



















АНУ-ын "Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв"-ийн (CDC) захирал Сьюзан Монарез лхагва гарагт ажлаасаа халагджээ. Тэрээр Эрүүл мэнд, хүний үйлчилгээний сайд Роберт Ф. Кеннеди Жр.-ийн дэвшүүлсэн вакцины бодлогын өөрчлөлтүүдийг шинжлэх ухааны нотолгоонд харш гэж үзэн эсэргүүцсэнээс болж ийнхүү ажлаас халагдсан гэж түүний ойрын эх сурвалж пүрэв гарагт мэдэгдэв.
Дээрх үйл явдал нь АНУ-ын олон нийтийн эрүүл мэндийн бодлогод үүссэн хуваагдал, мөн олон улсад цар тахал, халдварт өвчинтэй тэмцэхэд чухал үүрэгтэй CDC-д болж буй хямралыг тод харуулж байгаа юм.

Пүрэв гарагт захирлын араас огцорсон CDC-ийн гурван өндөр албан тушаалтнууд Атланта дахь төв байрнаасаа гарч явахад хамт олон нь алга ташилтаар үдсэн байна. Энэ нь Кеннедигийн вакцины тухай шинжлэх ухаанд нийцээгүй мэдэгдэлд үзүүлсэн эсэргүүцлийн дохио байлаа.

CDC-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Эрүүл мэнд, хүний үйлчилгээний дэд сайд Жим О’Нилыг томилсон гэж Цагаан ордон мэдээлэв.
CDC-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч асан Ричард Бессер сэтгүүлчдэд хэлэхдээ:
“Монарез надад хэлэхдээ, ажлын хүрээнд хоёр зүйл хийхгүй гэж тангарагласан. Нэг нь хууль бус зүйл, нөгөө нь шинжлэх ухааны эсрэг зүйл. Харин түүнд яг эдгээрийг хийхийг шаардсан. Тэр татгалзсан” гэжээ.
Тэрээр мөн Монарез удирдлагын багийн гишүүдийг үндэслэлгүйгээр хал гэсэн тушаалыг биелүүлэхээс татгалзсан гэж нэмж хэлсэн байна.
Монарезийн халагдсаны дараа огцорсон гурван өндөр албан тушаалтан ч мөн Кеннедигийн вакцины эсрэг бодлого, буруу мэдээлэлтэй тэмцэж болохгүй гэж үзээд ажлаа өгснөө Ройтерст мэдэгджээ.
Энэ оны эхэнд албан тушаалаа авснаас хойш Кеннеди вакцины бодлогод томоохон өөрчлөлт хийсэн байна. Үүнд:
Вакцины шинжээчдийн бүхэл бүтэн багыг халах,
Тэдний оронд вакцины эсрэг идэвхтнүүд болон өөрийн сонгосон зөвлөхүүдийг томилох зэрэг оржээ.
Цагаан ордны төлөөлөгч Каролин Левитт пүрэв гарагт хэлэхдээ:
“(Монарез) Ерөнхийлөгчийн ‘Америкийг дахин эрүүл болгоё’ хөтөлбөртэй нийцээгүй. Тиймээс сайд түүнд огцрохыг хүссэн. Тэр эхэндээ зөвшөөрсөн ч дараа нь татгалзсан. Ингээд Ерөнхийлөгч өөрөө халсан” гэжээ.
Огцорсон гурван албан тушаалтан — Ерөнхий эмч Дебра Хоури, Дархлаажуулалт ба Амьсгалын замын өвчний төвийн захирал Деметр Даскалакис, Халдварт болон амьтнаас хүнд дамжих өвчний төвийн захирал Даниэл Жерниган нарыг пүрэв гарагт CDC-ийн Атланта дахь төв байрнаас хамгаалалттайгаар гаргасан байна.
CDC-ийн олон ажилтан ногоон өнгийн цамц, тууз зүүж, эрүүл мэндийн шинжлэх ухааныг дэмжиж буйгаа илэрхийлэн тэднийг алга ташин үджээ. Энэ үйл явдал нь наймдугаар сарын 8-нд зэвсэгт этгээд олон зуун сум тавьж, нэг цагдаагийн албан хаагчийг хөнөөгөөд өөрийгөө буудсан ослын газраас холгүй болж өнгөрсөн байна.
Хоури, Даскалакис нар огцрох захидалдаа вакцины тухай буруу мэдээллийн өсөлт, шинжлэх ухааны эсрэг дайралт, олон нийтийн эрүүл мэндийг улс төржүүлэх оролдлого, мөн төсвийг танах ажиллагааг дурдсан байна.
Даскалакис сэтгүүлчдэд хэлэхдээ:
“Би эмч хүн. Гиппократын тангараг өргөсөн. ‘Юуны түрүүнд хор хүргэж болохгүй’ гэж тэр тангарагт бий. Харин хор хөнөөл гарах нь тодорхой болсон учраас би энэ ажлыг үргэлжлүүлж чадахгүй” гэжээ.
2025 оны 1 дүгээр сард дахин албан тушаалаа авснаас хойш Ерөнхийлөгч Дональд Трамп бие даасан байх ёстой зарим байгууллагуудыг өөрийн хяналтад авч эхэлсэн. Эдгээр байгууллага нь сонгууль, хөрөнгийн зах зээл, хөдөлмөрийн маргаан зэрэг ардчиллын чухал асуудлуудыг хариуцдаг.
Сүүлийн өдрүүдэд Трамп Сенатын батламж авсан хэд хэдэн зохицуулагчийг халсан бөгөөд тэдний дунд Холбооны Нөөцийн Банкны Зөвлөлийн гишүүн Лиза Күүк, Тээврийн зөвлөлийн гишүүн Роберт Примус нар багтаж байна.
Кеннеди “CDC байгууллага хүнд байдалд байна, бид засах ёстой. Зарим хүмүүс тэнд ажиллаж таарахгүй” хэмээн Fox News-д ярьжээ.
Бессерийн хэлснээр Кеннеди, Монарезд вакцины шинэ зөвлөлийн санал болгох бүх шийдвэрийг заавал дагаж мөрдөхийг шаардсан байна. Гэвч уламжлал ёсоор CDC-ийн захирал эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй байдаг.
Сүүлийн саруудад CDC жирэмсэн эмэгтэйчүүдэд COVID-ын вакцин хийх зөвлөмжөө цуцалж, хүүхдийн зарим бүлэгт зөвхөн хязгаарлагдмал зөвлөмж өгсөн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөөд байв.
Монарез Сенатын сонсголын үеэрээ “Вакцин ба аутизмын хооронд холбоо байна гэсэн нотолгоог олж хараагүй” гэж мэдэгдэж байжээ. Энэ нь шинжлэх ухааны албан ёсны байр суурьтай нийцэж байгаа боловч Кеннедигийн үзэл бодолд нийцээгүй юм.
Албан тушаалаа авснаас хойш Кеннеди вакцины талаар шинжлэх ухааны үндэслэлгүй, худал мэдэгдлүүд хийсэн. Тухайлбал:
Улаанбурхан өвчний вакцин үр хөндүүлсэн ургийн эс агуулдаг,
Гахайн хавдрын (mumps) вакцин үр дүнгүй гэх мэт мэдэгдэл хийсэн байна.
Мөн тэрээр АНУ-д аутизмын өвчлөл (хүүхдийн) өсөж буйг “Байгаль орчны хор”-оос болсон хэмээн шинжлэх ухааны үндэслэлгүй үзэл бодлоо илэрхийлж, салбарын хэмжээнд шалгалт явуулахыг зарласан байна.











