



















АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 11-р сарын 5-нд Улаанбаатарын цагаар 11-р сарын 6-нд эхэлнэ. Мягмар гарагт 2024 оны АНУ-ын 60 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Сонгуулийн дүн эцсийн байдлаар 12 дугаар сарын 14-нд ерөнхийлөгчийг сонгох сонгогчийн коллегийн гишүүдийн саналаар ерөнхийлөгч тодорно. АНУ-ыг 1850-иад оноос хойш хоёр намын системтэй гэж тодорхойлж ирсэн. Гэхдээ улстөрийн гуравдагч хүчин болох Либератари нам, Үндсэн хуулийн нам, Ногоон нам зэрэг олон намууд бий. Тэдгээр намууд болон бие даагчдаас хэдэн ч хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг. Өнөө ч дэвшиж буй. Гэвч гол хоёр намын нэр дэвшигчийн хооронд л өрсөлдөөн болдог учраас анхаарал энэ хоёр намд төвлөрдөг. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэгэн онцлог нь дэд ерөнхийлөгчөө хамт сонгодогт оршино.
АНУ-ЫН СОНГУУЛИЙН ПРОЦЕСИЙГ 4 ҮЕ ШАТТАЙ
ЭХНИЙ ШАТ: Сонгуулийн жилийн 2 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэл муж улс бүр ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах анхдагч сонгууль эсвэл сонгуулийн сунгааг зохион байгуулна. Анхдагч сонгууль муж улс даяар болдог бол сонгуулийн сунгаа зөвхөн намын гишүүдийн дунд явагдана. Анхдагч сонгуульд ихэнх муж улс бүх нийтийг хамруулдаг бол зарим цөөн муж улс зөвхөн намын бүртгэлтэй хүмүүсийн дунд сонгууль явуулдаг. Тухайн үеийн ерөнхийлөгч нэр хүндтэй нэгэн байгаад, дахин нэр дэвшихээр болвол тэр нам анхдагч сонгуулийг зохион байгуулахгүй, түүнийг ялсан гэж үздэг бичигдээгүй хууль үйлчилдэг.
ДАРААГИЙН ШАТ: 7, 8 дугаар сарын үед хоёр том намын үндэсний их хурал хуралдах ба энэ хурлаас албан ёсоор анхдагч сонгуульд ялсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр зарлана. Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөрийн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүнээ мөн зарлана. Энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч асан Д.Трамп Жеймс Дэвид Вэнсын хамт дэвшиж байна. Ардчилсан намаас Камала Харрисын хамт Миннесота мужийн захирагчаар хоёр удаа улиран ажиллаж буй Тим Уолз нэр дэвшиж байна. Хэрэв Бүгд найрамдах намаас Д.Трамп сонгогдвол АНУ-ын 47 дахь эрэгтэй ерөнхийлөгч болно. Ардчилсан намаас Камала Харрис сонгогдвол АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно.
ГУРАВДУГААР ШАТ: 11 дүгээр сарын эхний мягмар гарагт сонгууль болж иргэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгнө. Гэхдээ энэ нь шууд ерөнхийлөгчийг сонгож, сонгууль дуусч байна гэсэн үг биш. Үнэндээ иргэд саналын хуудас дээр ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгож дугуйлж байгаа боловч цаанаа тухайн муж улсынхаа Сонгогчийн коллегийн гишүүдийн тоог ерөнхийлөгчид нэр дэвшигчид өгч буй юм. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллегийн гишүүнтэй байдаг. Олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл Илиной муж улсад Камала Харрис олонхийн санал авч ялвал тус муж улсын сонгогчийн коллегийн гишүүд болох 20 гишүүний саналыг автоматаар Камала Харрис авна. Харин Индиана муж улсад Д.Трамп олонхийн санал авч ялвал тус муж улсын сонгогчийн коллегийн гишүүд болох 11 хүний санал автоматаар Д.Трампд очно. Муж улс бүрд иргэдийн санал асуулгаар олонх болсон намд л тухайн муж улсын сонгогчийн коллегийн гишүүдийн санал автоматаар очдог ба коллегийн гишүүд иргэдийн саналаас зөрж өөр намын нэр дэвшигчид санал өгөх эрхгүй. Жишээ нь: Алабама, Айдахо мужид Д.Трамп олонхийн санал авч, Коннектикат, Орегон мужид Камала Харрис олонхийн санал авсан тохиолдолд Камала Харрис олон саналтай болно. Учир нь: Алабама-9, Айдахо-4 коллегийн сонгогчтой харин Коннектикат-7, Орегон-7 коллегийн сонгогчтой тул 1 сонгогчийн илүүгээр Камала Харрис ялах юм.
СҮҮЛИЙН ШАТ БУЮУ ШИЙДВЭРЛЭХ ҮЕ: Ингээд энэхүү сонгогчийн коллегийн гишүүдийн саналын дүн 12 дугаар сарын 14-нд гарч нийт 538 гишүүнээс 270 болон түүнээс дээш санал авахад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоно.
АНУ-ын мужуудаас баруун зүүн хоёр эргийн мужууд ерөнхийдөө цэнхэр буюу Ардчилсан намын дэмжигчид давамгайлсан мужууд. Харин төвийн хэсгийн мужууд улаан буюу Бүгд Найрамдах намын дэмжигчид давамгайлж байдаг. Иймээс намууд ялах боломжгүй мужууд (solid states) руу хөрөнгө оруулалт хийж, кампанит ажил өрнүүлдэггүй. Харин магадлалтай мужууд (leaning states) болон “савлуур мужууд” буюу гол тулаан өрнөдөг зургаан муж (six battleground states) болох Аризона, Флорида, Мичиган, Умард Каролина, Пенсильвани, Висконсин –д ихээхэн анхаарал хандуулдаг. Мөн салхи эргүүлж болзошгүй мужууд (toss-up states) байдаг ба энэ сонгуулийн хувьд Небраска-2, Охайо, Texас, Аризона мужууд энэ ангилалд багтаж анхаарал татаж байна.
Ингээд Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль анхаарал татсан, дэлхийн геополитикийн бодлогод ихээхэн нөлөө үзүүлэх сонгууль болно. Мөн сонгуулийн үр дүн ихээхэн маргаан дагуулж болзошгүй. Учир нь Д.Трамп Ардчилсан намынхан сонгуульд луйвар хийж байна гэх мэдэгдлийг удаа дараа гаргаж, хэрэв ялагдсан тохиолдолд энэ сонгууль "луйвар" гэж мэдэгдээд байгаа. Мөн Камала Харрис зөвхөн луйвраар ялалт байгуулах боломжтой гэжээ. Мөн одоогоор АНУ-ын нутаг дэвсгэрт "иргэн бус" хүмүүс эрт санал хураалтад оролцож байгаа тохилдлууд гарч байна. Товчхондоо Д.Трампын хувьд өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй, 2020 оны үйл явдал шиг үймээн үүсгэх дүр зураг ажиглагдаж байна.
Гэхдээ хоёр нэр дэвшигчийн хувьд рейтинг эн тэнцүү явж байна.









