



















Агуулга:
Ерөнхий сайд эцэг эхчүүдэд: “Бид та бүхний талд байна”
Хориг 12-р сараас хэрэгжинэ.
Бусад сайтууд YouTube-г чөлөөлсөнд эсэргүүцэж байсан.
Австрали улс төрийн хяналтын арга хэмжээгээ өргөжүүлж, өсвөр насныхан үзэхийг хориглосон сайтуудын жагсаалтад youtube-ийг нэмэхээр боллоо. Уг арга хэмжээ нь өмнө "Alphabet" компанийн эзэмшдэг видео сайтад өгсөн чөлөөлөлтийг хүчингүй болгож буй шийдвэр юм. Энэ шийдвэр нь хууль эрх зүйн маргаан үүсгэж болзошгүй байна.

Энэхүү алхмыг засгийн газар өнгөрсөн сард интернэт зохицуулагчийн зүгээс гаргасан зөвлөмжийн дагуу хийжээ. Тус зохицуулагчийн өсвөр насныхан дунд хийсэн судалгаагаар YouTube нь судалгаанд оролцогчдын 37 хувьд нь сөрөг агуулгатай тулгарсан гэж мэдүүлсэн хамгийн өндөр хувьтай платформ болсон байна.
Ерөнхий сайд Энтони Албанезе:
“Би одоо эцэс болгох гэж байна” гэж мэдэгдээд, Австралийн хүүхдүүд онлайнаар сөрөг нөлөө авч буйг онцолж, нийгмийн сүлжээнүүд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа санах хэрэгтэйг сануулжээ.
“Австралийн эцэг эхчүүд ээ, бид та бүхний талд байна гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.”
Хориг 2025 оны 12-р сараас эхэлж хэрэгжинэ.
YouTube нь Австралийн засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэж, youtube-ийг 13–15 насны хүүхдүүдийн бараг дөрөвний гурав нь хэрэглэдэг гэж мэдэгдэж, өөрсдийгөө нийгмийн сүлжээ бус видео хуваалцах платформ гэж үзэх ёстой хэмээн мэдэгджээ.
YouTube-ийн төлөөлөгч цахим шуудангаар: “YouTube бол үнэ төлбөргүй, чанартай видеонуудын сан бүхий видео хуваалцах платформ бөгөөд улам бүр ТВ мэт дэлгэцээр үзэх боломжтой болсон. Энэ нь нийгмийн сүлжээ биш” гэжээ.
Өнгөрсөн жил засгийн газар YouTube-г багш нар өргөн ашигладаг хэмээн үзэж хоригт хамруулахгүй байх шийдвэр гаргаснаас хойш Facebook, Instagram (Meta), Snapchat, TikTok зэрэг бусад платформууд эсэргүүцэл илэрхийлж байв.
Тэдний хэлж буйгаар YouTube ч бас бусад платформуудтай ижил онцлогтой, тухайлбал хэрэглэгчдэд санал болгох алгоритм, сэтгэгдэл болон хариу үйлдэл хийх боломжтой зэргээр адилхан гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Хориг нь 16-аас доош насныхны хувийн YouTube данс нээхийг хориглох бөгөөд багш, эцэг эхчүүд хүүхдүүдэд YouTube видеог үзүүлэх боломжтой хэвээр байна.
Австралийн ЕБС-ийн Захирлуудын Холбооны ерөнхийлөгч Анжела Фалкенберг:
“Багш нар аливаа эх сурвалжийг нягталж, тохиромжтой эсэхийг нь шалгаж ашигладаг. Тэд болгоомжтой, няхуур байх болно” гэж мэдэгдэв.











