



















2025 оны 1-р сарын 31-ний Баасан гарагт Филадельфи хотод эмнэлгийн яаралтай тусламжийн зориулалттай жижиг онгоц осолдож, галд өртжээ. Онгоцонд таван настай хүүхэд ээжийн хамт явсан бөгөөд багийн дөрвөн гишүүнтэй нийт зургаан зорчигчтой байсан байна. Тухай онгоцыг "Jet Rescue Air Ambulance" компанийх бөгөөд амьд үлдсэн хүмүүсийн талаар одоогоор баттай мэдээлэл өгөөгүй байна. Ослын улмаас хүн ам ихтэй тухайн бүсэд ихээхэн хохирол учирч, нурангид дарагдсан цогцсууд олдсон тухай мэдээлжээ.
Онгоц Миссури мужийг дамжин Тихуана, Мексик рүү нисэхээр төлөвлөж байсан бөгөөд зорчигчид бүгд Мексикийн иргэд байж. Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар эмгэнэл илэрхийлсэн бөгөөд холбооны улсын нисэхийн удирдах газар тухайн үед цаг агаарын нөхцөл тааруу байсныг онцолсон байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Энэ осол нь Вашингтон хотод болсон нисэх онгоцын томоохон ослын дараах бас нэгэн харамсалтай осол болж байна. Ослын улмаас ойролцоох байшин, тээврийн хэрэгслүүд галд өртөж, аврах албаны ажилд хүндрэл учруулаад байгаа гэж албаныхан мэдэгдээд буй.
"Jet Rescue Air Ambulance" компаний эзэмшлийн Мексикт бүртгэлтэй Learjet 55 онгоц нь Нортеаст Филадельфи нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш 30 секундын дараа радар дээрээс алга болсон ажээ. Филадельфи хотын дарга Черелл Паркер болон Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро нар Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) болон Холбооны нисэхийн удирдах газар (FAA) зэрэг байгууллагууд ослын газарт ажиллаж байгааг мэдэгдээд байна.
Ослын шалтгааныг онгоцны хөдөлгүүрийн ноцтой гэмтэл эсвэл шувуутай мөргөлдсөнөөс болсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.











