг олсон бөгөөд ослын шалтгааныг 30 хоногийн дотор тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Урьдчилсан таамаглалаар, Рейганы нисэх онгоцны буудлын агаарын орон зайн хөдөлгөөн хэт нэмэгдсэн, нисэхийн удирдлагын баг ажиллах хүчний хомстолтой, осол гарсан өдөр онгоцны хөдөлгөөнийг удирдах нэг хянагч ажиллаж байсан (хоёр хүн ажиллах ёстой) гээд олон зүйлс нөлөөлсөн байх магадлалтай.
Мөн онгоцонд АНУ-ын уран гулгалтын өсвөрийн одод гэгдэх 10-14 насны 3 хүүхэд эцэг эхийн хамт явж байжээ. Одоогоор нэрсийг нь зарлаагүй байна. Харин нас барсан Евгения Шишкова, Вадим Наумов нь тэдний дасгалжуулагчид байжээ.
Энэхүү осол 2001 оноос хойш АНУ-д хамгийн олон хүний амь насыг хохироосон агаарын тээврийн осол хэмээн бүртгэгдэж байна. Тодруулбал 2001 оны 11-р сарын 12-ны өдөр Нью-Йоркт “American Airlines” компанийн онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан 260 хүн бүгд амь үрэгдсэн байдаг. Онгоцонд байсан зорчигдоос гадна газарт байсан 5 хүн амиа алдсан нь онгоц унах үед ойролцоо байсан хүмүүс юм.
Мөн 1982 оны 1-р сарын 13-нд Вашингтоны үндэсний нисэх онгоцны буудлаас Форт-Лодердейл рүү хөөрсөн онгоц мөстөж хөлдсөн Потомак голыг мөргөж осолдож байжээ. Энэ үеэр онгоцны зорчигчдоос гадна гүүрэн дээр байсан 4 жолооч амиа алдсан байдаг.









