



















Товч агуулга
-АНУ хүүхдэд томуу, ротавирус, менингококк, гепатит A-ийн вакциныг заавал хийх зөвлөмжөөс хаслаа
-CDC (👉 Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв) эцэг эхчүүдэд эдгээр вакцины талаар эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна
-Эрүүл мэндийн албаныхны хэлснээр өмнө нь товлолд байсан бүх вакциныг даатгал үргэлжлүүлэн хариуцна.
Даваа гарагт АНУ бүх хүүхдэд томуу болон бусад гурван өвчний эсрэг вакцин (томуугийн вакцин орж байгаа...) хийхийг зөвлөдөг олон жилийн турш мөрдөгдөж ирсэн удирдамжаа зогсоолоо. Энэ нь Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр.-ийн удаан хугацаанд зорьж ирсэн зорилгын нэгийг урагшлуулсан томоохон өөрчлөлт болсон аж.

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэхүү ухралт нь урьдчилан сэргийлэх боломжтой болон хэвтэн эмчлүүлэх тохиолдол, нас баралтыг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулж байна.
Энэхүү шийдвэр нь ротавирус, томуу, менингококкийн өвчин, гепатит A-ийн эсрэг вакциныг заавал хийх зөвлөмжөөс хасч, үүний оронд “Эмч-өвчтөний хамтын клиникийн шийдвэр”-ийн хүрээнд эцэг эхчүүд эмчтэйгээ зөвлөлдөх ёстой гэж заасан байна. Энэ шийдвэрийг CDC-ийн (👉 Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв) түр орлон гүйцэтгэгч захирал Жим О’Нилл агентлагийн уламжлалт хараат бус шинжээчдийн дүгннлтгүйгээи баталжээ. Ингэснээр Кеннедигийн хүүхдийн вакцинжуулалтыг багасгах кампанит ажлыг шат ахиулсан байна.
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг “Бусад хөгжингүй орнуудтай нийцүүлэх” ёстой хэмээн хүүхдэд хийх тарилгын тоог цөөлөхийг уриалсан.
Дональд Трамп шинэ товлолыг “шинжлэх ухааны алтан стандарт”-д тулгуурласан бөгөөд АНУ-ыг бусад хөгжингүй орнуудтай ижил түвшинд авчирч байна гэж мэдэгдэв. Тэрээр өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social платформ дээрээ Кеннеди болон бусад эрүүл мэндийн албан тушаалтнуудад баяр хүргэсэн мэдэгдэл хийжээ.
“Олон америкчууд, ялангуяа ‘MAHA Moms’ (Энд Кеннедигийн Make America Healthy Again хөдөлгөөнийг дурдсан байна.) олон жилийн турш эдгээр эрүүл ухаанд нийцсэн шинэчлэлийг залбирч хүлээж ирсэн. Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа!” хэмээн тэр бичжээ.
Вакциныг шүүмжлэгч гэдгээрээ алдартай Кеннеди өмнө нь COVID-19 болон гепатит B-ийн вакциныг хүүхдэд нийтэд нь хийх зөвлөмжөөс хасахыг дэмжиж байсан бөгөөд аутизмтай холбоотой гэх нотолгоо дэвшүүлж байсан ч үүнийг эрдэмтэд удаа дараа няцаасан юм.
АМЕРИК ХҮҮХДҮҮД ЭРСДЭЛД ОРЖ БАЙНА
Вакцины мэргэжилтнүүд энэхүү өөрчлөлтийг Америкийн хүүхдүүдийг эрсдэлд оруулж байна хэмээн эрс шүүмжилжээ.
Миннесотагийн их сургуулийн Халдварт өвчний судалгаа, бодлогын төв-ийн захирал доктор Майкл Остерхолм хэлэхдээ, зөвлөмжийг цуцлахын ашиг ба эрсдэлийг олон нийтээр хэлэлцэх ёстой байсан гэжээ.
Америкийн Хүүхдийн Эмч нарын Академийн дарга доктор Шон О’Лири бусад хөгжингүй орнууд АНУ-аас өөр өвчний эрсдэл, өөр эрүүл мэндийн тогтолцоотой гэдгийг онцлов.
АНУ хувийн эрүүл мэндийн системд тулгуурладаг бол ихэнх орон төрөөс санхүүждэг нийтэд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээтэй гэж тэр хэлсэн.
“АНУ-ын хүүхдийн вакцинжуулалтын товлолтой холбоотой аливаа шийдвэр нь нотолгоо, ил тод байдал, тогтсон шинжлэх ухааны процесс дээр үндэслэх ёстой. Улс орнууд болон эрүүл мэндийн системийн ноцтой ялгааг үл тоосон харьцуулалтад тулгуурлах ёсгүй” гэж тэр мэдэгджээ.
20 УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН БОДЛОГЫГ ХАРЬЦУУЛБАЛ
Энэхүү бодлогын өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэнд, иргэдэд үйлчлэх яамны (HHS) хоёр өндөр албан тушаалтан болох Мартин Куллдорфф болон Трэйси Бет Хоэг нар нийтэд хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоотой 20 хөгжингүй орны вакцины товлолыг судалж, АНУ-ын хуваарьт өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн гэж агентлаг мэдээлжээ.
HHS тайландаа өвчин бүрийн эрсдэл хүүхэд бүрийн хувьд өөр өөр гэж дурдсан байна.
Судалсан 20 орны дунд:
Томуугийн вакцин – 4 оронд л нийтэд заавал
Гепатит A – зөвхөн Грек улсад нийтэд заавал
Ротавирус – 20-оос 17 улсад бүх хүүхдэд
Менингококк – 20-оос 16 улсад бүх хүүхдэд зөвлөдөг байна
Жоржтауны их сургуулийн профессор, FDA-ийн эрдэмтэн асан доктор Жесси Гудман хэлэхдээ эдгээр дөрвөн вакцин нь урьд нь олон хүүхдийг эмнэлэгт хэвтэх, нас барахад хүргэдэг байсан өвчнөөс хамгаалдаг байсан гэжээ.
CDC-ийн мэдээлснээр 2024–2025 оны улиралд томуугаар 288 хүүхэд нас барсан байна. Гепатит A нь ихэвчлэн өөрөө эдгэдэг ч эмнэлэгт хэвтэх, насан туршийн элэгний гэмтэл үүсгэж болзошгүй.
Ротавирус нь хүнд суулгалт, усгүйжилт үүсгэдэг бөгөөд вакцин гарч ирэхээс өмнө жил бүр арван мянган хүүхэд эмнэлэгт хэвтдэг байсан ч вакцинжуулалтын ачаар өнөөдөр энэ нь маш ховор болсон гэж Гудман тайлбарлав.
Менингит буюу тархины бактерийн халдвар хүүхдэд ховор тохиолддог ч халдвар авсан хүмүүсийн 15 хувь нь антибиотикт хариу өгөхгүй, нас бардаг аж.
“Хэрэв та үүнийг аюулгүйгээр урьдчилан сэргийлж чадвал, ингэх нь бүрэн утга учиртай” гэж тэр хэлсэн байна.
Шинэчилсэн зөвлөмжид улаанбурхан, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг 11 өвчний дархлаажуулалтыг хэвээр үлдээж, бусдыг нь өндөр эрсдэлтэй бүлэгт эсвэл хамтын шийдвэрийн ангилалд оруулжээ.
HHS-ийн өндөр албан тушаалтнуудын мэдээлснээр даатгалын компаниуд ангиллаас үл хамааран бүх вакцины зардлыг үргэлжлүүлэн хариуцна.
Мөн шинэ товлолд хүний хөхөнцөр вирусын (HPV) вакциныг хоёр тун биш, нэг тунгаар хийхийг зөвлөсөн байна. Сүүлийн судалгаанууд нэг тун нь хоёр тунгаас дутуугүй үр дүнтэй болохыг харуулсан бөгөөд ДЭМБ ч мөн нэг тунгийн схемийг дэмждэг.
АНУ-д зөвшөөрөгдсөн цорын ганц HPV вакцин болох Gardasil-ийг үйлдвэрлэгч Merck компанийн зүгээс шууд тайлбар өгөөгүй байна. Тус компани FDA-аас нэг тунгийн горимыг албан ёсоор зөвшөөрөхөд хангалттай өгөгдөл хараахан байхгүй тул CDC-ийн зөвлөмж FDA-ийн зөвшөөрөлтэй нийцэх ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Merck компани 2024 онд АНУ-д Gardasil-ийн борлуулалтаас 2.4 тэрбум ам.долларын орлого олжээ.








