



















Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ардчилсан намын сенатор Мэгги Хассан (Нью Хэмпшир муж) "SpaceX" компанийн гүйцэтгэх захирал Илон Маскт хандан, Зүүн Өмнөд Азийн хил дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд Америкчуудыг залилахдаа 'Starlink'-ийн интернэт ашигладагийг болиулахыг уриалав.

Хассанын мэдээлснээр, "Starlink"-ийн үйлчилгээ Мьянмар, Тайланд, Камбож, Лаос зэрэг улсуудад байрлаж буй “луйврын төвүүд”–ийг ажиллуулдаг олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүдэд ашиглагдаж байгаа тухай мэдээлэл гарсан байна. Эдгээр гэмт хэргийн бүлэглэлүүд нь АНУ-ын иргэдэд хэдэн тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тус улсын Сангийн яамны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ (FinCEN) мэдэгджээ.
“Мьянмар, Тайланд, Камбож, Лаос дахь луйврын сүлжээнүүд Starlink-ийн үйлчилгээний дүрэмд заасан хууль бус үйл ажиллагаа илэрвэл холболтыг таслах заалтыг зөрчин эсрэгээр нь ашигласаар байна” гэж Хассан Илон Маскт хаягласан захидалдаа бичжээ. “SpaceX гэмт хэрэгтнүүдийг энэ үйлчилгээгээр дамжуулан Америкчуудыг онилохоос хамгаалах үүрэгтэй гэсэн байна.”
SpaceX компаниас энэ захидалд шууд хариу өгөөгүй байгаа аж.
НҮБ-ын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүд Зүүн Өмнөд Азид байрлах “луйврын төвүүд”-дэд хэдэн зуун мянган хүнийг хуурч авчран, албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Тэдгээр төвүүдийн зарим нь Тайланд–Мьянмарын хилийн дагуу байрладаг ажээ.
Хассан захидалдаа: “Сүүлийн үед ихэнх хүмүүс залилангийн мессеж, дуудлага, цахим шуудан олширсныг анзаарсан байх. Гэвч энэ бүхэн дэлхийн нөгөө захад буй гэмт бүлэглэлүүд Starlink-ийг ашиглан залилан хийж байгааг тэд мэдэхгүй байж болох юм” гэжээ.
2025 оны 2-р сараас хойш Тайланд улс Мьянмарын хилийн таван бүс нутагт цахилгаан, интернэт, шатахууны хангамжийг зогсоосон нь ийм луйврын төвүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой арга хэмжээ юм. Эдгээр төвүүд нь бүс нутгийн аюулгүй байдалд тулгарч буй томоохон заналхийлэл болж хувирчээ.
Мөн Зүүн Өмнөд Азийн луйврын төвүүдэд олон улсын анхаарал нэмэгдсэн нь БНХАУ-ын жүжигчин Ван Шиний хулгайлагдсан хэрэгтэй холбоотой аж. Тэрбээр нэгдүгээр сард Тайландад ирсний дараа алга болж, улмаар Мьянмарт олдсон бөгөөд Тайландын цагдаа нар түүнийг аварсан байна.
АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн мэдээлснээр, БНХАУ-аас гаралтай гэмт бүлэглэлүүд Мьянмарын Мявадди бүс нутагт байрлах олон луйврын төвийг удирддаг гэжээ.











