



















Нийслэлийг хучсан хар утаа, үхэл хагацал, өвчин зовлон, өнөө шөнийг мэнд давж, амьд сэрэх, амь дүйсэн асуудал яригдаж эхлэхтэй яг зэрэгцээд урлаг соёлынхны хэрүүл, зодоон, дарамт, хулгай, луйвар, хар тамхи, араар тавилт, салалт, ямар нэг зүйл булаацалдах гэх мэт асуудал гарч ирээд байдгийг та анзаарч үзэв үү?
Нийгмийн асуудал эрчээ авч эхлэхэд сөрөөд босох урлаг соёлынхны хэрүүл, зодоон Монголчуудын анхаарлыг сарниулж, ёс зүй, сахилга хариуцлага, “cancel culture” гэх сэдэв рүү аяархан гулгуулаад орхиж байна.
Сенсацыг сенсацаар гэх энэ хоцрогдсон технологийн ард шийдэгдэх ёстой асуудал нь чимээгүй нуугдаад үлддэг тавилт Монголоос нэг л салж өгдөггүй.
Утаагүй түлшний автор Ухнаагийн Хүрэлсүхийн сэлэм Засгийн гишүүдийн толгой дээгүүр хий эргэж байх зуур "Этик" гэх продакшны жүжигчин хүн зодож буй бичлэг цахимыг хуйлруулж байна. Монголчууд ярьж байсан утаагаа орхиод зодооны хэргийг шүүцгээж өнөө л “cancel culture” ёс зүй, соёлжих асуудлаар цэц булаалдаад эхэллээ. Цагдаагийн байгууллага шалгаж эхлээд тээр дээр үеийн өнгөрсөн бичлэг байна гэж хэлэх биз. Угаасаа тэгж ч ирсэн юм.
Огцрох асуудал нь яригдаж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас олны анхаарлыг холдуулж буй танил технологи гэж хардав... Хачирт нь, сэлэмдүүлсэн шарандаа шүдний эмч, жүжигчин, Б.Бадамцэцэгийг Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлого, эрүүл мэндийн зөвлөх болж гэх сенсацыг тавьсан байж болох уу?
“Halloween” -оор үйлдэгдсэн “шүдэнз” Амараагийн хүчирхийллийн хэрэг 11-р сарын дундуур газрын ховор элемент Халзан бүрэгтэйн төслийн зодооныг дарж, реппер Rookie-н өнгөрсөн зун “CU”-д танхайрсан хэргийн бичлэг Цөмийн энергийн хууль, төсвийн хэлэлцүүлэг явж байхад буюу Монголын эрх ашиг хөндөгдөж буй чухал үед задарч нийгмийн анхаарлыг буруу тийш эргүүлсэн.
Ер нь Монголын ирээдүй, улсын эрх ашиг яригдаад эхлэхээр өмнө үйлдэгдсэн хэн нэгэн олны танил этгээдийн гэмт хэргийн бичлэг задардаг. Бүүр тогтсон заншил боллоо.
Урлаг хэмээх утга санаа төгөлдөр оюуны их ай сав мухар замдаа таг гацсан дуучид жүжигчдээр дүүрч, хальж асгарч байна. Харах нүд, сонсох чих нь СУИС-аар хязгаарлагдаж, хоосон ходоодноос оюуны хоосрол руу үсэрсэн бүхэл бүтэн бүдүүлэг үе Монголын урлагийг тодорхойлж буй болохооор салбарынх нь хүчирхийлэл тасардаггүй биз...
Мимик нь мэдлэгээ, дуу хоолой нь дундуур тархиных нь илэрхийлэмж тэд Монголын нийгэмд гэрэл гэгээ тусгахгүй, оюун санаагаар манлайлахгүй.
Гашилсан тархитай хүчирхийлэгч хүн сүргийн балмад үйлдлийг эрх баригчид нь чадамгай ашиглаж, бичлэгийг хав дарж байгаад хэрэгтэй цагт нь нохойд яс шидэж өгөх мэт олон нийтийн сүлжээнд оруулж нийгмийн оюун санааг нэмж хүчирхийлэхийг нь яана.
Эрх баригчдад ийм бичлэг олдохгүй бол харин зориудаар олны танилуудыг муудалцуулна. Хөгшин, залуу, эрээ цээрээ алдсан дуучид дуугаа булаацалдаж, инфлүүнсэрүүд нь хоорондоо цахимаар муудалцаж, хэн нэгэн нь хоорондоо явалдаж эсвэл нэгнээ залилж эхэлдэг. Урлагийнхны увайгүйг харин ч нэг ашиглана, нөгөөдүүл нь санаатай санаандгүй ашиглагдана. Ийм маягийн анхаарал сарниулах найруулга муутай тэнэгдүү жүжиг тавигдсаар хэдэн ч жилийг үдэв. Нийгэм нь ямар "cancel culture" хийх биш. Их л сайндаа хэд хоног хэлэлцээд таг мартдаг, аз нь таарвал бүр их дагагчтай болдог хойно алдах юмгүй. Анзаарч байвал өмнөх асуудлыг сөхөж таныг нэмж нервтүүлэхээ азная...
Тэр болхи жүжгээс нь яасан ч уйддаггүй нийгэм юм. Болхи жүжгийн гол дүрд хүссэн ч эс хүссэн ч орчихдог тэнэгдүү жүжигчид нь яасан гэгээрч, сэхээрч юм үзэж, нүд тайлж, оюуны цангаагаа тайлдаггүй юм. Магад бартераар Фукок орж амрахаас цааш хэтэрдэггүй болоод тэр биз ээ...
Нийгмийн зовлон багадаагүй... Сайн дурын уран сайханчдаа...









