



















АНУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллагаас “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг гаргалаа. 2025 оны 1-р сарын 15-ны өдөр гарсан уг шийдвэр нь Монголын ипотекийн зээлийн санхүүжилтийн нэмэгдүүлж, зээл олголтыг илүү хүртээмжтэй болгоно. Тухайлбал Ипотекийн зээл олголт нэмэгдсэнээр эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой өрхүүдийг орон сууцтай болоход бодит дэмжлэг болно гэсэн үг.
АНУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллагаас Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагад олгож байгаа энэ удаагийн 150 сая ам.доллар нь хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж байна. Мөн орон сууцны зээлийн зориулалттай, анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цааcжуулалтын зарчмаар олгогдох ипотекийн зээлийн эх үүсвэр гэдгээрээ онцлог юм. Зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэнээр Улаанбаатар хотын иргэдийг орон сууцтай болох нөхцөлийг бий болгох, Монголын улсын тогтвортой хөгжлийг хангах юм.
Энэ сарын 15-нд АНУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн байгууллагаас нийт 6 улсад урт хугацааны зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргажээ. Энэ санхүүжилтийн мөнгөн дүн 1 тэрбум ам.доллар бөгөөд дараах орнууд хамрагдаж байна.
1. Монгол. Ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлж эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой өрхүүдийг орон сууцтай болгох санхүүжилт-150 сая ам.доллар
2. Египет улс. Эрчим хүчний тогтвортой байдлыг хангах төсөл-140 сая ам.долларын зээл
3. Кени улс. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл-10 сая ам.доллар
4. Украин улс. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах төсөлд- 40 сая ам.долларын зээл
5. Африк тив. Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх төсөл-15 сая ам.долларын зээл
6. Гватимал. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжих төсөл- 300 сая ам. долларын зээл
АНУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн корпораци нь хөгжиж буй улс орнуудад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхээр хувийн хэвшилтэй хамтран ажилладаг бөгөөд эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, жижиг дунд бизнес, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсээр иржээ. Тус байгууллага нь өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн 114 оронд зээлийн санхүүжилт олгосон нь АНУ-ын гадаад бодлогын хүрээнд хийгдэж буй гол төсөл болж байна.
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН БАЙГУУЛЛАГА (DFC)
“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК (МИК)









