



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Боловсролын Яамны хариуцдаг байсан оюутны зээл болон тусгай хэрэгцээт боловсрол, хүнсний хөтөлбөрүүдийг тус тусын хариуцсан агентлаг, яамдууд руу нь шилжүүлнэ гэдгээ зарлалаа. Тухайлбал "Оюутны зээлийн сан"-г Жижиг Бизнесийн Агентлаг (SBA) хариуцах бол тусгай хэрэгцээт боловсрол болон хүнсний хөтөлбөрийг Эрүүл Мэндийн Яам хариуцахаар болсон байна.
Тэрээр "Манайд ихээхэн хэмжээний зээлтэй, олон сая зээлдэгч бий. Эдгээр зээлийг Боловсролын Яамнаас гаргаж, "Жижиг Бизнесийн Агентлаг"-ийн захирал Келли Лёффер хариуцан ажиллахаар болсон" гэсэн юм. Боловсролын Яам 2023 оны байдлаар 44 сая орчим оюутаны 1.6 ихнаяд ам.долларын зээлийн үлдэгдэлтэй гэж тайлагнасан байдаг. Нэгдүгээр сард Ерөнхийлөгч болсноосоо хойш Доналд Трамп АНУ-ын Засаг захиргаанд эрчимтэй өөрчлөлтийг хийсээр байгаа юм. Боловсролын Яамыг татан буулгах нь түүний гол зорилтуудын нэг. Гэвч Конгресссийн дэмжлэггүйгээр тус яамыг татан буулгаж, бүрэн хаах боломжгүй юм. Тухайлбал Ардчилсан намын дэмжлэгийг авч чадахгүй бол түүний зорилго талаар болно. Ардчилсан намын гишүүд Боловсролын яамыг оюутнуудад чухал үйлчилгээ үзүүлж, иргэний эрхийг хамгаалдаг гэж үздэг. Тэд боловсролын яамны хувьд илүү либериал чиг шугамыг баримталдаг байна. Гэхдээ яамын бүтцэд бүрэн өөрчлөлт хийх эрх нь гагц ерөнхийлөгчид нээлттэй. Ерөнхийлөгч Доналд Трамп Боловсролын Яамны бүтцэд өөрчлөлт хийж томоохон төсөл хөтөлбөрүүдийг шилжүүлж эхлээд байна. Жишээ нь оюутны зээл, хүнсний хөтөлбөр гэх мэтийг харъяа агентлагууд руу нь шилжүүлж эхлэлээ.
Трампын засаг захиргаа Боловсролын Яамыг төсвийн үр ашиггүй зардал гэж үздэгээ удаа дараа мэдэгдээд, хүүхдийн сургалт чанаргүй, бичиг үсгийн түвшин доогуур байгаа нь үүний баталгаа гэж тайлбарлаад байгаа. Оюутны зээл өөрийн агентлагт нь шилжиж ирсэн талаар "Жижиг Бизнесийн Агентлаг"-ийн захирал Лёффер "АНУ-ын оюутны зээлийн хариуцлагыг нэмэгдүүлж, шударга байдалд илүү анхаарна" гэдгээ мэдэгдсэн.
Харин Ерөнхийлөгч Жое Байдены захиргаанд Боловсролын сайдаар ажиллаж байсан Жеймс Кваал зээлийн удирдлагыг өөр агентлаг руу шилжүүлснээр зээлдэгчдэд дарамт учирч болзошгүй талаар анхааруулаад байгаа. Тэрээр "Олон сая зээлдэгч төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй байгаа ба энэ намар маш олон хүн төлбөрийн дефолт зарлах магадлалтай. Энэ нь тэдэнд ч, татвар төлөгчдөд ч муу мэдээ юм" гэж хэлсэн.
"Ажиллах хүчийг 50 хувиар бууруулж, ажлыг нь бусад агентлаг руу шилжүүлэх нь маш их ачаалал үүсгэж, хамгийн эмзэг бүлгийн зээлдэгчдэд тусламж хэрэгтэй үед хүндрэл учруулна" гэж тэр нэмж хэлсэн байна.
Трампын засаг захиргаа Боловсролын Яамыг татан буулгаж байгаа ч оюутны зээл, тусгай хэрэгцээт боловсрол, хүнсний хөтөлбөр зэрэг нийгэмд чухал хэрэгтэй төслүүдийг анхаарна гэдгээ мэдэгдсэнийнхээ дагуу ийнхүү шилжүүллээ.
Доналд Трамп "Тусгай хэрэгцээт боловсрол, хүнсний хөтөлбөрийг Ф.Кеннеди Жр-ийн Эрүүл Мэндийн Яам хариуцсанаар сурагчид өөрсдийг нь хариуцдаг, анхаардаг хүмүүсийн мэдэлд очно" гэжээ.











