



















АНУ-ын Дэд Ерөнхийлөгч JD Ванс 2025 оны Консерватив улс төрийн үйл ажиллагааны чуулга уулзалт (CPAC) дээрх ярианы үеэр эхнэр буюу өөрөөр хэлбэл АНУ-ын дэд тэргүүн хатагтай Уша Вансын өгсөн "Нэгэн зөвлөгөө"-г хуваалцжээ. Харин дэд ерөнхийлөгч уг зөвлөгөөг эцэст нь дагаж эхэлсэн бололтой.
JD Ванс болон Уша Ванс
Дэд Ерөнхийлөгч JD Вансын цахим орчин дахь байдал нэлээд хурц, маргаантай гэдэг бол үнэхээр эргэлзээгүй. Заримдаа тэрээр бусдыг нэрээр нь дуудах хүртэл ширүүн ханддаг байсан. Гэвч эхнэр нь түүнд бага зэрэг ухаан суулгасан бололтой, учир нь тэрбээр сүүлийн үед сошиал орчинд ааш зангаа зөөллөх болжээ.
2025 оны Консерватив улс төрийн үйл ажиллагааны чуулга уулзалтад (CPAC) оролцох үеэр JD Ванс “Уша танд хамгийн сайн ямар зөвлөгөө өгсөн бэ?” гэсэн асуултад хариулахдаа:
“Энэ бол маш хувийн чанартай асуулт байна. Тэр надад долоо хоногийн өмнө ‘Чи сошиал медиа дээрээ илүү эелдэг байх хэрэгтэй’ гэж зөвлөсөн. Би тэр зөвлөгөөг дагах эсэхээ сайн мэдэхгүй байна” гэж хэлжээ.
Мөн тэрээр цааш нь
“Эхнэрийн минь зарим зөвлөгөө зөв байдаг. Харин заримыг нь заавал дагах албагүй шүү дээ” хэмээн нэмсэн байна.
Хамгийн сонирхолтой нь, CPAC 2025-ийн үеэр болсон энэ ярианаас хойш JD Ванс өөрийн дуртай платформ болох X (хуучнаар Twitter)-д ямар ч нийтлэл оруулаагүй аж. Энэ нь түүнийг эхнэрийнхээ зөвлөгөөг үнэхээр дагахыг хичээж буй мэт харагдуулж байна.
Дэд тэргүүн хатагтай Уша Вансын нөлөө
JD Ванс эхнэрийнхээ тухай халуун дулаан яриа өрнүүлж, түүний хамгийн үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийн талаар дурджээ.
“Ушагийн надад улс төрийн талаар өгсөн хамгийн сайн зөвлөгөө бол ‘Хүмүүс чамайг шүүж, өөрчилж бүү байлга.’ Улс төрд зөвлөхүүд, медиа мэргэжилтнүүд, санал асуулга явуулагчид гээд чамайг юу хэлэх, яаж аашлах, юу хийх талаар зааж зөвлөх маш олон хүн бий. ‘Зүгээр л өөрийнхөөрөө бай. Бодож буй зүйлээ илэрхийл. Заримдаа арай илүү эелдэг байж болно л доо’ гэж Уша хэлсэн. Энэ бол надад өгсөн хамгийн сайн зөвлөгөө гэж бодож байна” гэжээ.
JD Ванс үргэлжлүүлэн,
“Тиймээс бид хүүхдүүдээ хаа сайгүй дагуулж явдаг. Бас сошиал дээр хошигнол хийхээсээ айдаггүй. Заримдаа ‘Аавын онигоо’ (dad joke) хийх үе ч бий. Хэрэв та нар аавын онигоонд дургүй бол уучлаарай. Гэхдээ л хүн өөрийнхөөрөө байх ёстой. Миний бодлоор энэ бол Америкийн улс төр дэх Ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн том давуу тал. Миний хувьд Ушагийн хамгийн сайн зөвлөгөө бол энэ байсан” гэж хэлсэн байна.
Дональд Трампын CPAC 2025 дахь оролцоо
2025-ийн CPAC -ын гол онцлох үйл явдал нь Ерөнхийлөгч Дональд Трампын тус чуулганд эргэн ирсэн явдал байлаа. Трамп засгийн газрынхаа ололт амжилтыг магтан ярьж, эхнэртээ талархал илэрхийлснээс гадна АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилж, түүнийг “Манай улсын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч” гэж нэрлэсэн юм.











