



















Гиннесийн дээд амжилтыг 20 удаа тогтоож, 175 сая ам.доллараар үнэлэгдэх цуглуулгатай болсон нэгэн хүн өөрийгөө дэлхийн хамгийн үнэ цэнтэй шингэн түүхий эдийн асран хамгаалагч гэж үзэж байна.

Нгуен Динь Туан Вьет – Гиннесийн 20 дээд амжилтын эзэн
Вьетнам улсын иргэн Нгуен Динь Туан Вьет өөрөөсөө өмнөх ямар ч цуглуулагчийн амжилтад хүрээгүй амжилтад хүрч чадсан нэгэн– Тэрээр Гиннесийн номонд 20 өөр ангиллаар бүртгэгдсэн цорын ганц хүн болжээ. Энэ амжилтууд нь түүнийг ховор спиртийн цуглуулгын түүхэнд хамгийн олон удаа дээд амжилт тогтоосон хүн болгосон байна.

Вьетийн цуглуулга зүгээр л үнэтэй шилнүүдийн цуглуулга биш юм. Энэ нь 30 жилийн турш үргэлжилсэн нарийн системтэй цуглуулгын үр дүн бөгөөд дэлхийд үлдсэн хамгийн ховор ундааны заримыг хадгалж, ирээдүйд дамжуулж буй өв соёл аж. Түүний цуглуулгад дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог Macallan 1926 60 жил вискиний 5 шил, мөн виски, коньяк, арманьяк, рум төрлүүдийн хамгийн эртний шилнүүд багтдаг. Энэ бол үнэт зүйл төдийгүй, нэрэх ухааны алдагдах аюулд байсан түүхийг хамгаалсан үйл хэрэг юм.

Вьетийн 20 амжилтын дундаас хоёр нь онцгой байр суурь эзэлдэг:
Дэлхийн хамгийн үнэтэй виски цуглуулга
Дэлхийн хамгийн үнэтэй коньяк цуглуулга
Түүний вискиний цуглуулга 150 сая ам.доллар (ойролцоогоор 113 сая фунт) үнэлэгддэг бөгөөд 1,200 гаруй шилтэй. Үүнд Шотландын нэрмэлийн "Алтлаг эрин" буюу XIX–XX зууны эхэн үеийн домогт шилнүүд багтсан. Түүнд:
Macallan 1926 60 жил вискиний 5 шил
Macallan Fine & Rare цувралын хоёр бүрэн цогц (1926–2000 он хүртэл) бий.
Зөвхөн Macallan 1926 60 жил нэг шил нь олон удаа дэлхийн хамгийн үнэтэй ундааны рекордыг эвдэж байсан. 2023 онд "Valerio Adami" хувилбар нь 2.8 сая ам.доллараар зарагдсан. Тэгвэл Вьет иймээс 5 шилтэй бөгөөд үүнээс хоёр нь 1.5–2 сая ам.долларын үнэлгээтэй тусгай хувилбарууд юм. Энэ бол түүхэнд байгаагүй хэмжээний ховор үнэт цуглуулга.

Харин түүний коньякны цуглуулга ойролцоогоор 25 сая ам.доллар (20 сая фунт) үнэтэй, 700 шилнээс бүрддэг. Тооны хувьд вискинээс даруухан ч түүхэн ач холбогдол нь ижил чухал. Тэнд дэлхийн хамгийн эртний коньяк, мөн Францын нэр хүндтэй үйлдвэрийн ховор бүтээлүүд бий. Эдгээрийн зарим нь олон арван жилд, зарим нь бүр хэзээ ч олон нийтэд дуудлага худалдаагаар гарч байгаагүй.
Тоон дүнгээр гайхуулахад хялбар ч, Вьетийн хувьд цуглуулга нь зүгээр л үнэ цэнэ биш. Түүний зарим шилнүүд дэлхий дээр үлдсэн цорын ганц хувь гэгддэг. Тэрээр цулуулгаа хөрөнгө гэхээсээ илүү түүхэн дурсгалт бүтээл гэж үздэг.
Тэрээр ийн хэлжээ:
"Би 1696 оны Jules Robin коньякийг гартаа барихдаа зүгээр л шил барьж байгаа юм биш. Би нэгэнт өнгөрсөн зууны дурсамжийг атгаж байна."
Анх 30 жилийн өмнө энэ бүхнийг хобби байдлаар эхэлсэн ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний сонирхол түүхийг хадгалж хамгаалах ухааралд шилжжээ.
"Би эдгээрийг эзэмшдэг ч тэдгээрийг хөрөнгө гэж хардаггүй. Би асран хамгаалагч гэж хардаг. Эдгээр шил бүр зуун зуун дамжин амьдарсан. Миний үүрэг бол тэднийг хэвээр нь хадгалж, цаашид амьдруулах юм."
Өмнөх цуглуулагчид нэг, хоёр ангилалд л рекорд эзэмшдэг байсан бол Вьет олон төрлийн спирт, нас, ховор байдлыг хамарч, урьд өмнө байгаагүй 20 амжилт тогтоожээ.
Түүний хувьд энэ бол өмчлөлийн тухай биш, ирээдүй үед зориулж түүхийг хадгалах тухай. Нэрмэлийн олон түүхэн үйлдвэрүүд хаагдаж, уламжлалт арга барил өөрчлөгдөж буй энэ үед Вьетийн цуглуулга бол өнгөрсөн үеийн амт, арга барилын "шингэн номын сан" юм.

Түүнчлэн энэ цуглуулга зах зээл дээр жинхэнэ, хуурамчийг ялгахад чухал эх сурвалж болдог байна.
Вьетийн бүтээлүүд виски, коньяк, румын зах зээлд шинэ шалгуур тогтоож байна. Түүний "бүрэн цуврал" болон түүхэн ач холбогдолд анхаарсан арга барил нь бусад цуглуулагчдад үлгэр жишээ болдог.
Вьетийн үг:
"Мөнгө цагийг худалдаж авч чадахгүй. Гэхдээ цаг хугацааг шингээсэн шилнүүдийг худалдаж авч чадна."
Түүний олон амжилт зөвхөн үнэ цэнийн тухай бус, насжилт, ховор байдал, шил бүрийн түүхийн тухай юм. Том цуглуулга эсвэл хамгийн үнэтэй шил эзэмших нь заавал биш. Харин цуглуулга тань өөрийн түүхийг өгүүлж, нэрэх урлаг ба өв уламжлалыг хамтдаа хадгалах нь чухал ажээ.










