



















Лхагва гарагт АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Гриэр “АНУ, БНХАУ-ын хооронд албан ёсоор худалдааны хэлэлцээ хийгдээгүй” гэж “ФоксНьюс” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн тэрээр АНУ бусад орнуудтай худалдааны хэлэлцээр хийхэд бэлэн болж байгааг мэдэгдсэн.
Жеймисон Гриэр БНХАУ-ын худалдааны төлөөлөгчтэй дөрөвдүгээр сарын 2-ноос өмнө уулзсан гэдгээ ярилцлагадаа нотолсон байна. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д 145 хувийн импортын татвар ногдуулж, худалдааны дайныг сэдрээхээс өмнө болсон гэдгийг онцолжээ.
Тэрээр “Бидэнд хийхэд бэлэн болсон гэрээнүүд бий, ойрын хэдэн долоо хоногт багтаан хийх болно. Түүнээс олон сараар хүлээх шаардлагагүй. Гэрээ нь бэлэн болсон улсуудын дотор Япон, Саудын Араб, Филиппин зэрэг улсууд багтсан” хэмээн ярьсан байна.
Харин Энэтхэг улсын тухайд хэлэлцээр бараг дуусах шатандаа орсон тус улсын худалдааны сайдтай ойр ойрхон холбогдож байгаагаа дурджээ.
Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнууд Трампын худалдааны өндөр тарифаас зайлсхийхийн тулд АНУ-тай худалдааны гэрээ хийх гэж өрсөлдөж байгаа ч, тус улсаас санал болгосон 90 хоногийн хугацаа зарим орнуудад стратегиа өөрчлөх боломж олгосон амсхийлт болоод байгаа юм.
Харин БНХАУ-ын хувьд АНУ-ын эсрэг илүү хатуу байр суурь баримталж байгаа бөгөөд Америкийн бараанд 125 хувийн тариф ногдуулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн БНХАУ-ын Худалдан Авалтын Менежерүүдийн индексийн сул үзүүлэлтүүд нь АНУ-тай хийж буй худалдааны тариф ихээхэн дарамт учруулж байгаа нотолсон юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессен “Бээжинг хэлэлцээрийн ард суулгахын тулд 145 хувийн татвараа тодорхой хэмжээгээр буулгах шаардлагатай байж мэднэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мөн тэрээр хэлэлцээр урт удаан хугацаанд үргэлжилж магадгүйг сануулсан байна.









