



















Улаанбаатарчуудын хамгийн их хүлээдэг Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-ны өдрөөс Ялалтын талбайд гарч эхэллээ. Тухайн үзэсгэлэн худалдаанд Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх Хотонт зэрэг есөн сумаас 80 гаруй малчин 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар иржээ. Тэдний хувьд сүү, өрөм, ааруул, аарц, айраг зэрэг 10 гаруй нэр төрлийн цагаан идээг уламжлалт аргаар бэлтгэн нийслэлийн хэрэглэгчдийн гарт дундын зуучлалгүй хүргэдэгээрээ онцлогтой юм.
Сүү, цагаан идээгээ худалдахаар ирсэн малчдын хувьд үндэснийхээ дээл хувцсыг өмсөж, иргэдээ хүндэлж байна гэжээ. Тэд өөрсдийн бэлтгэж ирсэн төрөл бүрийн цагаан идээг нэг, нэг асарт байрлуулан худалдаалж байна. Нэг гэр бүл гэхэд 10 орчим нэр төрлийн цагаан идээг авч иржээ. Ингэхдээ, гүзээтэй цагаан тос, алдарт сүүн хурууд тавгийн идээний иж бүрэн ааруулыг жирийтэл өрөн тавьсан байлаа. Ааруул гэхэд өнгө өнгийн, янз бүрийн хэлбэр дүрс бүхий жижиг, томоороо байх. Түүнээс гадна шар тос, нэрстэй тос, хөмүүл, бяслаг, ээзгий гэх мэтчилэн монгол хүн бүрийн хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн энд бүрэн, өргөн сонголттой байна гэжээ.
Үнийн тухайд, өнгөрсөн жилийнхтэй адил, үнэ өсөөгүйг малчид онцолж байна. Өнгөрсөн жил шар тос нэг килограмм нь 50 мянган төгрөг, өрөм 40 мянган төгрөг байсан бол энэ удаад ч энэ үнээрээ борлуулна гэлээ. Тавгийн иж бүрэн ааруул аарцных нь 450 мянган төгрөг, сүүн хурууд нь таван үеэрээ буюу 35 ширхэгтэй, гурван хос еэвэн ааруултай 550 мянган төгрөгийн үнэтэй байв.
Сүүн ааруул 50 мянган төгрөг, хорхой ааруул 35 мянган төгрөг, ямааны ааруул 45 мянган төгрөг, ээзгий 20 мянган төгрөг, ааруулан тавгийн идээ 280-550 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл өрөм 8-45 мянган төгрөг, бяслаг 50 мянган төгрөг, сарлагийн шар тос 50 мянган төгрөг, нэрстэй амтат тос 20 мянган төгрөг, ээзгийтэй тос 35 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн аньс, нэрс, чацарганы өтгөрүүлсэн шүүс 15 мянган төгрөг, нэрмэл архи 10 мянган төгрөг, айраг 10 мянган төгрөг гэж байсан бол ууц 260-400 мянган төгрөгийн ханштай байна.
Энэхүү цагаан идээний үзэсгэлэн худалдааг Архангай аймгийн Засаг даргын тамгын газар Нутгийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран 2017 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.









