



















Хамгийн гайхалтай бизнес санаанууд ихэвчлэн маш энгийн зүйлээс үүсэлтэй байдаг тухай би сонсож байлаа. Миний туршлагаас харахад энэ бүхэн үнэн ажээ. Яг үнэндээ бол хэн нэгэн алдартнаас маш ухаалаг зөвлөгөө авах аз завшаан тохиох үе бүрдээ өөрөөсөө “Би яагаад өмнө нь энэ тухай бодож байгаагүй юм бол?” хэмээн асуудаг.
Тиймээс ч дэлхий ертөнцийг өөрчилсөн хүмүүс дахин дахин ашигласаар ирсэн амжилтанд хүргэх даруухан томъёог та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Энэхүү томъёог үйлдвэрлэл, компани, хувийн амьдралаа өөрчлөхөөр хичээж буй ч мухардмал байдалд орсон тэр үедээ ашиглаарай. Үр дүнгээ өгөх л болно.
Асуулт 1: Миний хүсэж буй үр дүн юу вэ?
Ихэнх хүмүүс тааламжгүй байдалд орсон тэр үеэ мухардал мэтээр үздэг. Тэгээд л өөрийн эрхгүй тусламж эрсэн хохирогчийн дүрд тоглож эхэлнэ дээ. Хохирогч шинэ санаа бодож олж ердөө ч чаддаггүй. Учир нь тэд шийдэл бус асуудлыг л голчлон анхаардаг. Иймэрхүү хүмүүс байнга л өөрийг нь буруутгасан хэн нэгнийг шударга бус хандаж байна хэмээн гомдоллож, одоо байгаа байдлаасаа тайтгарал олж авахын тулд бусдаас урам зориг эсвэл уучлалыг хайж байдаг. Хэдий ингэж тайтгарах нь илүү дээр мэт боловч яг үнэндээ залхуу хойрго байдлын үндэс юм шүү дээ.
“Миний хүсэж буй үр дүн юу вэ?” энэ асуултыг асуух үед хүний ухаан бодол замд тааралдах саад тотгор гэхээсээ эцсийн зогсоол нь хаана вэ гэдэгт төвлөрнө. Энэ асуултын гайхамшигт чанар нь таныг шууд л бүтээлч сэтгэлгээтэн болгодогт оршдог юм. Амжилтанд хүрэхийг хүсэж буй нэгэн хурдхан дараагийн асуултыг нь харахыг хүсэж байгаа, тийм биз?
Асуулт 2: Миний замд юу саад болоод байна? (За тээр, амархан асуултууд гэж хэлсэн биз дээ.)
Шилдэг удирдагчид хүссэн үр дүнд хүрэхэд нь саад болж асуудлыг тодорхойлох аргыг гаргууд эзэмшсэн хүмүүс байдаг. Ингэж өөрт тулгарсан асуудлынхаа тухай эргэцүүлснийхээ дараа хэрхэн асуудлыг шийдэх тухай тунгаадаг байна.
Өнгөрсөн жил би George Clooney-н оролцсон нэгэн шоу нэвтрүүлгийг үзсэн юм. Тэрээр кинонд тоглохын тулд 20 гаруй паунд жин хассан байсан. Нэвтрүүлэгт оролцсон зочин түүнийг үнэхээр сайхан харагдаж буйг нь гайхан биширч, жин хасахдаа ямар арга хэрэглэсэн тухай нь асуусанд Clooney “Би бага идэж, ихээхэн дасгал хөдөлгөөн хийсэн” нэг иймэрхүү хариулт хэлсэн санагдана.
Жингээ хасмаар байхад нүдэнд шарсан төмс харагдаад байх ямар хэцүү тухай хүмүүс ярьдаг. Гэхдээ жинхэнэ удирдагчид энэхүү томъёоны дагуу үр дүнгээ тооцоолсон л бол шууд л төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж эхэлдэг байна.
За одоо жишээ авч үзье. “Би 20 паунд турна. За тэгэхээр миний замд юу саад болж байна”...
Надад дасгал хөдөлгөөн хийх ямар ч цаг алга
Тиймээс би өглөө эртхэн дасгалаа эхлэх эсвэл өөрийн цагийн хуваарьтаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн долоо хоногт зориулсан залны цүнхээ бэлтгээд машиндаа хийх.
Муу хооллох нь төлөвлөгөөг нураах учраас сайн хооллох хэрэгтэй
Тиймээс эрүүл зууш авч идэж, бага багаар өдрийн турш идэх. Мөн өдрийн хоолоо өөрөө бэлдэж авч явах, түргэн хоолоос татгалзах.
Тодорхой хэмжээний хариуцлагагүйгээр энэ хэзээ ч бүтэхгүй
Тиймээс найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагчиддаа өмнөө тавьсан зорилгынхоо тухай болон хэзээ биелэгдэх тухай ойлгуулах. Мөн өдөр бүр жингээ үзэх дижитал жин авах.
Асуулт 3: Хэн аль хэдийн надад тулгарсан шиг ийм асуудлыг зохицуулж чадсан бэ?
За бид одоогоор хүсэж буй үр дүнгээ төсөөлөөд бас зорилгодоо хүрэхэд юу саад болж буйг жагсаагаад, тус бүрд нь шийдлийг нь ч бас олчихлоо. Энэ бол зарим нь бусдаас хуулахаар таг гацчихсан зогсож байхад зарим нь ухасхийн ажилдаа ордог тэр л цэг юм. Тиймээ би ч гэсэн бусдаас хулгайлсан санаагаа бичиж байна. Гэхдээ хулгай бол арай өөр шинжтэй байдаг учраас бид бусдаас санаа авахыг туршлага судлах гэж нэрлэж болно.
90-ээд оны дунд үед манай компани 25 хүнтэй болтлоо өргөжиж, нэг удаадаа арваад төсөл хөтөлбөр боловсруулах шаардлагатай болсон тул компаниа өргөжүүлж хөгжүүлэх үр дүнтэй арга хэрэгтэй байлаа. Тиймээс шилдэг компани болохыг хүссэн гэнэхэн аж ахуй нэгж маань төсөл бүрээ ажиглаж, оновчтой болгохын тулд компьютерийн программ хангамж ажилдаа нэвтрүүлэхээр болсон юм.
Ойролцоогоор 185000 ам.доллар, хэдэн зуун цаг дэмий үрснийхээ дараа ер нь энэ санаагаа орхисон. Харин дараа нь гуравхан дуудлага хийгээд л асуудлаа шийдвэрлэж, бидний сэтгэлд 90 хувь нийцсэн стандарт систем худалдан авч билээ.
Бурхан минь би тэр үед шийдвэр гаргахаасаа өмнө түр азнаад, бусдын туршлагыг судлах минь яав даа гэж харамссан шүү. Ухаалаг хүн өөрийн алдаанаас суралцдаг бол цэцэн хүн бусдын алдаанаас суралцдаг. Цэцэн байх нь ухаалаг байснаас дээр гэсэн үг. Учир нь илүү ашигтай байдаг. Энэ бүхэн л яагаад гурав дахь асуулт чухал вэ гэдгийн хариулт юм.










