
Непал-Хятадын (Түвдийн өндөрлөг) хилийн ойролцоо өчигдөр буусан үерийг мөнх цаст уулын хормойн мөсний хэсэг тасран, хэдэн зуун метрийн доорх хөндий рүү урссанаас үүдсэн байж болзошгүй гэж шинжээчид Planet Labs компанийн хиймэл дагуулын зурагт үндэслэн мэдэгдлээ.
Мөнх цаст уулын хормойн мөс юунаас болж тасарсан нь одоогоор тодорхойгүй байна. Харин Непал улсын албаны хүмүүс уг бүс нутагт хэдхэн минутын өмнө болсон газар хөдлөлт мөнх цаст уулын хормойн мөс тасрахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Хоёр талын эрх баригчид амь үрэгдэгсдийн тоо одоогоор олдсон 100 орчим цогцосноос хавьгүй их байх гэж түгшиж байна. Непалын Засгийн газрын мэдээлснээр 300 гаруй хүн сураггүй алга болоод байгаа юм.
Ройтерс агентлаг Planet Labs-ийн гамшгийн өмнөх болон дараах хиймэл дагуулын зургуудыг шалгахад өмнө нь ногоон өнгөтэй байсан уулын хажуу одоо бор шавар, чулуулаг, хурдас шороонд бүхэлдээ дарагдсан байна.
Энэтхэгийн Сиккимийн их сургуулийн инженер-геологийн мэргэжилтэн, багш Викрам Гупта:
Энэ үер буухад мөнх цаст уулын хормойн мөсний нэлээд том хэсэг нурсан нь зурагнаас батлагдаж байна. Мөн их хэмжээний чулуу, хурдас шороо гол даган уруудсан бололтой.
гэж хэлжээ.
Канадын Калгаригийн их сургуулийн шинжлэх ухааны профессор Дэн Шугар хиймэл дагуулын зургаас дараах дүгнэлтийг хийжээ. Тэрээр гамшгаас өмнөх 24 цагийн хугацаанд их хэмжээний цас хайлсан шинж ажиглагдаж байна гэсэн байна.
Дэн Шугар:
Өчигдөр хөндийн мөнх цаст уулын хормойн мөс байсан газар өнөөдөр нүцгэрсээ байна. Өөрөөр хэлбэл, цаг агаарын дулаарлаас болсон байж магадгүй.
гэж тайлбарлав.
Гэхдээ тухайн бүсийн цаг уурын станцын мэдээллийг хараахан шалгаагүй гэдгээ онцолсон байна.
НҮБ-ын мэдээлснээр Непалын мөнх цаст уулс 30 гаруй жилийн хугацаанд мөснийхөө бараг гуравны нэгийг алджээ. Мөн НҮБ 2023 онд мэдээлэхдээ, Энэтхэг болон Хятад гэсэн дэлхийн хоёр том нүүрстөрөгч ялгаруулагч орны дунд орших Непалын мөсөн голуудын хайлах хурд сүүлийн арван жилд өмнөх арван жилийнхээс 65 хувиар нэмэгдсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Дэн Шугар:
Өнөө өглөө Planet Labs-аас авсан хиймэл дагуулын зургийг харахад мөнх цаст уулын хормойн мөсний хэсэг ойролцоогоор 5'200 метрийн өндрөөс тасран нурж, түүнээс 1'200 орчим метрийн доорх хөндийн ёроолд унасан байна.
гэж мэдэгдсэн.
Тэрбээр гамшигт барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил мөн тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болохыг хэлээд, уур амьсгалын өөрчлөлт ямар үүрэг гүйцэтгэсэн эсэхийг цаашид нарийвчлан судлах нь гарцаагүй гэжээ.
Гамшигт хамгийн их өртсөн Расува дүүрэгт хэд хэдэн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус дүүрэг ойролцоогоор 50 мянган хүн амтай юм.
Непалын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний газар мэдээлэхдээ, “Мөнх цаст уулын үер” Лхэндэ голын сав газарт болсон бөгөөд уг үйл явдал Балба-Хятадын хилийн боомтоос зүүн хойд зүгт ойролцоогоор 20 км-ийн зайд болсон хөрсний нуралтаас үүдсэн гэжээ.
Анхны мэдээллүүдэд тухайн бүс нутагт болсон газар хөдлөлт нь цасан болон мөсөн нуранги үүсгэж, улмаар үерийг өдөөсөн байж болзошгүй гэж мэдээлж байсан.
Гэвч тус байгууллагын геологич Пракаш Покхарел газар хөдлөлт гамшгийг өдөөсөн эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг мэдэгдсэн. Тэрбээр Planet Labs-ийн хиймэл дагуулын зургуудыг мөн шалгажээ.
Покхарел:
Гэнэтийн үер Непалын талд болсон мөс, чулууны нурангиас үүдэлтэй.
гэж мэдэгдсэн байна.
Хиндукуш-Гималайн бүс нутагт үер, хөрсний нуралт, цасан болон мөсөн нуранги, ган гачгийн давтамж, эрчим улам нэмэгдэж байгаа. Тус бүс нутгийн ус, газар нутаг, агаар мандалд гарч буй хурдацтай өөрчлөлтүүд нь хүн амд ноцтой аюул заналхийлж байгааг Уулын бүсийн хөгжлийн олон улсын нэгдсэн төв (ICIMOD) анхааруулжээ.
Тус байгууллагын мэдээлснээр энэхүү гэнэтийн үер, шавар, хурдас болон асар том бул чулуунуудыг хүчтэй түрж, Бхоте-Коши болон Тришули голын ай саваар доош урсгасан байна.
Мөн үерийн урсгалын улмаас Галчхи голын усны түвшин ердөө 30 минутын дотор 9 метр буюу 30 фут хүртэл нэмэгдсэн гэж мэдээлжээ.










