



















АНУ-ын 'Ерөнхийлөгч Дональд Трамп стратегийн Биткойны нөөц бүрдүүлэх тухай захирамжид гарын үсэг зурсан' гэж Цагаан ордны хиймэл оюун ухаан, криптовалютын асуудал хариуцсан албаны дарга Дэвид Сакс пүрэв гарагийн орой мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нөөц нь засгийн газар криптовалют шинээр худалдаж авахыг агуулаагүй гэж Сакс онцлов. Нөөц нь Засгийн газраас эрүүгийн болон иргэний хөрөнгийн хураамжаар хураан авсан Биткойноор санхүүжих бөгөөд шинэ худалдан авалт хийхгүй гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн засгийн газар энэ нөөцөд хадгалагдах Биткойныг зарахгүй бөгөөд үүнийг үнэ цэнээ хадгалах зорилгоор ашиглана гэж Сакс хэлэв.
Засгийн газар ойролцоогоор 200,000 Биткойн эзэмшиж байгаа бөгөөд энэ нь Биткойны одоогийн ханшаар ойролцоогоор 17.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Дэлхийн хамгийн том криптовалют болох "Биткойн" Саксийн мэдэгдлийн дараа 4%-иар унаж, АНУ-ын зүүн эргийн цагаар 19:27 (Улаанбаатарын цагаар 08:27)-т 86,721 ам.доллараар арилжаалагдаж байв.
Сакс засгийн газрын Биткойн эзэмшлийн талаар урьд өмнө бүрэн аудит хийгдээгүйг дурдсан бөгөөд төрийн мэдлийн бүх дижитал хөрөнгийн бүрэн тайлан гаргах үүрэг өгнө гэж мэдэгджээ. Биткойноос гадна, Трампын захирамжийн хүрээнд АНУ-ын дижитал хөрөнгийн нөөц бүрдүүлэхээр болсон аж. Энэхүү нөөц нь засгийн газраас хураан авсан бусад дижитал хөрөнгөөс бүрдэх бөгөөд шинэ хөрөнгө худалдан авахгүй юм.
Өнгөрсөн долоо хоногт Трамп Биткойн, Этер (Ether), Солана (Solana), Кардано (Cardano), XRP гэсэн таван криптовалютыг тусгай нөөцдөө оруулахаа мэдэгдэж байсан.
АНУ-ын Хууль зүйн яам хураан авсан ихэнх криптовалют, ялангуяа Биткойныг эзэмшдэг бөгөөд үе үе зах зээл дээр борлуулдаг. Гэвч Сакс эдгээр борлуулалтыг "Хуумгай" гэж нэрлэн, АНУ-ын татвар төлөгчдөд 17 тэрбум гаруй ам.долларын алдагдал учруулсан гэж мэдэгджээ.
"Одоо холбооны засгийн газар өөрийн хөрөнгийн үнэ цэнийг дээд хэмжээнд хүргэх стратегитай болно" гэж тэр хэлсэн.
Саксийн энэ мэдэгдэл баасан гарагт болох Цагаан ордны криптовалютын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн гарч байна. Энэхүү уулзалтаар Трампын засаг захиргаа криптовалютын зохицуулалтын талаар ямар бодлого баримтлах талаар илүү тодорхой мэдээлэл өгөх төлөвтэй байна.
Биткойны нөөц байгуулах тухай энэ шийдвэр нь криптовалютын зах зээлийг дэмжих амлалтаа Трамп тодорхой хэмжээнд биелүүлж буйг харуулж байна. Гэхдээ засгийн газар шинэ криптовалют худалдан авахааргүй байгаа нь зах зээлд шууд нөлөө үзүүлэхгүй байж магадгүй.









