



















Apple (AAPL.O) компани өнгөрсөн амралтын өдрүүдийн урьдчилсан захиалга өндөр байсан тул "iPhone 17"-ийн үндсэн загварын үйлдвэрлэлийг дор хаяж 30%-иар нэмэгдүүлэхийг хоёр гол үйлдвэрлэгчээсээ хүссэн талаар The Information баасан гарагт мэдээллээ.
Энэ үйл явдал нь хэрэглэгчид Apple-ийн төсөөлснөөс илүүгээр (799 ам.долларын үнэтэй) iPhone 17-ийг сонгож, 1,099 ам.доллараас эхэлдэг Pro загваруудаас татгалзаж буйг харуулж байна. Энгийнээсээ Pro загварууд нь илүү чанартай материал, дэвшилтэт камер, процессор болон дэлгэцтэй бүтээгддэгээрээ ялгардаг.
Энэ долоо хоногт Apple компани БНХАУ-ын хоёр гол үйлдвэрлэгчийн нэг болох Luxshare Precision компанид өдөр тутмын "iPhone 17"-ийн үйлдвэрлэлийг ойролцоогоор 40%-иар нэмэгдүүлэх даалгавар өгсөн гэж мэдээлэлд дурджээ. (Нөгөө гол үйлдвэрлэгч нь Foxconn юм)
Apple компанийн зүгээс Ройтерсийн тодруулгад шууд хариу өгөөгүй байна.

📍 Нью-Йорк хотын Apple Store дэлгүүрт iPhone 17 цуврал худалдаанд гарсан нь (2025 оны 9 сарын 19-ний зураг).
Apple компани олон жил дараалан сулхан борлуулалттай байсан iPhone-ийн өсөлтийг сэргээхээр илүү нимгэн “iPhone Air” зэрэг шинэ загваруудаа багтаасан iPhone 17 цувралд найдлага тавьж байгаа юм. Энэ нь хэрэглэгчид утсаа шинэчлэх давтамж багассан, шинэ загваруудын сайжруулалт харьцангуй өчүүхэн болж буй үед тохиож буй хэрэг.
Энгийн "iPhone 17" (үндсэн загвар), баасан гарагаас худалдаанд гарсан бөгөөд өмнө нь зөвхөн Pro загваруудад байдаг байсан дэлгэц болон камерын шинэчлэлүүдийг агуулж байгаа нь үнэтэй хувилбаруудтайгаа ялгагдах ялгааг багасгаж байна.
Энэхүү өөрчлөлт нь өндөр ашигтай бүтээгдэхүүн рүү хэрэглэгчдийг түлхэж ирсэн Apple хүртэл үнэ, мэдрэмжтэй эрэлттэй тулгарч байгааг харуулж байгаа бөгөөд компани ирээдүйд өндөр үнэтэй загваруудаар дамжуулан өсөлтөө хадгалах боломжийн талаар эргэлзээ төрүүлж байгаа юм.
Шинжээчид үзэхдээ, хямд үнэтэй загварын борлуулалт нь Apple-ийн ашигт маржин дээр дарамт учруулж болох ч зах зээлд эзлэх байр сууриа хамгаалахад тусална гэж үзэж буй аж.










