



















АНУ-н Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди Жр-ийн аутизмтэй хүүхдүүдийн талаар хэлсэн үг тус улсад ихээхэн шуугиан тариад байна. Тэрээр эрүүл мэндийн сайдын хувиар анх удаа хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Аутизмтэй хүүхэд хэзээ ч татвар төлөхгүй, ажил хийхгүй, бейсбол тоглохгүй, шүлэг бичихгүй, болзохгүй. Тэр байтугай зарим нь бие засах газрыг ч бусдын тусламжгүйгээр ашиглаж чадахгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Түүний хэлсэн үг "Аутизмийн эмгэг"-тэй хүүхдүүдийн ээж аав нар болон, тухайн эмгэгийг судалдаг судлаачид, эрдэмтэд, аутизмтай холбоотой асуудлыг хөнддөг хуульчдыг эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэсэн байна.
Тухайлбал “Аутизмийн Шинжлэх Ухаан Сан”-ийн Ерөнхийлөгч Сингер “Аутизмтэй хүний амьдрал ямар ч утга учиргүй мэт ярьсан нь худал. Кеннидигийн хэлсэн шиг ямар нэг зүйлийг хийж чадахгүй байлаа ч энэ нь тэд сайн сайхан амьдрах боломжгүй” гэсэн үг биш гэсэн бол аутизмтай хүний эрхийн талаар олон жил тэмцэж буй хуульч Зое Гросс “Тэр хүн байх шалгуур тогтоож, үнэ цэнтэй амьдрал гэж юу болохыг тодорхойлсон. Ийм байдлаар ярих нь одоо утгагүй” хэмээжээ.
“Aspiritech” хэмээх технологийн компанийн зүгээс нийт ажилтнуудынх нь 90 хувь нь аутизмтэй болохыг дурьдаад, тэдгээр хүмүүс Кеннедигийн хэлсэн үгний эсрэг жишээ болж байгааг онцолсон байна. “Бид таныг оффистоо урьж байна. Таны итгэл үнэмшлийг өөрчлөх 100 хүнтэй уулзуулахыг хүсэж байгааг хүлээн авна уу. Таны аутизм эдгэрэхгүй гэсэн санаа биднийг орших ёсгүй мэт ойлгогдож байна” гэжээ.
Аутизмийн эмгэг нь харилцаа, нийгмийн ур чадварын бэрхшээлээр тодорхойлогдох тархины хөгжилтэй холбоотой олон янзын нөхцөл байдлыг хамардаг байна. Халдварт өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төв “CDC”-ийн тодорхойлолтоор аутизмтай хүмүүс бусдаас өөрөөр харьцаж, харилцаж, суралцах болдог тэдний чадвар хоорондоо ихээхэн ялгаатай байдаг гэжээ.
Ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан эрүүл мэндийн сайд дараа нь Fox News-т өгсөн ярилцлагадаа “Сэтгэлгээний хувьд хүнд хэлбэрийн аутизмтай 4 хүн тутмын 1-ийн талаар ярьсан” хэмээн тайлбарласан ч өмнө хэлсэн үгээ баталсан байна.
Тулэйн Их Сургуулийн Аутизмийн эмгэгийн төвийн захирал доктор Лиза Сэтлс “Түүний хэлсэн үг шинжлэх ухааны үндэслэлгүй, бидний хувьд маш сэтгэл гонсойлгом” хэмээжээ. Лиза Сэтлсийн мэдэгдэж буйгаар аутизмын хөнгөн хэлбэртэй хүүхдүүд хөгжлийн үе шатуудыг цаг тухайд нь давж байгаа учраас 8 нас хүртлээ оношлогдохгүй байх тохиолдол байдаг байна.
Охин нь аутизмий эмгэгтэй, вакцин судлаач Питер Хотез “Миний охин Рэйчил өдөр бүр ажилладаг, татвар төлдөг, найзуудтай, хөгжим сонсдог. Тэр байтугай бодлоготой, учир утгатай амьдардаг” гэсэн байна. Тэрээр аутизмийн эмгэгийн талаар ном бичсэн юм.
Халдварт өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төв “CDC”-өөс гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 2020 онд 36 хүүхэд тутамд 1 хүүхэд аутизмаар оношлогдож байсан бол 2022 онд 31 хүүхэд тутмын 1 оношлогдсон нь илүү сайн оношилгоо, ойлголтоос үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Түүнчлэн тус төвийн гаргасан судалгаагаар аутизмаар оношлогдсон 8 настай хүүхдүүдийн 40 хувийнх нь IQ 70-аас доогуур байгаа нь Кеннедигийн “Ихэнх хүүхэд хүнд хэлбэртэй” гэх мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм.
Сайд Кеннеди “Аутизмийн шалтгааныг тодорхойлох томоохон судалгааг хийж ирэх 9 дүгээр сар гэхэд хариу өгөхөө амласан” юм. Түүний амлаад байгаа хариу нь вакцинтай холбоотой эргэлзээг дахин сөхөх, байгаль орчны хор нөлөөний талаарх шинжлэх ухааны ололтыг сааруулах эрсдэл үүсгэж магадгүйг судлаачид анхааруулсан байна.











