



















Төлөөлөгчдийн танхим 43 хоног үргэлжилсэн төрийн байгууллагуудын сул зогсолтыг дуусгах санхүүжилтийн хөтөлбөрийг батлав.
Эрүүл мэндийн даатгалын татаасыг багтаагаагүй учир Ардчилсан намынхан эсэргүүцсэн байна.
Трамп уг хөтөлбөрийг дэмжсэн бөгөөд Консервативуудын дэмжлэгтэйгээр батлагдах төлөвтэй.
Лхагва гарагт буюу Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн урт буюу 43 хоног үргэлжилсэн төрийн байгууллагуудын сул зогсолтыг дуусгах тухай хуулийн төслийг баталж гарын үсэг зурлаа.

Энэ шийдвэрийн өмнө Төлөөлөгчдийн танхим хүнсний тусламжийн үйлчилгээг сэргээх, хэдэн зуун мянган төрийн албан хаагчдад цалин олгох, мөн зогсонги байдалд орсон агаарын хөдөлгөөний хяналтын системийг сэргээх саналыг баталсан юм.
Бүгд найрамдах намын хяналттай танхим уг саналыг 222–209 гэсэн саналын харьцаагаар баталжээ. Трампын дэмжлэг намын гишүүдийг нэгтгэж чадсан бол Ардчилсан намынхан уг хуулийг хүчтэй эсэргүүцсэн байна. Тэд Сенат дахь хамтрагчдынхаа олон хоногийн тэмцэл нь эрүүл мэндийн даатгалын холбооны татаасыг сунгах тохиролцоог хийж чадаагүйд уурсаж буй аж.
Дональд Трампын гарын үсэг зурсан хууль энэ долоо хоногийн эхээр Сенатаар батлагдсан бөгөөд 43 хоногийн турш ажиллах боломжгүй байсан төрийн албан хаагчид ийнхүү пүрэв гарагаас ажлаа дахин эхлэх боломжтой болох юм. Гэсэн ч төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн байдалдаа хэзээ орох нь тодорхойгүй байна.
“Бид ийм зүйл дахин давтагдахыг хэзээ ч зөвшөөрч болохгүй,” гэж Дональд Трамп Цагаан ордонд болсон гарын үсэг зурах ёслол дээр хэлэв. “Ингэж улс орныг удирдаж болохгүй.”
Шинэ тохиролцоо нь төрийн санхүүжилтийг 2026 оны 1-р сарын 30 хүртэл сунгаж байгаа бөгөөд ингэснээр холбооны засгийн газар жилд ойролцоогоор 1.8 их наяд ам.долларын шинэ өр нэмэх юм.
“Би яг л Seinfeld цувралын нэг ангид орчихсон юм шиг байна. 40 хоногийн турш юу болоод байсныг би одоо ч ойлгохгүй байна,” гэж Аризона мужийн төлөөлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дэвид Швейкерт хэлжээ.
Тэрээр “Эхэндээ зогсолтыг хоёрхон хоногийн асуудал байх гэж бодсон — хүмүүс уурлаад, дуугараад, дараа нь ажлаа үргэлжлүүлнэ гэж найдаж байсан. Гэтэл уур хилэн өөрөө бодлого болчихлоо шүү дээ,” гэж нэмж хэлсэн байна.
Төрийн байгууллагуудын сул зогсолт дууссан нь, ялангуяа агаарын тээврийн салбарт талархалтай мэдээ болж байна. Талархлын баярын аяллын үеэр агаарын үйлчилгээ сэргэх боломж бүрдэж, хүнсний тусламжийн сая сая өрхийн хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Мөн төрийн статистикийн агентлагуудын нийтэлдэг эдийн засгийн мэдээлэл (ажлын байр, инфляц, хэрэглээний зарцуулалт зэрэг) дахин хэвийн гарч эхлэх ажээ. Гэвч зарим өгөгдөл, тухайлбал 10-р сарын хөдөлмөрийн болон инфляцийн тайлан хэзээ ч нөхөж нийтлэгдэхгүй байж болзошгүй гэж Цагаан ордон мэдэгджээ.
Эдийн засагчдын тооцоогоор зогсолтын хугацаанд АНУ-ын ДНБ долоо хоног бүр 0.1%-иар буурч байсан ч, дараагийн саруудад энэ алдагдлыг нөхөх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Төлөөлөгчдийн танхимын санал хураалт нь Ардчилсан нам хэд хэдэн мужид ялалт байгуулсны дараа болсон. Тэдний энэ ялалт эрүүл мэндийн даатгалын татаасыг сунгах боломжийг нэмэгдүүлнэ гэж найдаж байв.
Харин уг тохиролцоонд даатгалын татаасыг оруулаагүй бөгөөд зөвхөн Сенат 12-р сард энэ асуудлыг хэлэлцэнэ гэж заасан байна. Гэвч Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон ийм амлалт өгөөгүй гэжээ.
Нью-Жерсигийн төлөөлөгч, тун удахгүй тус мужийн амбан захирагчаар томилогдох Майки Шеррилл энэ хуулийн төслийг эсэргүүцэж, Конгрессын танхим дахь сүүлийн үгээ хэлэхдээ:
“Энэ байгууллага хүүхдүүдийн хоолыг булааж, эрүүл мэндийн тусламжийг үгүйсгэдэг засаг захиргааны гар хөлийн үүрэг гүйцэтгэх ёсгүй,” гэж мэдэгджээ.
“Улс орон минь, битгий бууж өг. Тэнгисийн цэргийн үгээр хэлбэл — усан онгоцоо бүү орхи!”
Хэдийгээр хоёр тал бие биенээ буруутгаж байгаа ч тодорхой ялагч гарсангүй. Ройтерс/Ипсосын санал асуулгаар америкчуудын 50% нь энэ зогсолтод Бүгд найрамдахчуудыг, 47% нь Ардчилсан намыг буруутгаж байна.
Төлөөлөгчдийн танхим энэ сарын 12-нд, бараг хоёр сарын дараа анх удаа хуралдав. Энэ урт завсарлага нь Ардчилсан намд дарамт үзүүлэх зорилготой байжээ.
Мөн танхим дахин хуралдсанаар Жеффри Эпштейний хэргийн нууц баримтуудыг нийтлэх санал хураалт хийх цаг хугацаа эхэлсэн юм.
Жонсон шинэ гишүүн, Аризона мужийн төлөөлөгч Аделита Грихалваг тангараг өргүүлсэн бөгөөд тэрээр нас барсан эцэг Раул Грихалвагийн оронд сонгогджээ. Түүний гарын үсэг нь Эпштейний баримтыг нийтлэх санал хураалтыг заавал явуулахад шаардлагатай сүүлийн гарын үсэг болсон байна.
Ингэснээр төрийн санхүүжилтийг баталсны дараа Төлөөлөгчдийн танхим Дональд Трампын хуучин найзын амьдрал, 2019 онд шоронд нас барсан хэрэг явдалтай холбоотой олон таамаг дүүрэн мөрдөн шалгалтыг эхлүүлж магадгүй аж.
Санхүүжилтийн хөтөлбөрт нэгэн онцгой заалт багтсан бөгөөд энэ нь 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн Капитолийн халдлагын мөрдөн шалгалттай холбоотойгоор зарим сенаторуудын утасны мэдээллийг хууль бусаар шалгасан гэж үзэж буй 8 Бүгд найрамдах намын сенатор-т 500,000 ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэх эрх олгож байгаа юм.
Энэ хуулиар сенаторын утасны архивыг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр авахыг ихэнх тохиолдолд хууль бус гэж үзэх бөгөөд эрх нь зөрчигдсөн гишүүд Хууль зүйн яамыг шүүхэд өгч нөхөн төлбөр, өмгөөлөгчийн зардал зэрэг нэмэлт зардлыг шаардах боломжтой болж байна.











